Нийтийн тээврийн салбараа бүхэлд нь шинэчилье

Нийгэм, Эдийн засаг

Нийтийн тээвэрт явж буй автобусны парк шинэчлэлт хийж буй нь сайн хэрэг. Гэвч хэдэн шинэ автобус хүлээж аваад дарга нар очоод тууз хайчлаад, үг хэлснээр нийтийн тээврийн тулгамдсан асуудал, иргэдийн тав тухай зорчих эрхийг хангаж чадахгүй нь мэдээж. Нөгөө талдаа нийтийн тээвэрт явж буй 900 гаруй автобусыг бүгдийг нь шинэчилнэ гэвэл асар их мөнгө, цаг хугацаа орох нь дамжиггүй. Нийтийн тээврийн асуудлыг “ОК” болгоход асуудлыг том жижиг гэлтгүй авч үзэх шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Иргэд ч нийтийн тээврийн талаарх санал гомдлоо илэрхийлсээр. Нийтийн тээврийн газрын цахим хуудаст өдөр бүр шахуу л гомдол мэдүүлдэг аж.

Шинэчлэл энгийн зүйлээс эхэлдэг гэдэг. Одоо нийтийн тээвэрт явж автобуснууд  сэрүүцүүлэгч алга. Оргил ачааллын үе буюу ажил цуглах, тарах  цагаар бараг бүх чиглэлийн автобус “пиг дүүрэн” хүнтэй явдаг. Тэгвэл зуны улиралд сэрүүцүүлэгч байхгүй тул амьсгал давчидсан, хөлс нь  урссан хүмүүс л байна. Зундаа яг л “буузны жигнүүр” шиг бүгчим халуун гэж зүйрлэхэд хилсдэхгүй байх. Тэр олон хүний хөлс,  шиврийн үнэр хамар сэтлэм  сэнхийж явдаг нь тодорхой. Бие муутай, жирэмсэн хүн ухаан алдаж унах бол энүүхэнд.

Харин өвлийн цагт мөсөн хонгио. Хөргөгч хөлдөөгчтэй адилтгаж болох юм. Хамрын үзүүр улайж, хөлийн хуруу  чимчигнээд  л явна шүү дээ.  Саяхан нэгэн иргэн “Хүүхэд сууя гэж сонирхоод байхаар өнөө хоёр давхар шинэ автобусанд суулаа. Сайхан л байна. Гэхдээ хоёр давхарт нь сэрүүцүүлэгч, онгойх цонх, салхивч алга. Бүгчим гэж жигтэйхэн юм” гэж нийтийн тээврийн талаар санал, гомдол хүлээж авдаг цахим хуудаст бичсэн байна лээ. Тийм бол нөгөө л хуучин автобуснууд шиг зундаа хөлстэй, өвөлдөө цантай л байх нь. Эсвэл жолооч нь сэрүүцүүлэгчээ ажиллуулахгүй байна уу. Бүр халуун,  хүйтэн үлээх системгүй ч юм уу гэсэн асуудал үүсэх нь. Уг нь цаг улиралдаа зохицуулаад тэр системийг ажиллуулаад явж яагаад болохгүй гэж.

Сүүлийн үед жолооч нар нь бэлэн мөнгө аваад автобусны үйлчилгээ эрхлэгч компаниуд ашиггүй ажиллах боллоо. Смарт картыг солихоос өөр арга байхгүй гэсэн асуудал ч гарч ирдэг боллоо. Тэгвэл автобусны карт цэнэглэх газар хуруу дарам цөөн байна.  Карт цэнэглэж буй ТҮЦ-нээс банкны карт уншуулаад цэнэглэх гэхэд боломжгүй гэсэн хариу сонсдог. Банкны карт уншуулж автобусны картаа цэнэглэлээ гэхэд 200 төгрөгийн шимтгэл нэмж авах нь энүүхэнд. Ийм байхад иргэд бэлэн мөнгө өгөөд явахаас өөр арга алга. Тэгэхээр автобусанд сууж буй 10 хүний 3-4 нь бэлэн өгдөг нь яах аргаггүй үнэн юм. Уг нь энэ тогтсон системээ сайжруулаад, автобусны карт цэнэглэх цэг, боломжуудыг боловсронгуй болгоод явбал зорчигч болон автобусны үйлчилгээ үзүүлэгч гээд аль аль талдаа хэрэгтэй, ашигтай баймаар.

Байсхийгээд л автобус шатлаа гэсэн мэдээлэл гардаг. Азаар хүний амь үрэгдэж, бэртэж гэмтсэн харамсалтай зүйл тохиохгүй байгаа нь баясалтай. Гэхдээ л автобусанд сууж яваад шатаж, дэлбэрч мэднэ гэсэн айдас хүйдэс иргэдэд төрж байна. Ийм эрсдэлтэй нийтийн тээвэр манайхаас өөр улсад лав байхгүй биз. За тэгээд жолооч нь тамхи татсан, автобусаа цэвэрлээгүй байна, суудлын бүрээс нь халтартсан гээд асуудал, гомдол ар араасаа хөвөрч л байдаг. Түүнийг тоож арга хэмжээ авсан нь алга. Алга гэдэг нь эдгээр асуудал шийдэгдээгүй учраас тэгж хэлж байгаа юм. 

Энэ бүгдээс үзэхэд зорчигчоо анхаардаггүй нийтийн тээвэрт хэн суух билээ дээ. Бор гэртээ богд Хар гэртээ хаан гэдэг шиг түгжрээд ч гэсэн өөрийн унаандаа  тавтай явахыг хүн бүр хүснэ. Автобусаа бүгдийг шинэчилж амжаагүй ч гэсэн явж хэдийгээ арчилж тордоод зорчигчдын ая тухыг хангаад байж болдоггүй юм уу. Нийтийн тээвэрт явж буй автобус ая тухтай байвал зорчигч нэмэгдэнэ. Үйлчилгээ үзүүлэгчдийн ашиг орлого нэмэгдэнэ, хотын түгжрэл бага ч атугай буурна гээд маш олон эерэг хандлага гарна шүү дээ.

Иргэдийн гаргадаг бас нэг түгээмэл санал нь нийтийн тээврийн автобусны үйлчлэх цагийг сунгах. Шөнийн цагаар хувийн хэвшлийн бага оврын автобус явуулж асуудлыг шийдэж болно гэсэн гаргалгаа хүртэл хэлдэг.  Энэ мэтээр нийтийн тээвэрт  парк шинэчлэлтэй зэрэгцээд хийх, шийдвэрлэх асуудал маш олон байна. Эрхэм дарга нар анхааралдаа авна буй заа.