Москва хот дахь “Гранд Сетунь плаза” бизнес төвд гал гарч барилгыг бүхэлд нь хамраад байна

Дэлхийн мэдээ

ОХУ-ын нийслэл Москва хотын баруун хэсэгт орших “Гранд Сетунь плаза” бизнес төвд гал гарч, түймэр барилгыг бүхэлд нь хамарчээ.

Барилгын зургаадугаар давхарт хэд хэдэн хүн гарах гарцгүй болсон байгаа талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Түймэр нийт 1000 кв.м талбайг хамарч, галыг унтраахаар 180 хүн, 41 техникийн нэгж ажиллаж байгаа аж.

Бизнес төв шатаж байгаа талаарх дуудлага өглөөний 09:31 минутад иржээ. Одоо барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэлт явагдаж байна. Гал сөнөөгчид бизнес төв рүү түргэн тусламжийн 15 машин дууджээ. Одоогоор хүний амь эрсэдсэн талаарх мэдээлэл алга байна.

ОХУ-ын Онцгой байдлын сайд Александр Куренков түймэр гарсан төвд очсон бөгөөд тус төв рүү чиглэсэн гудамжны хөдөлгөөнийг хязгаарлажээ.