Жастин Бибер “Ramsay Hunt syndrome” буюу нүүрний саажилттай болсноо мэдэгджээ

Дэлхийн мэдээ

Канадын поп од Жастин Биберийн энэ оны хоёрдугаар сард эхэлсэн Justice World Tour аялан тоглолтын удахгүй болох гурван концерт цуцлагдсан тухай зохион байгуулагчид нь энэ долоо хоногт мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр 28 настай дуучин маань Инстаграм хуудсандаа яагаад тоглолтоо цуцлах болсныг тайлбарлажээ.

Тэрбээр “Ramsay Hunt syndrome” гэгддэг өвчинтэй болсон юм байна. Ийм өвчин хүний чихний ойролцоох нүүрний мэдрэлийн системд нөлөөлдөг гэнэ.

“Миний нэг нүд анивчихгүй байгааг та нар харж байгаа байх. Нүүрний энэ хэсгээрээ би инээж чадахгүй байна. Тэгэхлээр миний нүүрний нэг тал бүрэн саажсан гэсэн үг” гэж тэр Инстаграм хуудсандаа нийтэлсэн гурван минутын урт видео мэдэгдэлдээ ярьсан байна.

Ийм шалтгаанаар тоглолтуудаа цуцлах болсныг Бибер 240 сая дагагчдаа тайлбарлажээ.

“Энэ бол нэлээд ноцтой асуудал. Миний бие махбод намайг жаахан амсхийх хэрэгтэй болсныг хэлж байх шиг байна. Залуус та нарыг ойлгосон гэдэгт найдаж байна. Би амарч, тайвширч, зуун хувь сэргэхэд цагийг зарцуулах хэрэгтэй боллоо. Ингэснээр би хийх гэж төрсөн зүйлээ дахин хийж чаддаг болно” гэж тэр ярьсан байна.

Бибер энэ долоо хоногт АНУ-ын нийслэл Вашингтон болон Канадын Торонто хотуудад тоглох хуваарьтай байсан юм. Бас ойрын өдрүүдэд Нью-Йорк, Лос-Анжелес хотуудад тоглох төлөвлөгөөтэй байжээ.