Д.Батсүх: Наадмын билетийг жуулчин биш хүн авах, дамлахаас сэргийлж холбогдох материалыг шаардаж байгаа

Улс төр
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:
-Бид наадмын билетийн урьдчилсан захиалгыг зургадугаар сарын 29-н хүртэл аялал жуулчлалын компаниудаасаа авч байна. Хүсэлтийг цахимаар буюу info@tourism.ub.gov.mn е-мэйл хаягаар, мөн цаасан хэлбэрээр хүлээн авч байгаа. Мэйл хаягаар хүсэлт илгээх нь биеэр өгсөнтэй адилхан гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгох хэрэгтэй. Заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй.
Өнгөрсөн жилүүдэд олон тоогоор захиалга өгч байгаа компаниудад билет олгохдоо тогтмол үйл ажиллагаа явуулсан эсэх, ажилчдын нийгмийн даатгал төлсөн байдал, татварын тайлан зэргийг харгалзаж үздэг байсан. Харин сүүлийн хоёр жил цар тахалтай байсан учраас эдгээрийг харгалзах боломжгүй болсон. Иймээс энэ жил БОАЖ-ын сайдын өгсөн чиглэлийн дагуу онгоцны билет болон зочид буудлын захиалгыг харгалзаж байгаа. Энэ нь жуулчдад л билетийг хүргэх зорилготой юм. Жуулчдын нэр барьж, билет авч, түүнийгээ цааш нь дамлан борлуулах эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Үүнийг салбарынхан маань бүрэн ойлгож байгаа.