А.Оюунчулуун: Хувь хүн, хэрэглэгчийнхээ арьсанд тохирсон саван захиалгаар хийхийг зорьж байна

Нийгэм, Эдийн засаг

Дэлхий дахинд эдүгээ хүн төрөлхтөн эко бүтээгдэхүүн эрхэмлэж, хог хаягдлаа бууруулах эрүүл хэрэглээг илүүд чухалчидаг болсон. Тодруулбал, хоол хүнс, өдөр тутам эдэлж хэрэглэж байгаа  бүтээгдэхүүн, цэвэрлэгээний бодисын орц найрлагад ч анхаарч, элдэв химийн найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзах болсон нь үнэхээр зөв зүйтэй зүйл юм.  Яг энэ хэрэгцээг хангах зорилгоор А.Оюунчулуун хэмээх тууштай хөдөлмөрч бүсгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, элдэв харшилгүй   гоо сайхны болон эдийн саван  үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ хүргэж буй. Эдгээр саван нь хэрэглэгчдийн эрх ашигт ян цав нийцдэгээрээ бүр ч онцлог бөгөөд давуу талтай ажээ.

-Ажил амьдралаа өөрийн гараар цогцлоон бүтээж, дуртай зүйлээ хийж хөгжүүлнэ гэдэг гайхамшиг. Иймд саван хийх санаа хэрхэн төрж, үйлдвэрлэлээ эхлүүлж байсан тухайгаа эргэн дурсахгүй юу?

-Анх 2015 онд Солонгосоос ирсэн сүмийн багш нарт халгай түүсэн тухайгаа ярьж,үүнээс үүдэн тэд  халгайтай саван хийхийг санал болгосон юм. Энэ үеэс саван хийж үзэхээр шийдэж саван хэрхэн хийдэг тухай мэдээлэл хайж  эхэлсэн. Гэтэл Солонгост байхдаа саван хийж өөрөө хэрэглэдэг байсан  Хангарьд гэдэг найзынхаа арга туршлагаас  сурч удалгүй саван хийх  ажилдаа шуудран орж билээ. Ингээд Мэргэжлийн хяналтын газар шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулаад халгайтай савангаа зургаан  сарын турш найз нөхөд, ойр дотны хүмүүстээ хэрэглүүлж туршиж үзсэн. Үүний  дараа  анхны  борлуулалтаа хийж эхэлсэн дээ. Эхний үед гэрээрээ хийж Нарантуул зах, III хороолол зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газраар биечлэн явж зардаг  байлаа.

-Саванд ямар материал ордог вэ?

-Байгалийн гаралтай ургамлын тоснууд, органик тос, суурь тос, анхилуун үнэртэй эфирийн тос буюу байгалийн гаралтай мод, цэцэг, навчнаас гаргаж авдаг цэвэр охь,эмийн ургамлууд нунтагаар болон охиороо, хандалсан хэлбэрээр Е-витамин, глицерин  гэх мэт түүхий эдүүд орно. Мөн өөхөн тос, малын гаралтай бүх тоснууд ордог.

-Саван үйлдвэрлэх арга технологийн тухайд?

-Манай саван бүгд гар аргаар хийгддэг. Нэгдүгээрт: MP саван хийх- бэлдэц ашиглан хийнэ. Нэмэлтээр өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн хийж өгнө. Хоёрдугаарт: CP саван хийх арга нь өөх тос, шүлт ашиглан хийдэг. Гуравдугаарт:  хатуу аргаар хийх саван, Na OH KOH, ус тос- этонал гээд олон төрлийн түүхий эд ашиглан шингэн буюу хатуу тунгалаг хоёр  төрлөөр хийгддэг. Дөрөвдүгээрт: Бэлэн болсон хатаалтын хугацаа дууссан савангаа дахин ашиглаж хийх гэсэн дөрвөн  арга бий. Манайх одоогоор MP болон CP саван шүлт ашиглан “Солонго” эдийн саван хийж байгаа.

-Савангаа зориулалт талаас нь тодруулахгүй юу?

-Ихэнхдээ эмчилгээнийх бас   гоо сайхны есөн төрлийн саван үйлдвэрлэж байна. Мөн хар батга, диатез, харшлын дээр нь арьс арчилгааны бүтээгдэхүүн, ванны давс, сүү, бөмбөлөг, уруулын будаг хийж байгаа. Мөн өрөө тасалгаанд тавьдаг хатуу үнэртүүлэгч хийдэг. Эдийн саван гэж шинэ бүтээгдэхүүн хийгээд дөрөв, таван сар болж байна. Байнгын  хоёр хүн, харин захиалга ихтэй үед  гаднаас хоёр хүн авч ажиллуулдаг.

-Манайд сүүлийн үед олон нэр төрлийн саван хийгддэг болсон. Тэр дундаас танай савангийн онцлог, давуу тал юу в?

-Савангийн зах зээл олширч, олон хүн хийдэг болсон учраас өрсөлдөгч ихтэй. Миний хувьд 2017 онд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “Инкубатор” төвийн гишүүн болсноор бичил бизнесээ таниулах боломж нээгдэж, улмаар үзэсгэлэн худалдаанд оролцдог болсон. Одоо Улаанбаатар галерей, Дорнод аймаг, “Зоос” гоёлын  ойролцоох лангуу зэрэг  хэд хэдэн газар саван маань борлуулагдаж байгаа. Мөн ажлын байран дээрээсээ нэлээдгүй  худалдан авалт хийдэг. Хүүхдийн өнгө орохгүй байгаа оймсыг  танай савангаар угаагаад маш гоё болсон, харшил өгдөг хүмүүс ямар ч харшилгүй боллоо, хуурайшихгүй байна гээд л  ярьцгаадаг.

-Хүн бүхэн л элдэв сөрөг нөлөөгүй эко бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсч байгаа. Иймд үнэ тарифын хувьд ямар байдаг бол?

 -Одоогоор 14,15 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.Тухайлбал, гоо сайхны нэг саван зургаан мянга шахам төгрөгөөр гарч байгаа. Хамгийн өндөр үнэтэй нь 7-8  мянган төгрөгийн  хоооронд хэлбэлздэг. Гоо сайхны саван 6000 буюу 12000 төгрөг гэсэн хоёр үнэлгээтэй. Харин эдийн саван 2000 төгрөг. Мөн эмийн ургамлаар монголд байгаа өөх тосоо ашиглаад амьтны гаралтай түүхий эдээр саван хийх гээд туршиж байна. Миний хувьд өөхөн тос худалдаж  авч  хайлаад савангаа хийдэг. Эндээс  чанартай саван гардаг юм билээ.Үүгээрээ давуу талтай. Тийм учраас хэрэглэгчид танай саван бусад савангуудаас өөр байна, яг энэ найрлагаараа хийгээрэй  гэдэг. Халгайгаа Хэнтий аймгийн хээр талаас түүж хатаагаад түүнийгээ нунтаглаж хэрэглэдэг. Ямар өнгөтэй цэцэг ургамал байна, түүний  өнгөтэй саван  гардаг.

-Багагүй хугацаанд саван хийж байна. Ямар үед ажлаасаа сэтгэл ханамж авдаг вэ?

-Өөрийгөө хөгжүүлж саван хийж,нийгэмдээ нөлөөлөх өөрийн гэсэн хийх юмтай байна гэдэг аз жаргал. Гэвч би зөвхөн өөртөө зориулж саван үйлдвэрлээгүй хоёр, гурван хүнийг ажилтай болгож байна. Цаашилбал,саванг маань худалдаж авсан хүмүүс хир толбо арилгадаг чанартай саван гэж хэлэхэд нь үнэхээр баярлаж  урамшдаг. Өглөө гэрээсээ гараад хийх ажилтай, очих газартай байна гэдэг бүр ч сайхан. Энэ бүхэн намайг ирлэж хурцалдаг. Хэрэглэгчид маань ч  хүний эрүүл мэнд, гоо сайханд үр дүнтэй, чанартай саван гээд дахин дахин үйлчлүүлэх дуртай байдаг.

   -Хүний хүсэл тэмүүлэл хязгааргүй. Цаашдаа бүтээгдэхүүнээ өргөжүүлж, олшруулахыг улам л зорьж яваа даа?

-Тэгэлгүй яахав. Хүний арьсыг оношилж  түүнд зориулсан зориулсан бүтээгдэхүүн хийж өгөх төдийгүй  монголдоо ургадаг ургамлуудыг ашиглаад органик гоо сайхны  саван хийж гадагш гаргах зорилготой байгаа. Ялангуяа манай үс уналтын эсрэг саван маш эрэлт хэрэгцээтэй. Ер нь манай савангууд  ихэнхдээ чийгшүүлж, цайруулах үйлчилгээтэй. Ялангуяа үс уналтын эсрэг саванг маань байнгын хэрэглээгээ болгосон хүн ч бий. Саяхан нэг хэрэглэгч маань органик гоо сайхны дэлгүүр нээгээд түүндээ өөрийнхөө хэрэглэдэг савангаас  зарж  борлуулъя гээд авсан. Тийм учраас ажлаа улам эрчимжүүлж, харилцаа үйлчилгээгээ олон газар хүргэх хүсэлтэй байгаа. Энэ жилийн хувьд дөрвөөс таван хүнтэй ажлын байр бий болгох бодолтой байна. Цаашдаа өөрийн гэсэн дэлгүүртэй болж, үйлдвэрийн хэмжээнд эдийн саван хийх, одоогийн гар аргаар хийж  байгаа зарчмаа алдахгүй байх нь хамгаас чухал. Мөн хувь хүн хэрэглэгчийнхээ онцлог арьсанд тохирсон саванг захиалгаар хийхийг зорьж байна. Улмаар  оношлогооны аппараттай болж, оношлогоо хийж, тохирсон бүтээгдэхүүн  хийж өгөхийг хүсч мөрөөдөж явна даа.