Багачуудад зориулсан Монголын анхны мөсөн циркийн тоглолт энэ сарын 28-наас эхэлнэ

Соёл урлаг, Спорт

Монгол циркийн гайхалтай үзүүлбэрүүдийг мөсөн талбайтай хослуулан бүтээж буй анхны мөсөн циркийн "Сүүлт одны нууц" тоглолтыг хүүхэд багачуудад зориулан  тавдугаар сарын 28, 29, 30, 31, зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд Мөсөн өргөөнд болох гэж байна.

Сүүлт Одны Нууц мөсөн циркийн агуулгаас дурдвал тал газарт сүүлт од унаснаар газрын хөрс, ургамал нь тэнгэрийн биетээс энергийг шингээн авч ер бусын онцгой увдис,  байгалийн тогтолцоотой болжээ.

Учрал, Цацрал хоёр мөсөн дээр тоглож байтал мөс цөмрөн аюулд орсноор хачин сонин, сонирхолтой адал явдал эхэлнэ. Айж сандарсан хүүхдүүдийг ер бусын хүч нуурын гүн дэх гайхалтай шидийн газарт аваачих болно. Шидийн энерги тэр хоёроос аварсныхаа хариуд тусламж гуйснаар үйл явдал цааш  хөврөх юм.

Тоглолтод:

  • Уран нугаралт
  • Олс дээр явах тэнцвэрийн үзүүлбэр
  • Жонглёр
  • Агаарын цагариг
  • Дээсээр наадагчид
  • Агаарын нисэлт
  • Шидэлттэй банзны зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ.

Ерөнхий найруулагчаар бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн циркийн тэнхимийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатар ажилласан бол Монголын Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо, Монгол Улсын Консерваторийн циркийн мэргэжлийн сургуулийн уран бүтээлчид бүтээлээ толилуулах юм байна.

Харин тасалбарын үнэ 30,000-60,000 төгрөгийн үнэтэй аж.

Манай улс 2021 онд дэлхийн стандартад нийцсэн Мөсөн өргөөтэй болсон бөгөөд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Архивчдын гудамжинд байршилтай билээ.