Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад хүрэлцэн ирлээ

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд хүндэт харуулын цэрэг жагсаж, узбекийн талаас Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны Ерөнхийлөгч И.Каримовын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-тай уулзана.