“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаар Хөгжлийн банкны зээлийг барагдуулна

Улс төр

“Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 14.5 хувь иргэд, олон нийтийнх бол үлдсэн хэсгийг дотоодын цөөн тооны аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Харин 81.5 хувь нь төрийн мэдлийнх. Төрийн нэрийн өмнөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол” хариуцдаг. Тэгвэл төрийн мэдлийн 81.5 хувийн хувьцаанд хамаарах хуримтлагдсан ногдол ашгаар Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөхөөр болж байна. Тодруулбал, зээлийн эргэн төлөлтөд зарцуулах ногдол ашиг нь 2019 оны ногдол ашиг бөгөөд төрд ногдох ногдол ашгийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” компани өөрийн толгой компани “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж байгаа юм. Эргэн сануулахад, иргэдийн хувьд ногдол ашгаа арилжааны банкны дансаараа дамжуулан авсан бөгөөд 1072 хувьцаатай иргэнд 86.8 мянган төгрөгийг шилжүүлж байсан билээ. “Эрдэнэс Монгол” компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 155.5 тэрбум бөгөөд үүнийг барагдуулах дээрх шийдвэрийг тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул УИХ-ын Хянан шалгах түр хорооны хурлын үеэр танилцуулсан юм. Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо нь төрийн өмчит компаниудын хамааралтай зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад мөн анхаарал хандуулж эхэлсэн. “Эрдэнэс Монгол” компанийн хувьд бүтэц, зохион байгуулалт нь шинэчлэгдэж, үйл ажиллагаа нь илүү төрөлжиж байгаа. Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл энэ сарын байдлаар 3.2 их наяд төгрөг байгаа бөгөөд 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгджээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор зохион байгуулсан “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийн үеэр бүртгүүлж, сонгон шалгаруулалтад тэнцсэн 61 иргэнтэй зургадугаар сарын 7-ны өдөр Цанхи хотхонд хөдөлмөрийн гэрээ байгууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяа болон компанийн хүний нөөцийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгаас нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг ажлын байранд нь томилж, ажлын амжилт хүслээ. Мөн компаниас өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр дээрх өдөрлөгийн үеэр бүртгүүлж, шалгаруулалтад тэнцсэн 61 залуустай хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үеэр нээлттэйгээр анкет бөглөн, ярилцлага, шалгаруулалтад тэнцэн ажилд орж байгаадаа баяртай байна гэдгээ орон нутгийн иргэд хэлж байсан бөгөөд энэ өдөр ажилд томилогдсон 64 ажилтан Хөдөлмөр Аюулгүй байдал, Эрүүл ахуйн шинэ ажилтны сургалтдаа хамрагдав.