Б.Батцэцэг: Улаанбаатарын яриа хэлэлцээ нь дэлхийн энх амгалан байдалд хувь нэмрээ яаж оруулах тухай ярилцах талбар болж байна

Улс төр

Зүүн хойд Ази (ЗХА)-йн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал Улаанбаатар хотод болж байна.

Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Ази (ЗХА)-йн яриа хэлэлцээний механизмыг бий болгох зорилго тавьж, 2013 онд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлэн, 2014-2019 онд олон улсын бага хурал зургаан удаа амжилтай хийсэн. Ингэхдээ энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд зохион байгуулж ирснийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бага хурлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Тэрбээр “Цар тахлын улмаас хоёр жил завсарласан ч жил ирэх бүр оролцоо нэмэгдэж байна. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг олон улстай ярилцаж, олон санал бодлыг уралдуулан, салбар хуралдаан хийнэ. Зүүн хойд Азийн орнууд бус Хойд Америк, Ази Номхон далайн бүсийн болон европын орнууд энэ санаачлагад оролцдог болсон нь чухал юм. Хуралд Засгийн газрын төлөөллөөс гадна оролцох эрдэмтдийн тоо нэмэгдсэн. Бид өнөөдөр ямар нөхцөл байдал, нийгэмд амьдарч байгаатайгаа уялдуулаад цаг үеийн асуудлыг ярих шаардлага бий. Улаанбаатарын яриа хэлэлцээ нь энэ талаар болон цаашид дэлхийн энх амгалан байдалд хувь нэмрээ яаж оруулах тухай ярилцах талбар болж байна. Салбар таван хуралдаанаар эрдэмтэд, бусад төлөөлөгчид бодит байдлыг нээлттэй, илэн далангүй ярилцан, энэ хүнд байдлаас яаж гарах, бүс нутгийн хэмжээнд ямар байдлаар ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх хэлэлцээ хийж, шийдвэрүүдээ танилцуулна” хэмээсэн юм.