Үнийн өсөлтийг эсэргүүцэж Бельгид ажил хаялт эхэллээ

Дэлхийн мэдээ

Бельгийн нийслэл Брюссельд үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулах ажил хаялт эхэлж байгаа болохоор нийслэлийн нисэх буудал зургадугаар сарын 20-ны даваа гарагт төлөвлөсөн бүх нислэгээ цуцлахаа зарлалаа гэж Reuters агентлаг мэдээллээ.

“Нисэх тасалбар худалдан авахгүй, нисэх буудал руу очихгүй байхыг нийт зорчигчдод  уриалж байна. Одоогоор зөвхөн иж байгаа онгоцууд л бууна, мөн ачааны онгоцууд ирнэ” гэж нисэх буудлын захиргааны мэдээлэлд дурдсан байна.

Бельгид өргөн хэрэглээний барааны үнэ хэт өсч, ард иргэдийн худалдан авах чадвар унаж байгаатай холбогдуулан тус улсын  Үйлдвэрчний эвлэл зургадугаар сарын 20-ноос эхлэн орон даяар ажил хаяхаа мэдэгдээд байгаа юм. Энэ өдөр авто зам, тээврийн ажил бас зогсоно гэжээ.

Их Британид бас сүүлийн 30 жилд болж байгаагүй төмөр замын ажилчдын ажил хаялт болж тээврийн асар том замбараагүй байдал үүсч магадгүй гэж мэдээлж байна. Төмөр замын ажиллагсдын энэ удаагийн ажил хаялтад төмөр замын 13 компани, төмөр замын хөдөлгөөний оператор компани, дэд бүтцийн  40 орчим мянган хүн оролцохоор болоод байгаа юм байна.