Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн хичээлийг нэгэн зэрэг эхлүүлэхгүй

Улс төр

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Нийслэлийн ачаалал   есдүгээр сарын 01-нд хэд дахин нэмэгддэг учраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгэн зэрэг эхлүүлэхгүй. Их дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийг үе шаттайгаар зохион байгуулна.

Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 34 мянган хүүхдийн 23  мянга  нь хоёр настан байна. Гурав, дөрөв, таван настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж 80-90 хувьд хүргэсэн. Харин одоо хоёр настай  хүүхдүүдийг цэцэрлэгт хэрхэн хамруулах шийдлийг гаргаж байна.  Одоогоор тэднээс 22  мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах юм. Ингэхдээ

Хамран сургах тойргийг шинэчлэн төлөвлөсөн. Зөвхөн төрийн өмч бус хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний газруудын хүчин чадлыг тооцож, төлөвлөснөөр хүүхэд гэрийнхээ ойролцоо цэцэрлэгт хамрагдах боломжийг нээсэн.

Бид 34 мянган хүүхэд өөрийн бүртгэлийн хаягт байгаа эсэхийг хянаж байна.

 УИХ-аас баталсан 100 тэрбум, НИТХ-ын баталсан 70 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хангамжийг бүх насанд 80-90 хувьд хүргэж байна.

Иргэд “Е-Mongolia” системд хаягаа баталгаажуулж, цэцэрлэгт хамрагдах хүүхдийнхээ мэдээллийг оруулан, тоон гарын үсгээ авах шаардлагатай” хэмээн мэдээллээ.

ЕБС-д 2022-2023 оны хичээлийн жилд 760  мянган хүүхэд хүлээж авна. Нэгдүгээр ангид 50 мянган  хүүхэд элсэн суралцаж, өнгөрсөн жилээс хүүхдийн тоо 40  мянгаар нэмэгдэх тооцоолол гарчээ. Шинээр 40  мянган  хүүхэд нэмэгдэж байгаа учраас 12 сургууль гурван  ээлжээр хичээллэж магадгүй  аж. Гуравдугаар ээлжээр хичээллэх 12 мянган хүүхдийн 6500-г нь хичээлийн байр түрээслэх байдлаар хоёр ээлжинд шилжүүлэхээр зохион байгуулалт хийж байна. Улсын хэмжээнд 36 сургууль, 37 цэцэрлэг, долоон дотуур байрыг ашиглалтад оруулна. Нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, таван сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно.