Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх, иргэдийн мэдэх эрхэнд халдахгүй байхыг шаардаж тайван жагсаал хийлээ

Нийгэм, Эдийн засаг

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд тайван жагсаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Учир нь  сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж чадахгүй, олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага ноцтойгоор халдсан үйлдлийг эсэргүүцэж, цаашид иргэдийн мэдэх эрх, бодит мэдээллийг дамжуулах үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг шаардаж байгаа аж.

Сэтгүүлч Г.Гэрэлмаа:

 Хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн зорилгоор бусдын золиос болох вий

 Өнөөдрийн тайван жагсаалд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Бид цагдаа нарыг ажилгүй болгохыг зориогүй. Би зургаан цаг хоригдсон, надад хэцүү байсан. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгана. Хэрэв ийм асуудал даамжраад байвал Хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн зорилгоор бусдын золиос болох вий гэж болгоомжилж байна.

Time .mn сайтын эрхлэгч Г.Улсболд:

 Хэвлэлийн эрх чөлөөг нь  хангаад сэтгүүлчдийг  зүгээр л ажлыг нь хийлгэчих хэрэгтэй

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарчхлаа. Энэ тал дээр Засгийн газар дүгнэлт хийж, цаашид юу хийх вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргах ёстой. Олон нийтэд мэдээлэл хийх гээд явж байхад бэлтгэсэн мэдээлэл, баримтыг устгах хууль ёсны үйл ажиллагааг нь таслан зогсоох буруу. Тиймээс дахин энэ байдал гаргахгүйн тулд яаж ажиллах вэ энэ тал дээр ямар нэг шийдэл гаргаач гэж хүсч байна. Бид хэн нэгэн хүнийг, ялангуяа Цагдаагийн албан хаагчийг ажилгүй болгох сонирхол байхгүй. Хамгийн гол нь  хэвлэлийн эрх чөлөөг нь  хангаад хааж боохгүйгээр ажлыг нь хийлгэчих хэрэгтэй. Угтаа хэвлэлийн эрх чөлөө гэдэг үзэгч сонсогч, уншигчдын  бүгдийнх нь мэдэх эрх. Энэ эрхийг чөлөөтэй болгохгүй бол нийгэм өөрөө улам л хаагдмал болно гэсэн үг. Нэмж хэлэхэд хүний төлөө, нийгмийн төлөө явж байгаа цагдаа сэтгүүлч хоёр хагаралдах гэж энд цуглараагүй нь ойлгомжтой. Ердөө л гол зорилго нь олон нийтийн мэдэх эрхээр хангаад  өгөөч гэсэн шаардлагыг тавиад байгаа юм.

Дэнс.мн  мэдээллийн сайтын сэтгүүлч Т.Шинэбаяр:

Ардчилсан нийгэмд сэтгүүлчид шүүх цагдаагийн үүд сахисаар байх уу     

Цагдаагийн болон хүчний албан хаагчид хэзээ ч дур зоргоороо хэн нэгэн даргын зөвшөөрөл, тушаалгүйгээр хөдөлдөггүй.Тийм учрааас  Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт хариуцлага тооцох ёстой. Ялангуяа Ж.Болд дарга хүний эрхийн мэдрэмжгүй хүн. Нямбаатар сайд зөвхөн уучлалт гуйгаад л болчихдог юм уу. Нямбаатар сайд биднийг хангалттай шүүх цагдаагаар гүйлгэдэг. Өнөөдөр нэг сэтгүүлч 500,000 төгрөгөөр торгуулаад, нөгөөх  нь хоёр шатны шүүхээр ял авах гээд явж байна. Сүүлийн хоёр гурван жил мэдээ мэдээлэл бэлтгэнэ гэдэг тамын асуудал болсон. Биднийг өмнө нь цагдаа шүүхээр явуулдаг байсан бол сүүлдээ ажлаа хийж явсан сэтгүүлчийг зургаан цаг эрүүдэн шүүж байна. Шүүх  цагдаад дуудагдаагүй редакц цөөн үлдлээ.100 жилийн настай МАН-д өөр хүний нөөц үгүй гэж үү. Ж.Болд дарга хаа байсан хуучны Эрүүгийн хуулийг дахин хэрэглэе гэж ярьдаг. Гэтэл бид ардчилсан улсад амьдарч байна. Ажлыг маань чөлөөтэй ажлыг маань хийлгэ. Өнөөдөр сэтгүүлчид шүүх цагдаагийн үүд сахисаар байх уу.     

 News.mn сайтын Ерөнхий эрхлэгч Оюунчимэг: 

Сэтгүүлч Г.Гэрэлмаагийн хийсэн бичлэгийг яагаад устгаснаа цагдаа, прокурорын удирдлагууд мэдээлэх хэрэгтэй байна

Бид аль нэг өндөр албан тушаалтныг огцруулах шаардлага тавиагүй. Залуусын жагсаалыг  сурвалжилсан сэтгүүлчдийн биед мөн халдсан тохиолдол бий. Ер нь ийм жишээ олон. Бид цар тахлын үеэр иргэдэд мэдээлэл хүргэх, дамжуулах үүргээ гүйцэтгэж чадаагүй.Тиймээс бид өнөөдөр нэгдүгээрт: сэтгүүлч Г.Гэрэлмаагийн хийсэн бичлэгийг яагаад устгаснаа цагдаа, прокурорын удирдлагууд мэдээлэл өгөхийг шаардаж байна. Хоёрдугаарт: манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 22 байраар ухарсанд эрх баригчид дүгнэлт хийх шаардлагатай. Гуравдугаарт, Хууль зүйн сайд Х.Нямбаатар сэтгүүлч Г.Гэрэлмаагаас өөрөө уучлал гуйх ёстой гэсэн гурван  шаардлагыг тавьж байна  гэлээ.