“ОЛОН УЛСЫН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОХ НЬ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Улс төр
EITI (ОҮИТБС)-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газар, Лондон хотноо төвтэй Open Ownership олон улсын байгууллагаас дэлхийн 13 улсад хэрэгжүүлж буй "Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь" төслийн Монгол дахь нээлт энэ сарын 19-нд Туушин зочид буудалд боллоо.
Таван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүдийн жинхэнэ эзэд, эцсийн өмчлөгчдийн ил тод байдлыг сайжруулахад хууль тогтоомжуудыг уялдуулах, мэдээлэл цуглуулж, шалгах стандартыг боловсронгуй болгоход чиглэсэн техникийн чадавхыг нэмэгдүүлэх цогц үйл ажиллагаа явуулах юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry-ны Судалгаа, хөрөнгө оруулалтын газрын дарга бөгөөд Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь төслийн Монгол дахь чиглүүлэгч Э.Батболд, ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон, “Нээлттэй өмчлөл” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Ден Таузенд, УУХҮЯ-ны СХОГ-ын Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Монголын ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон болон эцсийн өмчлөгчдийг ил тод болгоход оролцогч төрийн байгууллагын бүх төлөөлөл, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо.
Төслийн хүрээнд байгалийн баялгаас ашиг хүртэгч эцсийн өмчлөгчдийн ил тод байдлыг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөнд оролцогч талууд болон олон нийт саналаа өгөх боломжтой нээлттэй.