ӨВӨРХАНГАЙ ЯПОН УЛСЫН ТАКИКАВА ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Улс төр
Япон Улсын Такикава хотын Гадаад харилцааны нийгэмлэгийн тэргүүн Мизүгүчи Нориказү Арвайхээр хотноо хүрэлцэн ирж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Өвөрхангай аймаг Такикава хоттой 2011 оноос хойш газар тариалан, боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаа Такикаво хотын ахлах сургууль, Арвайхээр сум дахь, улсын тэргүүний “Мэргэд” сургууль хооронд найрсаг харилцаа тогтоож, хамтарсан судалгаа хийх, сурагч солилцоогоор туршлага хуваалцах саналтай иржээ.
Мөн “Онцгой байдлын албанд зарлан мэдээллэх зориулалтаар ашигладаг, иж бүрэн тоноглолтой автомашиныг Японоос Өвөрхангай руу ачуулсан, дотор нь хүүхдийн биед сөрөг нөлөөгүй, нуруунд ачаалал бага өгдөг 200 цүнхийг хийсэн. Удахгүй иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн машин хандивлахаар Өвөрхангай руу ачуулах бэлтгэл ажлыг хангаж байна” хэмээн Мизүгүчи Нориказү хэллээ.
Такикава хотоос 2020 онд иж бүрэн тоноглол бүхий гал унтраах автомашиныг манай аймагт хандивлаж байсан. Мөн цагаан будаа, бөөрөнхий сонгино тарих, загвар аж ахуй байгуулах, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг чадавхижуулахад онцгой анхаарч ажилласан юм.