Монгол Улсад 3.4 сая ухаалаг гар утас хэрэглэгч байгаагаас 64 хувь нь 4G өндөр хурдны интернэттэй

Улс төр

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын мэдээллийн технологийн салбарын байгууллага, мэргэжилтэн, судлаачдын “Цахим шилжилтэд анхаарах асуудал” сэдэвт анхдугаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг уулзалт, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх Бодлогын зөвлөл, Хилийн чанад дахь Монголчуудын технологийн зөвлөл, Монгол-Солонгосын мэдээлэл, технологи, харилцаа хөгжлийн холбоо, БНСУ-ын Дижитал байгууллагуудын холбооны төлөөлөл зэрэг нийт 70 гаруй оролцогч танхим болон цахим хэлбэрээр оролцов.

 

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал  “Мэдээллийн технологийн салбарыг бодлогын түвшинд дэмжих зорилгоор Улсын Их Хурлаас 2018 онд Цахим бодлогын түр хороог байгуулсан бол 2022 онд үйл ажиллагааг нь өргөжүүлэн Инновац, цахим бодлогын байнгын хороо болгосон. Байнгын хорооноос төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийг зорьж ажилладаг. Өнгөрөгч онд цахим хөгжлийг дэмжих Нийтийн мэдээллийн ил тод байдлыг тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай багц хуулийг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан нь манай улс цахим шилжилт, цахим эдийн засгийн хөгжилдөө хэрхэн анхаарч байгааг илтгэж байгаа гэж үзэж байна” гэв.

Манай улсын хүн ам цөөн ч өнөөдрийн байдлаар гар утас хэрэглэгчийн тоо 4.3 саяд хүрчээ. Үүний 3.4 сая ухаалаг гар утас хэрэглэгч байгаагаас 64 хувь нь 4G өндөр хурдны интернэт хэрэглэдэг байна. Нийт ухаалагч гар утас хэрэглэгчдийн 93 орчим хувь нь санхүүгийн байгууллагад данстай бөгөөд 22 орчим хувь нь уг дансаа гар утсаараа дамжуулан удирддаг байна. Ухаалагч гар утас хэрэглэгчдийн дийлэнх хувь буюу 2.5 сая хэрэглэгч нийгмийн сүлжээнд идэвхтэй оролцдог. Мөн нийт 96 их, дээд сургуульд 160 орчим мянган оюутан суралцаж байгаагийн 2.3 хувь нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын чиглэлээр суралцдаг аж.