Бангладеш улсын Читтагонг хотод томоохон дэлбэрэлт болж 40 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ

Дэлхийн мэдээ

Бангладеш улсын Читтагонг хотод чингэлэгт гарсан гал түймэр, түүнээс үүдэлтэй дэлбэрэлтийн улмаас 40 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. 

Галыг унтраахаар олон зуун гал сөнөөгч очсоны дараа дэлбэрэлт болсон байна. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа ч хэд хэдэн чингэлэгт шатамхай бодис хадгалагдаж байсан гэж эрх баригчид үзэж буй. Хотын эмнэлгүүд гэмтэж бэртсэн өвчтнүүдээр дүүрсэн бөгөөд эрх баригчид сайн дурынхныг цусаа хандивлахыг уриалж байгаа аж. Заримыг нь цэргийн эмнэлэгт хэвтүүлсэн байна. 

Шархадсан хүмүүсийн ихэнхийнх нь биеийн байдал хүнд байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байна хэмээн болгоомжилж байгаа аж. 

Дэлбэрэлтийн улмаас таван гал сөнөөгч бэртэж, хэд хэдэн сэтгүүлч сураггүй алга болжээ. 

Дэлбэрэлт олон км-ийн цаанаас сонсогдох хэмжээний хүчтэй байсан бөгөөд ойролцоох барилгуудын цонх хагарсан байна. Ням гарагт гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байсан ч ар араасаа цуварсан жижиг хэмжээний дэлбэрэлт болж, ажлыг нь удаашруулж байв.