Сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчлөхөөр ДЭМБ бэлдэж байна

Дэлхийн мэдээ

Дэлхийн олон оронд вирус нь тархаад байгаа сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчлөхөөр эрдэмтэд судлаачидтай ярилцаж байгаагаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт уг өвчин болон түүний вирусийн нэрийг “ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох” агуулгагүй болгон өөрчлөхийг 30 гаруй эрдэмтэн ДЭМБ-д уриалсан юм.

Сармагчны цэцэг өвчнийг Африк тивтэй шууд холбох нь утга учиргүй гэж тэд үзэж байгаа гэнэ.

Өнгөрсөн хугацаанд дэлхий даяар уг өвчний халдварын 1,600 орчим тохиолдол бүртгэгдээд байна.

Сармагчны цэцэг өвчний халдвар байнга дэгддэг Африк тивийн орнуудад 72 хүн нас барсан бол тус тивээс гадна шинээр тархсан дэлхийн 32 оронд одоогоор эндэгдэл бүртгэгдээгүй байгаа.

Ирэх долоо хоногт ДЭМБ шуурхай хуралдаан зохион байгуулж, сармагчны тахал өвчнийг дэлхийн хэмжээний эрүүл мэндийн гамшигт тооцох эсэхийг шийдэх юм байна.

Энэ бол тус байгууллагаас гаргадаг анхааруулгын хамгийн дээд хэлбэр бөгөөд өмнө нь гахайн ханиад, полиомиелит, эбола, зика, ковид өвчнүүдийг ийм ангилалд оруулж байжээ.

“Сармагчны цэцэг өвчний энэ удаагийн тархалт урьд өмнө тохиолдож байгаагүй, санаа зовоосон үзэгдэл юм. Тиймээс би ирэх долоо хоногт шуурхай хороог хуралдуулж, энэ тархалтыг олон улсын хэмжээний нийтийн эрүүл мэндийн гамшиг ангилалд оруулах эсэхийг шийдвэрлэхээр боллоо” гэж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебрейесус ярьсан байна.

Сармагчны цэцэг өвчний вирус нь салхин цэцэг өвчний вирустэй нэг төрөлд багтдаг ч хүмүүсийг харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчлүүлдэг.

Хэдийгээр хүндэрдэггүй, ерөнхий хүн амд аюул бага гэгддэг ч Их Британи зэрэг зарим улсууд болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор салхин цэцэг өвчний вакциныг нөөцөлж эхэлсэн байна.

Сармагчны цэцэг өвчин өмнө нь Африк тивийн баруун болон төв хэсгээр хүмүүсийн дунд тархдаг байсан бол энэ удаа тус тивийн гадна орших улс орнуудад тархсан нь ховор үзэгдэл юм. Вирус сармагчнаас бус ихэнхдээ зэрлэг мэрэгч амьтдаас хүнд дамждаг.

Уг өвчний вирус агаар дуслын замаар тархдаггүй, халдвартай хүнтэй хэт ойр харилцахад буюу хүрэлцэх замаар халдварладаг байна.

Тухайлбал бэлгийн замаар халдварлах боломжтой юм.