Амрагчид Горхи-Тэрэлжийн бүс нутагт жилд дунджаар 3000 тонн хог хаядаг

Нийгэм, Эдийн засаг

 Зургадугаар сарын 13-нд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Горхи-Тэрэлжийн бүс нутагт гарч буй гэмт хэрэг, зөрчил болоод байгалийн унаган төрх сүйдэж буйг нийслэлийн удирдлагууд хөндөж, анхаарч ажиллах зайлшгүй шаардлага бий болсныг дурдсан.

2022 он гарснаас хойш эхний таван сарын байдлаар Горхи-Тэрэлжийн чиглэлд нийт 98.032 иргэн, 38.152 тээврийн хэрэгсэлтэй зорчсон нь өмнөх жилүүдийн мөн үеэс өссөн үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байв. Ийм тооны иргэд тус чиглэлд аялал зугаалгаар зорчин, өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, гол гатлах, усанд сэлэх, хувийн бэлтгэлгүйгээр ууланд авирах зэргээс үүдэлтэй гамшиг, ослын дуудлагын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа юм.

Амрагчид Горхи-Тэрэлжийн бүсэд жилд дунджаар 3000 тонн гаруй хог хаягдлыг ил задгай хаядаг бөгөөд энэ нь голыг ихээр бохирдуулж, усны нөөц багасахад хүргэж байна. Ганцхан жишээ дурдахад, 2021 оны баяр наадмын үеэр буюу 10-15 хоногийн хугацаанд тус бүсэд зорчсон 90 мянга орчим аялагч нийт 452 тонн хог хаягдал үүсгэжээ. Тус хог хаягдлыг цэвэрлэхэд 74 төрийн албан хаагч ажиллан, 88 рейсээр тээвэрлэсэн байдаг. Түүнчлэн аялагчид ил задгай бие засах, жуулчны баазууд стандартын шаардлага хангахааргүй нүхэн жорлонг олноор барьснаар хөрсний бохирдол нэмэгдэх шалтгаан болж буй. Мөн тус бүсэд нам даралтын болон энгийн зуух ашигладаг 73 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд агаарын бохирдолд ч сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Энэ мэтчилэн Горхи-Тэрэлж орчмын бүс нутагт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй осол гэмтэл, гэмт хэрэг зөрчил болоод байгаль орчны бохирдол нэмэгдэж байна  нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлжээ.