Ц.Буянцогтоо: Монгол Улс геополитик талаасаа “жийрэг улс” гэх ангилалд багтана

Нийгэм, Эдийн засаг

азрын баялгаа хямд үнээр гадагшаа урсгах болсноор амьдрал сайжирсан мэт үзэгдэж байгаа ч, ямар ч дэвшилд хүрсэн юм алга-

Евразийн Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Ц.Буянцогтоотой Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.

-Сүүлийн үед геополитик гэж их ярих боллоо. Геополитикт ямар ямар асуудал багтаж байна вэ, яагаад энэ тухай түлхүү ярих болов?

-Бидний амьдарч буй энэ цаг үед дэлхийн хоёрдугаар дайнаас нааш оршиж ирсэн дэлхийн дэг журам өөрчлөгдөх үйл явц эхэлчихлээ гэж үзэх болсон. Үүнийг геополитикийн эрин эргэж ирлээ гэж яриад байгаа юм. Геополитик гэж дэлхийн улс гүрэн хоорондын сөргөлдөөн тэмцэлдээнийг газар зүйн хүчин зүйлд тулгуурлан судалж тайлбарлах зорилготой олон улс судлалын онолын нэг чиглэл. Улс гүрнүүд мөнхийн сөргөлдөөн дунд оршино. Хүчтэй нь хүчгүйгээ залгих гэдэг цор ганц зарчим үйлчилнэ. Тийм учраас дайн гэгч үзэгдэл устаж үгүй болохгүй. Сөргөлдөгч гүрнүүд хоорондоо дайн хийж, ялсан тал өөрийн үзэмжээр дэлхийн дэг журмыг тогтоосон хойно  тодорхой хугацаанд энх тайван тогтоно. Дэлхийн дэг журмыг тогтоон хянаж буй хүчирхэг гүрнийг жанжлагч гүрэн гэнэ. Явцын дунд өөр улс хүчирхэгжин гарч ирэх үед дахиад л сөргөлдөөн ширүүснэ. Шинээр гарч ирсэн улс урьдын жанжлагч улсын байр суурийг булааж авахыг санаархана. Геополитикийн өнцгөөс авч үзвэл дэлхийн түүхнээ ийм л үзэгдэл давтагдсаар иржээ.

                Жанжлагч гүрэн дэлхийн улстөр, эдийн засаг, аж үйлдвэр гээд бүхий л салбарт нөлөөгөө тогтооно. Дэлхийн хоёрдугаар дайны дараа  тогтсон АНУ-ын жанжлал энэ хүрээд янз бүрийн шалтгаанаар сулран доройтох боллоо. Нөгөө талд Хятад улс түүнтэй өрсөлдөн гарч ирж байна. Хятад улс АНУ-ын байр суурийг эзлэхийг санаархаж буй нь геополитикийн үүднээс жам ёсны гэмээр үзэгдэл. Оросын Холбооны Улс байр сууриа бэхжүүлэхийн тулд АНУ тэргүүтэй барууны улсуудын эсрэг хүчтэй хариу бодлого явуулж байна. Украины хэрэг явдал бол үүний тод жишээ боллоо. Их гүрнүүдийн хүчний харьцаа эвдэрч, сөргөлдөөн ихсэж байгаа учраас геополитикийн тухай сэдэв өнөөдөр дэлхий дахины анхаарлын төвд байна.

-Монгол Улсын хувьд геополитикийн тухайд юунд анхаарч хэрхэн зүг чигээ тодорхойлох ёстой юм бол?

-Монгол Улс геополитик талаасаа “жийрэг улс” гэх ангилалд багтана. Жийрэг улсын хувь тавиланг өнөө л геополитикийн үндсэн тоглогч их гүрнүүд шийднэ. Энэ бол дэлхийн геополитикийн бултаж болшгүй хатуу үнэн. Жижиг улс нь их гүрнүүд хоорондын сөргөлдөөн дунд үрэгдэж үгүй болох, тэдний тоглоом болоод дуусчихгүйн тулд асар их хүч ухаан зарах хэрэгтэй. Манай улсын тухайд үндэсний эв нэгдлээ бэхжүүлж, гадаад харилцаа тал дээр нэгдмэл, ухаалаг бодлого хэрэгжүүлэх ёстой тийм цаг үе ирж байна. Үүний тулд урьдаар их гүрнүүдийн бодлого, үйл хөдлөлийг нарийн ажиглаж, судалж мэдэж байх хэрэгтэй. Түүний үндсэн дээр юу хийх вэ, яаж хийх вэ гэдгээ төсөөлөх ёстой болов уу.

-Та дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна гэлээ. Гол шалтгаан нь юу юм бол. Энэ өөрчлөлт манай улсад хэрхэн тусах вэ?

-Дэлхийн дэг журмыг тогтоогч жанжлагч гүрэн АНУ-ын хүчин сулрахтай зэрэгцээд Хятад хэмээх өрсөлдөгч улс гарч ирж, дэлхийн дэг журамд хүчний тэнцвэр алдагдаж байгаагаас эхтэй шинэ дэг журам, шинэ жанжлалын төлөөх дайн болж байна гэж үзэж болно. Үүнээс улбаалаад дэлхийн улстөр, эдийн засгийн нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж эхэллээ. Энэ үзэгдлийн үндсэн шалтгаан юу вэ гэвэл, юун түрүүн, АНУ-ын өөрийнх нь дэлхийн нийт эдийн засагт эзлэх хувь хэмжээ багасаж, эдийн засгийн хүчин чадал нь суларч буйтай холбоотой. Одоогийн байдлаар АНУ худалдан авах чадвараар тооцсон үнэлгээгээр дэлхийн ДНБ-ий 15 орчим хувийг эзэлж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ тоо бараг 50 хувь байсан бол цагийн аясаар ийнхүү багассаар ирлээ. Нөгөө талаас, Хятад улс хүчирхэгжиж гарч ирж байна. Худалдан авах чадвараар тооцсон үзүүлэлтээр Хятадын эдийн засаг Америкаас давж гарсан. Тэр хэрээр цэрэг зэвсгийн хүчээ асар ихээр нэмж байна. Хятад улс өдгөө тэнгисийн цэргийн хүчин чадлаар дэлхийд тэргүүлж байгаа. Энэ мэтчилэн АНУ-ын хүч нөлөө суларч, улмаар дэлхийн дэг журмын төлөөх өрсөлдөөн ширүүсч байгаа нь дэлхийн улстөр, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөх суурь шалтгаан болж байна. Өнөөдөр болж буй Украины дайн ч гэсэн дэлхийн дэг журамд томоохон өөрчлөлт гарч, геополитикийн сөргөлдөөн эхэлсний шинж юм. Энэ үйл явц цаашид ямар хугацаанд, хэрхэн өрнөхийг таахад хэцүү.

                Манай улсад ямар нөлөө үзүүлж болохыг бид тал бүрээс нь нарийвчлан судалж үзэх хэрэгтэй. Юун түрүүн, Украины хямралаас бид их гүрнүүдийн сөргөлдөөнөөс болж жижиг улс, тэр тусмаа манайхтай адил жийрэг улс дайны хөлд үрэгдэх магадлалтай юм байна гэдгийг ухаарч ойлгож авах учиртай. Ердөө 2014 онд “Майданы ардчилсан хувьсгал - Орэнж хувьсгал” гэгчийг хийж, жинхэнэ ардчилсан засагтай боллоо гэж хөөрцөглөж, АНУ, баруунтай нягт нөхөрлөнө, НАТО-д элсэнэ гэж явсан Украин улс өнөөдөр бараг газрын хөрснөөс арчигдаж устаж үгүй болох аюултай нүүр туллаа. “Их гүрнүүд жижиг буурай улсыг өчүүхэн ч хайрладаггүй юм байна, Ардчилал гэдэг чинь бас аюултай эд юм байна” гэх мэт дүгнэлтийг юун түрүүн хийх ёстой байх гэж бодож байна. Эдийн засгийн хүндрэл ирэх нь зайлшгүй болж байна. Үүнд бэлдэх хэрэгтэй. Чухал хэрэгтэй зүйлдээ мөнгөө хэмнэлттэй зарах, хүнсний хангалтаа онцгой анхаарах ёстой болж байна. Бүх зүйлийг урьдчилан тооцоолж, төлөвлөхийг хичээх хэрэгтэй.

-Тэгвэл Монгол Улс энэхүү улстөр, эдийн засгийн өөрчлөлтөд бэлэн байж чадаж байна уу?

-Юун тэрэнтэй манатай. Сүүлийн 32 жил ардчилал гэгч хоосон зэрэглээ шиг үзэл суртлаар зэвсэглэж, хөөрцөглөж давхиад ямар ч олигтой хөгжил дэвшилд хүрч чадсангүй. Даяарчлалын нөлөөгөөр дэлхийн бараа таваар нийлүүлэлтийн сүлжээнд хамрагдаж, газрын баялгаа маш хямд үнээр ямар ч хяналтгүйгээр гадагшаа урсгах болсноор өнгөн дээрээ ахуй амьдрал сайжирсан мэт үзэгдэж байгаа ч, агуулгын хувьд ямар ч дэвшилд хүрсэн юм алга. Ковидын хоёр жилд барааны нийлүүлэлт удаашрах үед манай эдийн засагт хүндрэлүүд гарч, олон компани хаалгаа барихад хүрлээ. Барааны үнэ бараг 25 хувиар нэмэгджээ. Компаниудаа, ажил олгогчдоо дэмжих бодлогыг уг нь жирийн үед ч идэвхтэй явуулж байх ёстой. Гэтэл, цар тахлын үед ч энэ чиглэлээр олигтой юм хийсэнгүй. Харин, хавтгайруулж мөнгө тараахыг хамгийн сайн чаддаг юм байна. Цахилгаан эрчим хүчний үнийг хавтгайруулан чөлөөлөх шаардлага үнэндээ байгаагүй. Түүний оронд ажил олгогчдоо дэмжих оролдлого хийсэн бол илүү чухал байлаа. Ирж байгаа өөрчлөлтөд бид бэлэн биш байна. Юу болох гээд байгааг ойлгохын тулд хаа хаанаа судалж суралцаасай.

-Монгол Улсын өр 33 тэрбум ам.доллар давчихсан. Гэтэл ковид, Орос, Укрианы асуудал дэлхийн эдийн засагт сэхэл өгөхгүй боллоо. Манай улс ч өрөө төлж чадахгүйд хүрч мэднэ гэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Өрөө төлж чадахгүйд хүрч, дампуурал зарлах өндөр магадлалтай. Энэ бол манай эрхэм улстөрчдийн хийсэн ажлын бодит үр дүн мөн биз дээ? 2016 оныг хүртэл Чингис бонд гээд 1.5 тэрбум ам.долларын өр тавьж байв даа. 2016 оноос хойш өдгөө хүртэл МАН засгийн эрх барихдаа тэр өрнөөс гурав  дахин их өр тавиад үрэн таран хийсэн сурагтай. Тэр их мөнгийг юунд зарсан юм бол? 2016 оныг хүртэл улс даяар зам тавих ажил хийсэн гэх мэтээр ямар ч байсан тодорхой тайлагнах зүйлүүдтэй байсан санагдана. Аж үйлдвэрийн хөгжилд зориулж багагүй хувийг зарсан байв даа. Өнөө хөгжлийн банкны зээл энэ тэр чинь тэр шүү дээ. Гэтэл, МАН-ын үед авсан тэр их мөнгө хаашаа оров? ЖДҮ нэрээр хувааж авсан тал бий байх. МАН-ыг засаг барьж байх өнгөрсөн хэдэн жилд түүхий эдийн үнэ харьцангуй өндөр байж ирлээ. Тийм учраас ковидын үеэр цахилгааны үнийг хавтгайруулан чөлөөлсөн нь тэр шүү дээ. Асар үрэлгэн бодлого явуулсаар байна. Дефолт дампуурал зарлаад, улстөрчид сурсан зангаараа гадаад руу оргон зайлсны дараа та бидний нуруун дээр улсын маань бүх асуудал бууж ирэх байх даа.

- Ер нь энэ өрийн асуудлыг дунд, урт хугацаанд хохирол бага шийдвэрлэх арга зам байгаа болов уу?

-Өнөөдрийн энэ “буруу номын” улстөрөөс ямар ч олигтой үр дагавар хүлээх боломжгүй дээ. Ковидын хугацаанд гэхэд аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд засаг төрөөс хичээл зүтгэл гаргах ёстой байдаг юм байна гэдгийг ч ухаарч авч чаддаггүй, ийм буруу ишилсэн сүх аятай бодол сэтгэлгээнээс салаагүй цагт бид тийм үр ашигтай арга замыг олж чадна гэдэгт итгэхгүй байна. Хамгийн гол нь бид хөгжлийн замаа олоод түүгээрээ замнаад эхэлчихсэн байх тохиолдолд гадаадаас авсан өрийн учрыг яаж ийгээд олж чадна. Аж үйлдвэр гэхээр юмгүй, хөдөө аж ахуй, хүнсний салбар нь хөл дээрээ босоогүй, ерөөсөө хөгжиж дэвжих замаа олоогүй, толгой тархи, бодол санаа нь цэгцрээгүй, луйварчдаар удирдуулсан ийм улс асуудлыг зөвөөр шийдэх боломжгүй гэж бодож байна. Нэг мөр дампуураад гэмт хэрэгтнүүд гадаад руугаа зугатаж алга болсны дараа хэдүүлээ яах ийхээ ярьж эхлэх нь зөв байх. Өнөөгийн улстөрийн энэ соёл, сэтгэлгээ оршиж байгаа цагт бид хэзээ ч ойлголцохгүй байх.

-Монгол Улс асар их баялагтай, цөөн хүн амтай  ч эдийн засаг нэг л сэхэл авахгүй, иргэдийн амьдрал уруу дорой байгаа шалтгааныг та судлаач хүний хувьд юу гэж үздэг вэ?

-Гол шалтгаан нь АРДЧИЛАЛ-ыг буруу ойлгож, буруу хэрэгжүүлж байгаад оршино. Ардчилал гэдэг бол уул нь Төр барих эрхийг ард түмэнд олгоно гэсэн утгатай, тийм тогтолцоог заасан үг. Ардчиллыг “Ардын эрхэт төр” гэж дээр үед манай ахмад үе хэлж байж. Ард түмэнд улстөрийн эрхийг олгох тогтолцоо бол ардчилал юм. Манай энэ сонгууль чинь л ардчилал юм. Бид ардчиллыг хангалттай түвшинд бүтээж, хэвшүүлж чадсан улс.

                Ардчилал гэдэг үзэл сурталтай хамт жанжлагч гүрний хорон муу санаархал хамт шингээстэй явааг бид ойлгохгүй, хоосон зүүд зэрэглээ мэт энэ үзлийг хэт шүтэж, төрөө бүтээж хүчирхэгжүүлэх биш, харин ч яг түүний эсрэгээр төрөө хүчгүй болгож, нийгмээ устгаж үгүй хийх үйлдлийг хийсээр өдий хүрч ирлээ. Чөлөөт зах зээлийн онол гэгчийг шүтсээр улс орноо босгочихсон жишээ энэ дэлхий дээр байхгүй. Ганц хоёр боомт улс, мөнгө угаах зорилготой зарим нэг арал улсыг санхүүгийн чөлөөт бүс болгосноос өөр тийм зарчмаар хөгжсөн жирийн улс нэг ширхэг ч байхгүй. Хөгжиж дэвжсэн бүх улс эхэн үедээ эдийн засаг, аж үйлдвэрээ хамгаалах, тусгай бодлогоор урамшуулах төрийн хүчтэй бодлого, манлайллын дор хөгжиж босож ирсэн түүхтэй.

                Манай улсын байгалийн баялгийг чөлөөтэй олборлож, мөнгийг нь гадаадын офшоорт байрлуулж буйгаа чөлөөт зах зээлийн онол гэгчээрээ зөвтгөсөөр байна. Байгалийн баялаг бол бүх ард түмний өмч гэж бид үндсэн хуульдаа заасан буй. Тэр баялгийг хэдэн цөөнх тийм замаар эзэмшиж байгаа нь өнөөгийн энэ тэнгэрт хадсан баян хоосны ялгаварыг үүсгэж байна. Төрийг хулгайч луйварчдаар дүүргэж байна. Ардчилал, Хүний эрх, Эрх чөлөө, Чөлөөт зах зээл, “Төр хамгийн муу менежер”, “Бүгдийг хувьчлах ёстой”... гэх мэт улиг болсон үгс, сэтгэлгээнээс салаагүй цагт өөдлөхгүй ээ. Төрийн тухай зөв мэдлэгтэй болж Төрөө жинхэнэ ёсоор засаж эхлэхээс бүх юм хамаарна.

-Та судлаач хүний хувьд Монголын эрх баригчид  сүүлийн 30 жилд алсыг харсан бодлого чиглэл хэрэгжүүлж  ирсэн эсэх тал дээр ямар  дүгнэлт хийдэг вэ?  

-Ямар ч алсыг хараагүй явж ирлээ. Харин ч, соц үед оршиж байсан Төрөө, Нийгмээ устгаж үгүй болгох ажлыг амжилттай хийж ирлээ гэж үзэж байна. “Алсын хараа 2050” гэх мэт улсын хөгжлийн алсын хараа болсон бодлого стратеги боловсруулж гаргасан л гэдэг юм. Тэр нь яг юу юм, бид хаашаа явах юм, яах гэж байгааг энгийн бид ойлгоогүй л явна. Тийм учраас бид өнөө хэр алсын хараагүй л яваа гэсэн үг. Төрийн алсын хараа гэгч зүйл бол хүн бүрт хүрч ойлгогдсон байх ёстой. Манай улс ийм замаар замнаж яваа, түүний төлөө төр засаг ажиллаж байгаа, бид тэр бодлого ажиллагаатай нь ингэж тэгж зохицоод явна гэх мэтээр тодорхой төсөөлөлтэй болсон байх учиртай. Ямар нэг байдлаар нэгдмэл ойлголтод хүрсэн байх ёстой. Бидэнд тийм юм байхгүй биз дээ. Харин ч эсрэгээрээ төр засгийнхны ярьж хэлж буй болгон нь ойлгомжгүй, уур эгдүү хүргэсэн, тийм л үг үйлдлүүд байсаар байгаа биз дээ...

-Манай улс төрчид, эрх баригчид болоод байна, бүтээд байна гэдэг. Тэгээд их амархан хөгжил дэвшилд хүрчих бололтой юмаа ярьсаар л байна. Үүнтэй санал нийлэх үү?

-Баланцагных нь тийм юм байх вэ дээ. Төрийг хүчгүй болгох, улмаар байхгүйгээс ялгаагүй болгож устгах үзэл шингэсэн “БУРУУ НОМЫН АРДЧИЛАЛ”-аас салаагүй цагт хэзээ ч хөгжил ирэхгүй. Манай улстөрийн сэтгэлгээ бүхэлдээ буруу. Яагаад ийм болсны шалтгаан нь АРДЧИЛАЛ. Буруу АРДЧИЛАЛтай холбоотой. Манай улстөрчдөд тийм ухаан байсангүй. Ардчиллыг байх ёстой хэмжээнд нь ойлгоод, харь гүрний дэлхийг жанжлах бодлогыг нь ялгаж салгаж авч үзэх ёстой. Улстөрийн намуудын менежментийн соёл, үзэл санаа, жанжин шугам бүгд дампуу. Төрөө дээдэлсэн, төрөө засаж бэхжүүлэх тухай үзэл бодол тэнд огтхон ч байхгүй. Энэ байдлыг язгуураар нь өөрчлөөгүй цагт бид асуудлаа шийдэж чадахгүй. Өнөөгийн энэ дампуу улстөрд зангуу адил шивсэн луйварчин сэтгэлгээтэй улстөрчдөөс бид тийм ч амархан салчихгүй бололтой...  Энэ хүнд байдлаас яаж гарах вэ гэвэл ард түмэн бултаар хүчээ нийлүүлж тайван замаар тэмцэх нь л хамгийн чухал гарц гэж бодож байна.

-Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт хийсэн. Өнөөдөр дахиад өөрчлөх тухай яриад  уг асуудлаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахаар явчихлаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Энэ үйл явдал “буруу улстөр”, “буруу улстөрчид” манай улсыг мөхөөж сөнөөх зам руу нь хөтөлж явна гэдгийн тов тод нотолгоо болж байна. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийг хийхдээ МАН гэгч нам маш их “пээдийж”, хүчээр түрж байгаад хийж байв даа. Мань мэтийн санал шүүмжийг нохой хуцахын дайны ч авч хэлцээгүй дэг. 1992 оны үндсэн хууль ч, 2019 оны нэмэлт өөрчлөлт ч ялгаагүй “бантан” болсон зүйл гэж би үзэж буй. Нэгдүгээрт, бид энэ этгээдүүд яг ямар зорилгоор үндсэн хуулийг өөрчлөх гээд унав гэдэг дээр маш сайн шахаж, асуулга тавьж тайлбарыг нь сонсох хэрэгтэй.

                Үндсэн хуулийг өөрчлөх ёстой юу гэвэл өөрчлөх ёстой. Үндсэн хуулийн хамгийн ноцтой дутагдал бол төрийн эрх мэдлийн хуваарилалт юм. Энэ тал дээр дэлхий дээр хаана ч байхгүй бантанг манай Үндсэн хуульд  зуурч өгөөд 32 жил боллоо. Үүнийг засах ёстой. Төрийн эрх мэдлийг Гүйцэтгэх засаг, Хууль тогтоох засаг, Шүүх засаг гэсэн гурван тулгуурт эн тэнцүү салгаж хуваарилах ёстой. Одоо бол манайд УИХ гэх хууль тогтоох засаг нь бүхний толгой дээр гарчихаад хамаг бантанг хутгаж байна. Олон хүнд гол эрх мэдлийг өгчихвөл өнөөх ардчилал гэгч нь жинхнээсээ бүрэлдэнэ гэж ойлгосон бололтой юм. Засгийн газрын тэргүүнд эрх мэдэл өгчихвөл харийн нөлөө орж болзошгүй гэж болгоомжилсон гэнээ. Үр дүнд нь дэлхийн түүхнээ хаана ч байхгүй, хачин бантан болж хувирсан хэрэг. Тэргүүнгүй төр бий болжээ. Уг номоороо бол Гүйцэтгэх засаг нь Хууль тогтоох засгаа тараах эрхтэй байх ёстой. Ингэж байж энэ хоёр засгийн хооронд эрх мэдэл, хүчний тэнцвэрт харьцаа үүсэж байгаа юм. Өнөөгийнх шиг УИХ нь абсолют утгаар бүхний дээр гарах ёсгүй. Парламентыг тарааж буй нь болохгүй бүтэхгүй байгаа газрыг шийтгэж байгаа гэсэн утга биш, үүссэн улстөрийн асуудлыг сонгуулийн аргаар, ардчиллын зарчмаар шийдэж байгаа хэрэг юм. Энэ логикийг манайхан ойлгохгүй байна. Гүйцэтгэх засаг, Хууль тогтоох засаг хоёр эн тэнцүү эрх мэдэлтэй байх ёстой. Дашрамд хэлэхэд энэ зарчмыг хамгийн сайн хэрэгжүүлсэн нь Ерөнхийлөгчийн засаглал. Манайх Ерөнхийлөгчийн засаглалыг сонгохгүй гэж байгаа бол одоо байгаа парламентын засаглалаа байх ёстой зөв логикоор нь залруулж засах хэрэгтэй. Парламентыг хугацаанаас нь түрүүн тараах механизмыг бүрдүүлэх ёстой гэсэн үг. Өнгөрсөн 32 жилд 17 Засгийн газар ажиллажээ. Гэтэл ганц ч удаа УИХ-ыг хугацаанаас нь урьд тарааж сонгууль явуулсан тохиолдол байхгүй. Ийм юм байж болохгүй л дээ. Сонгуулийг ер нь аль болох ойр ойрхон хийх ёстой, өнөө Ардчиллын онолоор бол. Дэлхий дээр гол төлөв хоёр жил тутам сонгууль хийх практик түгээмэл байна. Сөөлжлөх хэлбэрээр явуулна. Эсвэл ерөөсөө хоёр жилийн бүрэн эрхийн хугацаатай парламенттай байх нь ч цөөнгүй.

-Үндсэн хуульд дахиад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа энэ удаагийн санаачилгад ямар шалтаг, шалтгаан бий гэж та харж байна вэ?

-Энэ луйварчдад ямар санаа байгааг би үнэндээ мэдэхгүй байна. Лавтай хэлж чадах юм бол тэд Монголын төлөө гэх сэтгэлээр ийм юм хийх гээгүй нь ойлгомжтой. Харин миний хувьд өнөөг хүртэл оршиж ирсэн бантан болсон үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий гэж үздэгээ дээр тайлбарлалаа. Хамгийн гол шалтгаан бол Төрийн эрх мэдлийг салгаж хуваарилах тал дээр хаана ч байхгүй бантан зуурсныг засах явдал мөн л дөө.

                Гишүүдийн тоо 76 байгаа нь дэндүү цөөн. Нэг жишээ дурдахад, Израил улс 1948 онд байгуулагдахдаа 800 мянга гаруйхан хүн амтай байж. Тэр үед яг манайх шиг нэг танхимтай парламентыг сонгож 120 гишүүнтэй байхаар хуульчилжээ. Өнөөдөр хүн ам нь 9 сая гаруй болсон ч 120 гишүүнтэй хэвээр байна. Тиймээс хүн амын тоо, сонгогчийн тооноос хамааруулаад парламентын гишүүний тоог тогтооно гэх юм байдаггүй гэдгийг ойлгоё. Хэт цөөхөн байвал элдэв лоббид өртөх нь амар байж таарна. Манай энэ 76 гишүүн чинь засгийн газрыг шаналгаж элдэв юм гуйсаар ажлыг нь хийлгэдэггүй гэдэг. Завхарсан тогтолцоо. Ердөө 19-хөн гишүүн нийлж гарын үсэг зураад ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөж тавьж болох жишээтэй. Гүйцэтгэх засаг нь Хууль тогтоох засгийнхаа атганд орчихоод ажлаа явуулж чаддаггүй ийм жишиг дэлхий дээр байхгүй. 

-Үндсэн хуульд дахиад нэмэлт өөрчлөлт оруулснаар дэлхийн улс төр, эдийн засгийн өөрчлөгдөж буй чиг хандлагатай хөл нийлүүлж чадах болов уу?

-Чадна гээд зүтгэвэл мэдээж чадах ёстой. Гэхдээ энэ луйварчдын үүр болсон намд даатгаад хаявал яагаад ч чадахгүй.