Д.Эрдэнэбаяр: Бид зөвхөн үндэсний түвшинд тэргүүлэх чиглэл яриад байж болохгүй

Улс төр

Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяртай /Ph.D./ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тэр дундаа орон зайн хөгжлийн бодлого буюу эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулсан хэрэгцээ шаардлагын талаар яриагаа эхэлье?

Нэгдсэн үндэстний байгууллагаас авхуулаад дэлхийн ихэнх улс орнууд урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНХАУ II дугаар 100 жилийн бодлого, ОХУ “Хөгжлийн Стратеги", Бүгд Найрамдах Казахстан улс “Казакстаны хөгжлийн Стратеги 2050”, Япон, Малайз улсууд 2050 оноор хөгжлийн бодлогоо төлөвлөж байна.

Маш энгийнээр хэлбэл, бид бүс нутгийнхаа болон хөрш орнуудынхаа урт хугацааны бодлого төлөвлөлттэй уялдуулан өөрийн улсын урт хугацааны бодлогоо тодорхойлох нь эдийн засгийн интеграцид нэгдэн орох, салбарын бүтээн байгуулалтын бодлогоо оновчтой болгох, бүс нутгийн болон хилийн эдийн засгийн бодлогоо оновчтой тодорхойлох чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, боомт, чөлөөт бүс, эдийн засгийн тэнхлэг, коридор, түүнд үндэслэн тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээ байгуулах, гол зангилаа цэгүүд буюу өсөлтийн төвүүдэд үйлдвэр, үйлчилгээ, худалдааны цогцолборуудыг төлөвлөх, хотуудын кластер үүсгэх, агаарын тээврээ хөгжүүлэх гээд урт хугацааны тогтвортой бодлого шаардлагатай салбаруудыг бид богино дунд хугацааны бодлогоор төлөвлөж, хэрэгжүүлэх боломжгүй юм. “Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино” гэж бид ярьдаг нь үүнтэй холбоотой.

-Тус бодлогын баримт бичгийн хүрээнд эхний ээлжид төлөвлөн хэрэгжүүлж буй ямар ажил байна бэ?

“Алсын хараа-2050” бол урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд орон зайн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл салбарын болон орон нутаг, хувийн хэвшлийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийг бид орон зайд буулгаж, уялдаа холбоог хангаж, системчилсэн байдлаар нэгтгэн төлөвлөх шаардлагатай.

Ингэснээр төр хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа үр дүнтэй болдог. Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай, дэд бүтцийн хөгжил сул, хөрөнгө оруулалтын хэмжээ хязгаарлагдмал цаг үед бид хамгийн оновчтой байршил, салбар, төсөл хөтөлбөрийг харилцан уялдаатай байдлаар, цогцоор нь эхний ээлжид хэрэгжүүлж байж хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Бүх салбар, аймагт тэнцүү хуваах зарчмаар хөрөнгө оруулалтаа хуваарилаад байвал бид энэ хавхнаас хэзээ ч гарахгүй гэсэн үг. Олон улсад тэргүүлэх чиглэл, тэргүүлэх байршил, тэргүүлэх төсөл гэсэн ойлголт байдаг. Бид зөвхөн үндэсний түвшинд тэргүүлэх чиглэл яриад байж болохгүй гэсэн үг.

-Орон зайн хөгжлийн бодлого буюу эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх талаар тодорхой танилцуулна уу?

Орон зайн эдийн засгийн маш олон онол, үзэл баримтлал, арга зүй олон улсын түвшинд ашиглагдаж байна. Орчин үеийн онолын чиг хандлага болж буй онолуудаас дурдвал, өсөлтийн туйл, өсөлтийн төвийн онол, эдийн засгийн тэнхлэг, коридорын онол, галт уулын онол, кластерийн үзэл баримтлал зэргийг дурдаж болно. Өөрөөр хэлбэл улс орныг зөвхөн үндэсний түвшинд, макро эдийн засгийн түвшинд төлөвлөх нь хангалтгүй бөгөөд мезо түвшинд орон зайн эдийн засгийн бодлоготой хослуулан төлөвлөх зайлшгүй шаардлагатай.

Иймд нутаг дэвсгэрээ бүсчлэн хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг багасгах замаар бусад бүс нутагтайгаа хорших, дагнах, төрөлжүүлэх зэрэг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хөгжүүлэх нь зүйтэй юм.

Монгол Улсын хувьд дан ганц макро эдийн засгийн бодлогоор хөгжүүлэх нь практик дээр сайн буухгүй байгаатай ижил асуудалтай Франц, ОХУ, БНХАУ, Япон, Казакстан гээд дэлхийн бусад орнууд ч мөн тулгарч, гарц шийдлийг хайсан байдаг. Үр дүнд нь аливаа нутаг дэвсгэр буюу аймаг, сумд нь өөрсдийн ямар нэгэн нөөцдөө тулгуурлан хоорондоо хоршсон, төрөлжсөн, дагнасан олон төрлийн үйлдвэр, үйлчилгээг том, жижиг гэлтгүй хөгжүүлэх нь хамгийн чухал асуудал гэсэн гаргалгааг гаргасан байдаг. Гол нь ямар арга барил ашиглан үр дүнтэй хэрэгжүүлж болох вэ гэдэг асуулттай тулгарч, түүнийгээ шийдсэн нь өөрөө “орон зайн эдийн засгийн бодлого” юм.

-Монгол Улсын хөгжилд өсөлтийн төвүүдийн гол гүйцэтгэх үүргийг энгийнээр тайлбарлавал? Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн бодлоготой хэрхэн уялдах талаар тайлбарлаж өгнө үү.

Хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулах, хүн амын хэт төвлөрлийг зохицуулах зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын хэмжээнд макро, микро бүсчлэлийн хувилбарыг боловсруулсан. Тус бүсчлэлийг эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван бүлгийн 120 орчим шалгуур үзүүлэлтээр математик болон орон зайн загвар хослуулан тооцож боловсруулсан.

Судалгааны үр дүнд Улаанбаатар хотоос гадна Даланзадгад, Ховд, Чойбалсан, Дархан-Уул, Архангай-Өвөрхангай аймгийн дунд нийслэлийн баримжаатай хөгжүүлэх шинэ хотуудыг ирээдүйд өсөлтийн төв болгох нь оновчтой гэсэн үр дүн гарсан. Харин орон нутгийн түвшинд 90 байршлыг дэд өсөлтийн төв болгон уялдуулан төлөвлөх шаардлагатай гэсэн үр дүн гарсан.

Эдгээр байршилд үндэслэн хөрш орнууд болон бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх, гадаад, дотоод зах зээлийг холбосон эдийн засгийн тэнхлэг, коридор, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээ байгуулах, боомт, чөлөөт бүс, тусгай бүс байгуулах замаар хувийн хэвшил, үйлдвэр, үйлчилгээ, худалдааны төвлөрлийг бий болгох, түүнчлэн хуурай боомт, агаарын тээвэр, эрчим хүч, хот байгуулалт зэрэг дэд бүтцийн төслүүдийг уялдуулан төлөвлөх саналыг боловсруулсан. Өөрөөр хэлбэл үйлдвэр үйлчилгээ, иргэдийг орон нутагт төвлөрүүлэх асуудлыг маш тодорхой байршилд үндэслэн цогц төлөвлөлтийн арга зүйгээр системээр нь буюу тогтолцоогоор нь шийдвэрлэдэг олон улсын сайн туршлага байдаг.

Нийгмийн үйлчилгээ иргэн бүрд тэгш, хүртээмжтэйгээр хүрэх тул алслалтгүй төлөвлөлт болох юм. Нөгөө талаас сумаас бэлтгэгддэг бүтээгдэхүүн өсөлтийн төвүүд дэх нэгдсэн зохион байгуулалттай логистикийн төвөөр дамжиж үйлдвэрлэгч, эсвэл эцсийн хэрэглэгчид дундын зуучлагчгүйгээр очих боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр бүтээгдэхүүний өртөг, үнэ буурч хэрэглэгчдэд сайнаар нөлөөлнө.

ЭДИЙН ЗАСГИЙН МИКРО 90 БҮС

-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн “Big data” цахим системийн талаар болон түүний давуу тал нь юу вэ?

Орон зайн бүх төрлийн мэдээллийг онол, арга зүйд үндэслэн боловсруулж, түүний үр дүнд оновчтой байршил, салбар, төслүүдийг тодорхойлох асуудлыг орчин үеийн технологийн тусламжтайгаар гүйцэтгэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад бид орон зай цаг хугацааны хязгааргүйгээр шинжлэх ухаанд суурилсан арга зүйд үндэслэн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн оновчлолыг хийж, түүнийгээ санал болгох, хамтран ажиллах платформыг байгуулах туршилтуудыг хийж байна. Тодорхой үр дүнгүүд гарч байгаа.

Энэ нь үндэсний, орон нутаг, хилийн чанадад байгаа иргэд, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн түвшинд хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар цогц мэдээллээр хангаж, түүний хүрээнд амьдарч буй газарт нь хэрэгжих салбаруудын бүтээн байгуулалтын талаарх мэдээллээр хангаж, оролцоог нэмэгдүүлэх юм. Дэлхийн улс орнууд мэдээлжсэн эринд шилжиж буй энэ цаг үед Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг оновчлох, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад “БИГ ДАТА” хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Монгол Улсын хэмжээнд олон хөгжлийн бодлогууд батлагдсан. Гэвч эдгээрийг хүмүүст сурталчлан таниулах хүргэх тал дээр дутмаг байгаа харагддаг.

Хөгжлийн бодлого нь шинжлэх ухаан судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, улс орны эдийн засаг, нийгмийн онцлогт тохирсон, үндэсний эрх ашигт нийцсэн, бүх талын оролцоог хангасан байх ёстой. Хамгийн гол нь хөгжлийн бодлогыг боловсруулах явцад олон талт оролцоо буюу иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо маш чухал үүрэгтэй байдаг. Улс орны хөгжлийн бодлого нь зөвхөн төр засгийн хийх ажил биш, өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллага, бизнесийн салбарын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол дээр тогтдог онцлогтой. Төр нь хувийн хэвшлийг дэмжиж байж хувийн хэвшлийн үйл ажиллагаа өргөжин тэлж, ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулдаг. Амьжиргааны чанар нь сайжирсан иргэд, бизнес нь амжилтад хүрсэн хувийн хэвшлийнхэн эргээд улсын эдийн засгийг тэлдэг ач холбогдолтой.

Ийм учраас төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь харилцан бие биеэ дэмжих зарчмаар улс орны хөгжлийг хангадаг бодлого байх нь чухал. Ингэхдээ улсын хөгжлийн бодлогын талаар бүх салбарт, бүх түвшинд нэгдсэн нэг ойлголттой болж, нэг зүгт харж байж бодлогын хэрэгжилт амжилттай хэрэгжинэ. Ийм олон талт оролцоог хангасан, нэг ойлголтод хүрсэн бодлого нь хууль шиг хэрэгжих болно.