“1300 метрийн гүн 2.5 минут”

Нийгэм, Эдийн засаг

Есөн хилийн залуус ердөө л нэг зорилготой
Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын санаачилга, дэмжлэгээр Өмнийн цэнхэр говийн хамгийн том бүтээн байгуулалт болох Оюу Толгойн уурхайтай танилцаад ирлээ. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй гүний уурхайгаар орсон нь хүн бүхэнд олддоггүй завшаан гэдгийг энд онцлон хэлэх байна. Ургах нартай уралдан Улаанбаатараас хүлгийн жолоо залсан бидний хэдэн сэнгүүлчид шөнийн 23 цагт Оюутолгойн “кэмп”-эд аяны дөрөө мултлахад юун амралт, уурхайн шөнийн ээлжийнхэн тус тусын ажлын байрандаа шоргоолж адил нааш цааш гүйлдэцгээх нь хариуцлага гэж үүнийг хэлэх байх, ингэж л бүтээн байгуулдаг байх гэх сэтгэгдэл төрснийг нуух юун. Мэдээж цаг цар тахлын шинжилгээ өгч цааш нэвтрэх эрхтэй болсноор “Оюут2” гэх чингэлэг бүхий ажилчдын амрах хотхонд тухаллаа. Хүнд хүчир ажил эрхэлдэг уурхайчдын амралтын хотхон нүүдлийн хэдий ч интернэт сүлжээ, кабелийн тв, халуун , хүйтэн ус, шүршүүр, ус цэвэршүүлэгч гээд хүнд хэрэгцээтэй бүхий л зүйлээр хангагджээ. Орчны цэвэр цэмцгэр байдал, ая тухын тухайд хэлэх өө алга. Харин монголчууд өөрсдийн ая тухыг хэрхэн бий болгох нь тухайн хүний асуудал биз ээ. Нүдээ аньсхийгээд нээхийн зуурт их говийн дугараг улаан нар гэгээвчээр мэндлэхэд уурхайчны хот хэдийнээ бужигнаж эхэлжээ. Есөн хилийн залуус өөр өөрийн хэлээр мэнд амраа мэдэлцэж тогоруун цуваа адил жим үүсгэн нэгэн зүг одоцгоох нь өглөөний цайндаа орцгоож байгаа нь тэр ажээ. Их говийн бэлэгдэл болсон баавгай “Мазаалай” –гаар нэрлэсэн хоолны газрын танхим цэлгэр агаад цэмцгэр, улбар шараар ижилссэн ч нүднийхээ өнгөөр ялгарах хүдэр чийрэг уурхайчид зөгий дүнгэнэсэн ч сонстохоор тийм чимээ аниргүй орчинд хооллоно. Заримын нь нүд гунигтай ч юм шиг, эх орон элгэн саднаасаа хол яваа болоод тэр биз. Харин монголчууд өөр , харц нь сэргэлэн, хааяахан өөр хоорондоо хөгжилдөж буй харагдана. Говийн таана амтагдсан махны үнэр, амттай хоолны үнэр хамар цоргино. Эрхэлдэг ажлаасаа шалтгаалдаг биз, өнгө өнгийн хормогчтой тогооч залуус “ Тавтай хооллоорой” хэмээн хүн бүхэнд инээмсэглэл бэлэглэх нь энэ газрын соёл болой. Дашрамд сонирхуулахад мазаалай хоолны газар нэг өдөрт 12600 ширхэг өндөг, дөрвөн тонн ногоо, 1.2 тонн гурил, 1.4 тонн будаа, 350 литр тос, 400 литр сүү, 1.8 тонн жимс, 30 минутад 1500 хоол хийх чадалтай, ачаалал ихтэй өдөр нэг дор 6000 порц хоол хийдэг гэх энэ үзүүлэлтээс харахад ямар чадалтай, багтаамжтай гэдэг нь харагдаж байгаа байх. Энд бүх юм өөрийн гэсэн хууль дүрэмтэй. Түүнийг зөрчих нь нэгээхэн ч үгүй. Угтаа биелүүлж цөхөх зүйл ч биш аж. Өөрөө өөртөө хайртай байх хариуцлага л юм байна.


Ил уурхайгаас эхлэсэн аялал
Автобусны цонхоор уурхай бүхэлдээ харагдана. Дэлхийд тамгалагдсан энэ уурхайтай бүтэн өдөр багтаж танилцана гэвэл үлгэр. Хариуцлагатай уул уурхай, хувь хүний хариуцлага, байгууллагын соёл гэдгийг монголчууд эндээс суралцдаг ч байж мэднэ. Уурхайд зочилсэн хэн бүхэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, шаардлагатай хувцас өмсөж, багаж хэрэгслийг биедээ хэрхэн зөв авч явах талаар аюулгүйн ажилтнаас зааварчилгаа авч явах учиртай. Тэр л зарчмаар ил уурхайн олборлолтын ахлах зөвлөх С.Сэргэлэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгснөөр бид цааш нэвтэрсэн юм. Уурхайн үйл ажиллагааг энгийнээр тайлбарлавал өрөмдөх, тэслэх, ачих, тээвэрлэх, бутлах гэсэн дамжлагат хуваагддаг аж. Эдгээр үе шатаар олборлосон хүдрээ үндсэн бутлуурт оруулж хөлбөмбөгийн бөмбөгийн дайтай болгож 3 км урт туузан дамжлагаар баяжуулах үйлдвэр лүү зөөвөрлөнө. Оюу Толгойн ил уурхайн олборлолтын хувьд 10 үе шатаар үйл ажиллагаагаа төлөвлөн явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр үе дуусч, тавдугаар үе шатандаа явж байгаа аж. Ил уурхайг 2037 онд ашиглаж дуусна гэсэн судалгаа гарчээ. Эндхийн нийт ажилчдын 20 хувийг эмэгтэйчүүд, дундаж наслалт 40-45 гэдгийг ахлах зөвлөх С.Сэргэлэн сонирхуулав. Нээрээ л хүдэр ачсан аварга том техникүүдийг бүсгүйчүүд эрхшээлдээ оруулсан харагдах нь гайхалтай. Өөрсдөө ч энэ ажлаараа бахархдаг юм билээ. Тэд өөр өөрийн бүхээгтээ жаргалтайяа ажилладаг нь нь харваас илт. Цагаан хадныхан шиг нүүрсэн дунд явдаггүй учраас өглөөхөн будсан уруулын будагны өнгө нь гялалзаж, нүүрэн дээрээ тавьсан энгэсэг нь ширхэглэн гялалзана. Бүсгүйчүүдийн гарын аясаар нүргэлэх хүчит техник цагт 200 л түлш зарцуулдаг, зөвхөн нэг дугуй нь 45 мянган ам. долларын үнэтэй гээд боддоо.
Дампын оператор Б.Оюунчулуун “Дампын оператор болохын тулд зургаан сарын сургалтад хамрагддаг. Урд нь үйлчилгээний хэлтэст 2012 оноос хойш ажиллаж байгаад сургалтад хамрагдан оператор болсон. Би үүнээс өмнө бас л Оюу Толгойн сургалтын төвөөр дамжин цахилгаанчин мэргэжлийг эзэмшсэн ч дахин сургалтад хамрагдаад энэ мэргэжлийг эзэмшсэндээ баяртай байгаа. Манай компани Ханбогд суманд мэргэжлийн сургалтын төвтэй, түүгээрээ дамжуулан нутгийн иргэдэд мэргэжил эзэмшүүлэн ажлын байраар хангаж байгаа. Би тэр төвөөр л дамжин мэргэжилтэй болж, компанидаа ажиллаж байна. Том машин жолоодох тийм амар ажил биш, хувь хүнээс асар их ур чадвар, авхаалж самбаа, зааж буй багш нараас ихээхэн шалтгаалдаг. Одоо харин гүний уурхайд дамп барихыг мөрөөдөж байна” хэмээн ажлаараа бахархангуй хуучилсан юм. Хяналтын өрөө ихэд анхаарал татсан. Олон дэлгэц эгнүүлэн суусан залуус өөр хоорондоо үг солих ч завгүй. Энэ өрөө уурхайн хамгийн чухал хэсэг бололтой. Учир нь уурхайд ажиллаж буй техник хэрэгслүүд эд анги нэг бүрээрээ холбогдсон байх бөгөөд өчүүхэн төдий асуудал үүсэхэд тэндээс мэдээлэл, зааварчилгаа өгч тухай бүрт нь шийдүүлдэг юм байна. Дампын операторууд ч мөн тусгай зориулалтын толгойн өмсгөл зүүдэг. Түүгээр нь дамжуулан тэднийг ядарч байгаа эсэх, стресст өртсөн эсэх гээд ажиллах чадварыг нь тогтоодог гэнэ.
Ил уурхайн хяналтын өрөөний ахлах инженер Т.Нямтайван “Манай өрөө ерөнхийдөө уурхайн аюулгүй ажиллагааг багасгах, үйл ажиллагааг зохицуулж, зөв зохистой хуваарилалт хийх үүрэгтэй. Дөрвөн ээлжээр тасралтгүй 24 цагаар ажилладаг. Манай үйл ажиллагааны нэг томоохон хэсэг нь хананы нуралтыг хэмждэг. Уурхайг тойроод хананы хөдөлгөөн хэмжигч төхөөрөмжүүд нь байдаг. Тэнд хөдөлгөөн илэрсэн тохиолдолд бидэнд мэдээлэл ирнэ. Мөн ажилчдын алжаал ядаргаа, стресс мэдрэгчийг хамгийн сүүлийн үеийн толгойн өмсгөлөөр дамжуулан мэдээлэл авч ажлаас түр чөлөөлж орны хүнийг нь ажиллуулдаг. Хамгийн сүүлийн үеийн техник технологиор бүрэн хангагдаж, аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна” хэмээсэн.


Баяжуулах үйлдвэр
Эндээс гараад баяжуулах үйлдвэрийг зорилоо. Ил уурхайн үндсэн бутлуураас бутлагдаж гарсан хүдрийг зөөж буй туузан дамжлага жижиг оврын галт тэрэг мэт суналзаж харагдана. Баяжуулах үйлдвэррүү нөгөөх л аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа авснаар нэвтэрлээ. Нүргэлсэн чимээ, юу гэж хэлж мэдэхгүй ч химийн бодисын сулхан үнэр энэ бүгд баяжуулах үйлдвэр гэдгийг мэдрүүлж байв. Тус үйлдвэрт мөн л хяналтын өрөө байх агаад дэлгэц дүүрэн тоо томьёо эрээлжлэн урсаж харагдана. Тус үйлдвэрийн ерөнхий металлургич Н.Баттөр “Уурхайгаас олборлосон хүдрийг 150 микрон болтол нунтаглаад дараачийнхаа цикль болох хөвүүлэн баяжуулах хэсэгт шилжүүлдэг. Хоногт 120 мянга гаруй тонн хүдэр боловсруулах чадалтай, 2000-3000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Энэ хэсэг маань үндсэн, цэвэрлэгээний, хяналтын гэсэн үе шатлалтай. Хамгийн сүүлд 21.5 хувийн зэсийн агуулгатай баяжмал үйлдвэрлэдэг. Баяжмалын хувьд алтны агууламж 8гр тоннтой, зэс нь 21.5 гр тоннтой. Давхар хяналтын элементүүдээ хянаад явдаг ” гэдгийг бидэнд ярьсан юм. Ингээд бидний үдээс өмнөх аялал дуусч өдрийн хоолны цаг болсон.


1300 метрийн гүн 2.5 минут
Харин үдээс хойш газрын гүний 1300 метрт байрлаж буй гэдгээрээ монголдоо анхдагч, томд тооцогдох гүний уурхайн зүг хөдөллөө. Бусдаас арай содон саарал өнгөтэй өндөр барилгыг чиглэн явав. Ямар өндөр барилга вэ гэж хажууд сууж буй хүнтэйгээ ярих зуурт хөтөч маань өндрөөрөө “Эрх чөлөөний хөшөө”-тэй тэнцэнэ гэж тайлбар хийлээ. Энэ өндөр барилга маань газрын гүнрүү хүн болон ачаа тээвэрлэх, гүнээс олборлосон хүдрийг дээш гаргах зориулалттай босоо ам юм. Гүнд нэвтрэхээс өмнө нөгөө л аюулгүй ажиллагааны зааварчилгаа сонсож онцгой байдлын үед амь хамгаалах баг, малгай, малгайн гэрэл, зориулалтын хамгаалах нүдний шил, бээлий, зориулалтын ажлын гутал гээд шаардлагатай хувцас өмсөж, багаж хэрэгслийг биедээ зүүн бэлтгэлээ хангалаа. Энэ бүхнийг биелүүлээд бие биенээ харан “Яг л уурхайчин болчихжээ” гэж хөнгөн наргицгаасан юм. Хөтөч инженерүүдийн хэлснээр бид сage буюу 300 хүний багтаамжтай цахилгаан лифтэд сууж 1300 метрийг 2.5 минутад туулан доош уруудлаа. Газрын гүнд бууж ирээд бодож байсан бодол, бодит байдал хоёр тэс өөр байсан. Гэрэл, гэгээ болсон цэвэр орчин гэтэл би дотроо “Шороо нь нурсан харанхуйвтар, айдас хүргэм бүүдгэр орчин” гэж бодох. Нүдээр үзэх, чихээр сонсох хоёрын хооронд ямар их ялгаа байдгийг энд ирснээр бүрэн ойлголоо. Оюу Толгойн гүний уурхайд 1300 метрийн гүнд 200 км урт хонгил баригдахаар төлөвлөсний 100 гаруй км хонгил өнөөдрийн байдлаар баригдсан гэдгийг уурхайн олборлолт хариуцсан инженер Б.Батзаяа гэх шавилхан биетэй, сайхан яриатай бүсгүй маань хэлж байлаа. Мөн түүнчлэн зөвхөн гүний уурхайд мөрдөгддөг дүрэм байдаг. Зарим малталт нь нэг чигийн урсгалтай, зарим нь хоёр чигийн урсгалтай байдаг ч тухайн дүрмээр л зохицуулагддаг гэнэ. Явган зорчигч зорчиход зориулагдсан булан 30 метр тутамд байдаг гэдгийг ч мөн хэлж байсан юм. Салбарласан хонгилууд бүрэн баригдаж дууссанаар уурхайн хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэх гэнэ. Тиймээс гүний уурхайн иж бүрэн цогцолборыг блокчлон олборлох орчин үеийн технологи ашиглан барьж буй. Энэ арга нь хүдрийн биетийн доогуур нэвтэрч доороос тэсэлж биетийг доош нь суллаж авах арга юм байна. Ил уурхайн аргаар олборлох боломжтой орд шавхагдахтай зэрэгцэн блоклон олборлох аргыг сонирхох нь дэлхий даяар элбэг болж байгаа гэнэ. Блоклон олборлох арга нь гүний уурхайн бусад аргыг бодвол бүтээн байгуулалт хийгдсэний дараа зардал багатай, бүтээмж өндөртэй байдгаараа давуу талтай тул Оюу толгойн бүлэг орд шиг газрын гүнд, том хэмжээтэй, харьцангуй бага, дунд металлын агуулгатай хүдрийн биетийг олборлоход тохиромжтой гэж үзжээ. Гүний уурхайн барилгын ахлах ажилтан Б.Билгүүн “Тэсэлгээгээр бутарсан хүдрийг том оврын автомашинаар тээвэрлэн хүдэр буулгуураар дамжуулан хүдэр буулгах цэгт хүргэж, тэндээс бутлуурын хэсэг рүү утгуурт ачигчаар зөөж бункерт хийдэг. Байнгын ажиллагаатай учраас доод суурь замыг 100 мегапаскалийн даацтай Монголд үйлдвэрлэсэн маш бат бөх бетон хавтан буюу фанелиар угсарсан. Бункер нь 460 тоннын багтаамжтай, 36 метр өндөртэй, гурван метрийн диаметртэй ган хийцлэлтэй. Доороос нь тухай бүрт машин тосож авна. Дамжуулагч бункерын давуу тал нь бүрэн автоматжсан. Машин ирээд зогсоход ямар нэг операторын шаардлагагүй тусгай мэдрэгчээр өөрөө нээгдэж хаагддаг. Уурхай бүрэн ашиглалтад орсноор өдөрт 95 мянган тонн хүдрийг газрын гадарга руу гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн ажил бүрэн дуусаагүй тул тэр хэмжээнд хүрэхгүй байгаа” гэж хэллээ.
М.Даваадулам &87
Энэ бол би. Оюу Толгойн гүний уурхайд хөл тавьсан Монголын мэдээ сонины сэтгүүлчийн хөрстөд үлдээсэн дугаар. Уурхайн гүнд нэвтэрч буй хүн бүр тусгайлан нэрийг нь бичиж дугаарласан пайзыг биедээ авч явах учиртай. Уурхайн гүнд орохын өмнө хананд байрлаж буй ажилчдын пайзны дэргэд өлгөж, буцахдаа заавал авч гардаг. Хэрэв пайзаа мартсан тохиолдолд гүнд хэн нэгэн үлдсэн байна гэж үзээд тэсэлгээ явуулах боломжгүй гэж үздэг юм байна. Тухайн хүн пайзаа өөрөө очиж авах ёстой. Энд хувь хүнээс алхам тутамд нь хариуцлага, анхаарал болгоомж шаардана. Цааш үзэх, харах зүйл их байсан ч бидний аяллын товлосон цаг аль хэдийн хэтэрсэн тул дээш гарахаас өөр арга байсангүй. Биднийг гарч ирэхэд зөрөөд доош буухаар хүлээн зогсох уурхайчин залуусын “Хувьтай хүн ийшээ /гүний уурхайд/ ордог шүү” гэж хэлсэн үг сэтгэлд их дотно сонсогдож, “Ийм хэдэн хариуцлагатай уул уурхайтай болчихвол хөгжил ойрхон байна даа” гэсэн сайхан итгэл тээсээр энэ өдрийн аялалаа дуусгасан юм. Гүний уурхайтай танилцах хүсэл хүн бүрт байгаа ч боломж нь хомс юм даа. Тиймээс үндэсний бахархал болсон бүтээн байгуулалтыг нүдээр үзэж, гараар барьсан бид азтай бас хувьтай.