Б.Цэнгэл: Төрийн өмчит компаниуд 18 их наяд төгрөгийн өртэй байна

Улс төр

 УИХ-ын гишүүдийн олонх нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

 -Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наядын орлого олж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 8.7 хувь буюу 860 тэрбум, цэвэр ашгийн хэмжээ 830 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Төрийн өмчийн оролцоотой 105 компани бий. Өр авлагын тухайд 18 их наядын өр төлбөртэй байна. Үүнээс жин дарж буй компанийг нэрлэвэл “Эрдэнэс Монгол” нэгдэл 5.4 их наяд, Төрийн банк 3.4 их наяд, Хөгжлийн банк 3 их наяд, Монголын төмөр зам 1.5 их наяд, Эрдэнэт үйлдвэр 990 тэрбум, Улаанбаатар төмөр зам 540 тэрбумын өртэй гэж гарч байна.

Мөн өндөр хөрөнгийн дүнтэй хуулийн этгээдийг товч танилцуулъя. “Эрдэнэс Монгол” нэгдэл 29 их наяд, “Эрдэнэт” үйлдвэр таван  их наяд, Хөгжлийн банк дөрвөн  их наяд, “Төрийн банк” 3.7 их наяд гэх жишээтэй байгаа юм. Ашгийн талаар танилцуулахад, хамгийн их орлоготой ажилласан хуулийн этгээдээр “Эрдэнэт” үйлдвэр 3.1 их наядаар тэргүүлж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 1.5 их наяд, Диспетчерийн үндэсний төв нэг их наяд байна. Хамгийн их ашигтай ажилласан хуулийн этгээдийг “Эрдэнэт” үйлдвэр 901 тэрбумаар манлайлсан бол “Эрдэнэс Монгол” нэгдэл 102 тэрбум, “Монголросцветмет”  85 тэрбум, Улаанбаатар төмөр зам 69, Төрийн банк 45 тэрбум гэсэн үзүүлэлттэй байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төрийн өмчит компаниуд “Угжны хурга” шиг тэтгүүлээд байж байдаг болчихсон. Шоовдор хүүхдүүд нь хувийн хэвшлийнхэн, айлын эрх танхи хүүхдүүд нь төрийн өмчит компаниуд байна. Төрийн өмчит компаниудад дарга, даамлын “халаасны” хүмүүс, “цүнх баригч” нар томилогдог. Дарга нартаа таалагдах гэж мөнгө зөөдөг ийм л болсон. Үүнийг цэгцлэх ёстой. Төрийн өмчит 170, орон нутгийн өмчит 270 компани бий. ТУЗ-д 10 орчим хүн байна гэвэл үндсэндээ нэг компанид 20 орчим хүн нийтдээ 470 хүн хэн нэгний гар хөл болж байна. Энэ хүмүүс хамгийн их цалин авч, зугаалдаг. Төрийн өмчит компаниуд ямар өр зээлтэйг байгааг хэлж өгөөч.

ХЗДХ-ийн  сайд Х.Нямбаатар:

-Харин тийм ээ С.Бямбацогт гишүүн ээ. Ийм системээр 30 жил явлаа. Үүнийг өөрчлөх гэж энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Гэнэт мэдэж байгаа зүйл биш. Төрийн өмчит компани алдагдалтай ажилладаг, алдагдалтай ажиллуулсан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй, ТУЗ-д төрийн төлөөллүүд ордог тогтолцоог халахын тулд хуулийн төсөл оруулж ирлээ. ТУЗ-ийг нээлттэй сонгон шалгаруулалтаар авна. Гүйцэтгэх удирдлагыг мөн ялгаагүй ТУЗ-ийн баталсан дүрмээр, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн өмчийн оролцоотой компаниудад тавьдаг тогтолцоог бий болгох нь энэ хуулийн үзэл баримтлал юм. Төрийн өмчит компанийг хоёр жил дараалан алдагдалтай ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг чөлөөлнө. Чөлөөлөх үндэслэл болно. Дараагийн өөр төрийн өмчит компанид, ТУЗ болон захирлаар очих нөхцөл бололцоог хаана. ТУЗ-д нөөцийн систем бүрдүүлнэ. Төрийн төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно гэсэн агуулгаар орж ирж буй. Төрийн өмчит компаниудын Хөгжлийн банкин дах өр төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг асуудал Засгийн газар дээр огт яригдаагүй. Харин тухайн компаниудын хувьцааг дахин хөрөнгөжүүлэх, санхүүжүүлэх байдлаар Хөгжлийн банкин дах өр төлбөрийг барагдуулах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулагдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шатандаа явж байна. Яг адилхан хувийн сектортой адилхан Хөгжлийн банкны өрийг төрийн өмчит компаниудаар өөрөөр нь төлүүлэх бодит ажил хийгдэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухай хууль олон саад бэрхшээл туулж энэ танхимд орж ирсэн. Энэ танхимд оруулахгүй байх их том мөнгөний сонирхол байж ирсэн. Өнөөдрийг хүртэл төрийн өмчит компаниудыг байгуулж, хүнээ тавьж шахаа хийж, хамаг баялгийг хувьдаа идэж, гахай шиг таргалж ирсэн хүмүүс оруулж ирэхгүй саад болж байсан. Х.Нямбаатар сайд уг хуулиар авлигачдын эрх ашгийг хөндөж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Бидний хамгийн арчаагүй байдал сая танилцуулгад байна. Төрийн өмчийн нэгдсэн бүртгэл байхгүй учраас Төрийн өмч, Сангийн яам, Аудитын газар гурван өөр тоо хэлж байна. Үнэндээ төр өмчөө мэдэхгүй байна. Энэ хууль гарвал Б.Цэнгэл дарга юу хийх нь нэмэгдэж, юу хийх нь хасагдах юм. Хууль зүйн техник, найруулгаа бодоорой. 24 дүгээр зүйлд “Орон нутгийн өмчийг хариуцсан тухайн засаг захиргааны нэгжийн чиг үүрэг гэж заасан байна. Засаг захиргааны нэгжийн чиг үүргийг энэ хуульд заахгүй. Улс төрийн албан тушаалтныг ТУЗ-д оруулахгүй нь зөв. Гуравны нэгээс доошгүй нь төрийн захиргааны төлөөлөл байна гэж байна. Томьёоллоор төрийн захиргааны байгууллага гэдэг нь яам, агентлагаа хэлээд байгаа юм уу. Төрийн захиргааны байгууллагын төлөөлөл гэж цаашдаа хууль тогтоомжид бий болох юм уу.