Украины Мариуполь хотод гэдэсний халдварт холер өвчний халдвар дэгдээд байна

Дэлхийн мэдээ

Украины Мариуполь хотод гэдэсний халдварт холер өвчний халдвар дэгдээд байгаа талаар тус хотын захирагч Вадим Бойченко мэдэгдлээ. 

"Хотод холер, дизентери болон бусад халдварт өвчин дэгдээд байна. Гэтэл /хотыг эзлэгсэд/ нуун дарагдуулж байна. Хотод хөл хорио тогтоохоор хаасан. Тэндээс хэнийг ч гаргахгүй, бас оруулахгүй байна" гэж хотын захирагч ВВС агентлагт ярьжээ. 

Түүний тооцоолсноор олон арван хүн холероор өвчилсөн бөгөөд энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. "Халдвар маш хурдан тархаж байна. Зогсоох ямар ч нөхцөл алга. Эмч ч байхгүй, халдварын эмнэлэг ч байхгүй. Манай халдвартын эмнэлэг бүх тоног төхөөрөмжтэйгөө сүйрсэн, эмч нарыг нь хөнөөсөн" гэж хотын захирагч хэлжээ. 

Тэрээр энэ халдвараас болж олон мянган хүн амиа алдаж болзошгүй байна гэв. Мөн тус хотод олон хүний цогцос байгаа бөгөөд тэдгээрийг хурааж цэвэрлэхгүй байгаагийн дээр хэт халж бас аадар бороо орж байна гэлээ.

Мариуполийн ус хангамжийн систем сүйджээМариуполийн ус хангамжийн систем сүйджээ