Б.Энхбаяр: Наадам хэрүүлтэй болоод байгаа нь улстөрчид оролцсонтой холбоотой

Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

 Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны  зургадугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгажээ. Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдол их гарсаар байна.

Хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм, журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна” хэмээв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Наадам хийсний дараа бөөн хэрүүл, маргаан болдог. Оруулж ирсэн төслөөр бол хурдан морины сэрвээний асуудлыг шийдэж чадахгүй юм байна. Монгол үүлдэрийн адууны стандартад нийцсэн зургаан насны морь гэж байна. Монгол морины стандарт гэж бий юу. Одоо сэрвээний өндөрт нийцүүлсэн эрлийз адуунууд төрүүлдэг болсон байна. харахаар толгой, сүүл нь эрлийз. Тэгээд сэрвээг нь хэмжээг нийцдэг. Яавал хэл амгүй, будилаангүй наадам болох вэ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Морины генетик нөөцийг цуглуулж, харьцуулсан шинжилгээ хийхэд тодорхой цаг хугацаа орно. Монголд адууны гурван стандарт бий бөгөөд үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр, мөн энэ хоёрыг нийлүүлсэн стандарт гэж байдаг. Даагыг 120 см-ээс өндөргүй гээд стандарт тогтоосон юм байна. Үүлдэрлэг байдлаар стандарт тогтоох нь асуудал дагуулдаг.  Цаашид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. УИХ-ын гишүүд ээ, хэдүүлээ хэлэлцэж байгаа асуудлынхаа гол цөм рүү ормоор байна. Гол цөм нь хэрүүлгүй наадам хийх. Хэрүүлгүй наадам хийхийн тулд уралдуулах морьдын сэрвээний өндрийг хүн оролцуулахгүйгээр лазераар хэмжье. Сэрвээний өндрийг хатуу метрээр хэмжвэл хэрүүл зогсохгүй. Тиймээс холоос лазераар буудаж, тэрийг нь лайваар харж байгаад төхөөрөмжөөр хэмжиж, морио уралдуулъя. Энэ хооронд монгол морины генетик нөөцийг цуглуулж, монгол морины стандарт гаргахыг Засгийн газарт даалгая. Тэгээд 2024 оны долдугаар сард генетик нөөцийн хуулийн дагуу генийн дараалал бий болсон адууг уралдуулъя. Тэр болтол 2022, 2023 онд морио өнгөрсөн жил баталсан сэрвээний өндрийн стандартаар уралдуулъя. Жишээлбэл, даага 127 см-ээс намхан байна. Их нас, соёолон 141 см хүртэл байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Чуулганы хуралдаан уяачдын холбоо, бөхийн холбооны хурал болж хувирлаа. Нэг хэсэг нь монгол адуу уядаг уяачид, нөгөө хэсэг нь эрлийз адуу уядаг уяачид. Бөх нь юу ч болоод байгаа юм.

Үндэсний баяр наадам бол монголчуудын эв нэгдлийн баяр юм. Гэтэл сүүлийн үед наадам хэрүүлтэй болоод байгаа нь улстөрчид оролцсонтой холбоотой. Үндэсний баяр наадмын тухай хууль батлагдсанаас хойш болохоо байсан. Хууль гаргаж, улстөрчид оролцоод улам самарсан. Одоо дахиад самарч эхэллээ. Улстөрчид нь бөхийн холбоо руу ордог. Өөрөө өөрсдөө удирдлагаа хэрэгжүүлээд, муугаасаа ангижраад явах боломжтой.

Энэ асуудлыг Ерөнхийлөгч дүрэм гаргаад зохицуулаад явах боломжтой харилцаа. Гэтэл хууль гаргаад, өнөөдөр бид морины өндрийн лазераар хэмжих тухай ярьж байна. Энэ УИХ-ын ярих асуудал мөн үү. Удахгүй аймаг, аймгаараа талцах байх. Эв нэгдэл гэдэг  утгыг хадгалж хандаасай гэж эрхэм гишүүдээс хүсэж байна гэв.

Үндэсний баяр наадмыг нэгэн өдөр хийнэ хэмээн хуулийн төсөлд тусгаад байгаа бөгөөд онцгой байдал зарласан, цар тахал дэгдсэн үед Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр өөр өдөр хийхээр томъёолсон аж. Ингэснээр наадам хэсч найраа хийдэг асуудлыг зохицуулна хэмээн үзэж буй юм байна. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу Монгол Улс өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийдэг болох ёстой аж.