Хөшөө дурсгалаар бизнес хийхдээ ядаж уран бүтээлчдийг оролцуулъя

Нийгэм, Эдийн засаг

Дэлхийн аль ч улс орон түүхийн онцлог үйл явдал хийгээд түүхэн хүмүүстээ зориулан хөшөө дурсгал босгож, тэр бүү хэл содин содон баримал барьж хот орчноо чимэн олон нийтэд мэдээлэл өгдөг.  Мэдээж хаана хэний хөшөө, юуны ямар баримал босгох вэ гэдгийг нь  тухайн улс орон, хот суурин газрын эрх баригчид ярьж хэлэлцэж шийдвэрлэдэг, хөрөнгө мөнгийг нь засаг дарга, төрийн бус байгууллага, магадгүй хувь хүн гаргадаг.

Манайх ч бас үүнийг орхилгүй социализмын үед Ленин Сүхбаатарын хөшөө, сум аймгийн төвд малын баримал босгодог байсан нь өнгөрсөн 30 жилд улам хүрээгээ тэлэн өргөжиж  хурдан морь, адгуус амьтан, нохой, арслан, тарвага, чонын хөшөө баримал хүртэл босгодог болж өнөөдөр улсын хэмжээнд малын 3441, нохойны  231, эвтэй дөрвөн  амьтны 26, тарваганы 25 хөшөө баримал байдаг гэсэн тоо бий.

Үүн дээр нутаг нутгийн үе үеийн түүхийн алдартнуудын хөшөө дурсгал тоймгүй олон, Галдан бошигт, Батмөнх даян хаан, Чингис хаан, Жамух хоёрын андлалын, Бөртө Үжиний хөшөөнөөс гадна Арвай хээрийн, хурдан морины цогцолбор, нутаг нутгаас төрсөн алдарт бөхчүүдийн  гээд хөшөө дурсгалууд олширсоор.

Төр засаг нь мөнгөтэй, аж ахуйн нэгж, ард иргэд хөрөнгөө гаргаад хөшөө дурсгал, баримал босгох нь ч яахав, мөнгө нь байвал барьж босгоно л биз.

Харамсалтай нь сүүлийн үед ур хийц тааруухан, хөшөө гэхэд хөшөө биш, баримал гэхэд баримал ч биш цемент, шаврын овоолго олширч олон нийтийн сүлжээгээр хүмүүс шүүмжилсээр.

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд босгосон бөхийн хөшөө,  Хэнтий аймгийн Чингис хот дахь арслангийн хөшөө гээд олны шүүмжлэл дагуулсан хөшөө баримал жилээс жилд улам олшрох шинжтэй.

Тухайн орон нутгийн төр захиргааны байгууллага, хувь хүн, төрийн бус байгууллагууд хөрөнгө мөнгөтэй л бол хөшөө дурсгал, баримлаа босгож болох юм биз. Хамгийн гол нь юуны учир, ямар хөшөө баримал босгох гэж байгаа, зураг төсөл, хаана байрлуулах, тэр нь хот орчныхоо тохижилт, архитектурт нийцэх эсэхийг орон нутгийн иргэдийн хурал, төр захиргааны байгууллага үзэж хянан зөвшөөрөл олгодог байхгүй бол “баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” гээд л хэн дуртай нь шавар овоолоод хаа дуртай газраа босгоод байх нь хэр юм.

Хөшөө дурсгал, баримал барьж босгох нь  бүтээл нь хийц, загвараараа орчин тойрон, хот байгуулалттайгаа  нийцсэн байх гээд нарийн урлаг, бүхэл бүтэн шинжлэх ухаан. Харамсалтай өнөөдөр манайд бүх зүйл зах зээлд шилжихийн зэрэгцээ эрх мэдэл, хөрөнгө мөнгө мэдэж захиран зарцуулдаг хүн бүр төсвийн, байгууллагынхаа мөнгийг аль болох хамаатан садан, танил тал, эхнэр хүүхдэдээ өгөх гэж “тендер” гэгчийг зарласан болж оромдон тэдэндээ тал засдаг болсон нь хөшөө дурсгал барьж босгодог уран баримал босгодог нарийн мэргэжлийг гутаахад хүрч байгааг сүүлийн үеийн энэ олон хөшөө дурсгал илтгэсээр.

Тэгээд ч энд хөрөнгө мөнгийг хэн гаргасан нь сонин биш, гагцхүү хаана босгох, ямар зураг төсөлтэй, уран бүтээлч, барималч нь хэн байх зэргийг зөвшөөрөл өгч байгаа байгууллага нухацтай ярьж шийдвэр гаргаж байх нь чухал байна.

Ингэхгүйгээс хөшөө гэхэд хөшөө биш, баримал гэхэд баримал ч биш, хот орчныг чимж, хүн зонд сэтгэлийн таашаал эдлүүлж мэдлэг мэдээлэл өгөхгүй ур хийц муутай шавар, цементэн овоолго олшрох шинжтэй. Хэн дуртай нь хэдэн төгрөгний төлөө тайзан дээр гараад дуулаад байдаггүйтэй адил, хэн дуртай нь мөнгөний төлөө шавар овоолоод байдаг юм биш. Уран барималч гэдэг чинь нарийн мэргэжил, бүхэл бүтэн урлаг.