Эстони Өрнөдийг Оростой ямар ч ажил хэргийн харилцаагүй байхыг уриаллаа

Дэлхийн мэдээ

Эстонийн Ерөнхий сайд Кая Каллас холбоотнууддаа хандаж Оростой ажил хэргийн ямарч харилцаагүй байхыг уриалсан бичлэгийг The Telegraph сонин нийтэлжээ. Түүнийхээр бол Өрнөдийн бодлого нь Оросын аюул нэг л өдөр гэнэт үгүй болчихгүй гэдэг дээр тулгуурлах ёстой үүнийг ойлгох хэрэгтэй гэнэ. “Өмнөх шигээ ажил хэргийн харилцаанд шилжиж болохгүй. Үнэндээ  зарчмын хувьд ажил хэргийн ямар ч  харилцаа байх ёсгүй” гэж тэрбээр мэдэгдээд  “Байгалийн хий үнэтэй байж болно, гэхдээ эрх чөлөөг бол үнэлэх аргагүй” гэжээ.

Украинд болж байгаа үйл явдал нь Европын аюулгүй байдлын салбарыг үндсээр нь өөрчиллөө гэж Каллас онцлоод үүнтэй холбогдуулан гал зогсоох,  энх тайван тогтооход хүчин чармайлт гаргахыг  Өрнөдийн орнуудад уриалжээ. “Түрэмгийлэгчийг эдийн засгийн хувьд ч улстөрийн хувьд ч тусгаарлах ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай байна” гэж Эстоний Засгийн газрын тэргүүн хэлсэн байна.

ОХУ-ын зүгээс Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор дайн эхлүүлсэн өдрөөс л өрнөдийн олон орон оросын иргэд, хуулийн этгээдүүдийн эсрэг хатуу хориг тавиад байгаа юм. Үүний зэрэгцээ Орост үйл ажиллагаа явуулж байсан өрнөдийн олон компани оросын зах зээлийг орхин гарч явсан юм.