Г.Батзам: Бид аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагчдыг бүхий л талаар дэмжин ажиллана

Улс төр

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамтай аялал жуулчлал болон тус аймгийн эдийн засгаа сэргээх бодлогын талаар ярилцлаа.  

 

-Боржигин түмний гал голомтыг авч явах их хувь заяа  Говьсүмбэр аймгийнханд оноогджээ.  Тэгэхээр өв соёлоо тээж хойч үедээ өвлүүлэхийн тулд та бүхэн ямар ажил хийж байна вэ?

-Монгол Улсын иргэдийн дийлэнх нь Боржигин овогтой гэж яригддаг. Энэ овгийн түүхийг сөхвөл их эртнийх. Өнөөдөр Говьсүмбэр аймгийн тойрсон дөрвөн аймгийн 17 сум хуучнаар  Цэцэн хан аймгийн Боржигин хошууны нутаг дэвсгэр дээр байгаа юм. Говьсүмбэр аймгийн нутагт Боржигиний хошууны гол төв байсан. Иймд Говьсүмбэр аймаг 1994 онд байгуулагдсан. Тэгээд   анхны Боржигин наадам хийсэн. Үүнээс  хойш дөрвөн жил тутамд ийм наадам хийж ирсэн юм. Хамгийн сүүлд 2018 онд Боржигин наадам буюу өв соёлын фестиваль хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулсан. Өнөөдөр Боржигин түмний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд танилцуулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Монгол сакура буйлс цэцэглэх хавар” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж эхэллээ.  Үүнээс гадна Боржигиний өв соёлыг тээгчид болон түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд Говьсүмбэр аймгийн Засаг дарга болон түүний тамгын газраас холбогдох байгууллагуудтай хамтран олон ажил зохион байгуулж ирсэн. Тухайлбал, 2016 оноос өнөөг хүртэлх хугацаанд Боржигиний өв соёлыг биет болон биет бусаар тээн өвлөгчдийн зөвлөгөөн хийдэг болсон. Мөн Боржигин умарзай, уртын дууч, морин хуурчийн уралдааныг бүс, аймгийн хэмжээнд жил бүр зохион байгуулдаг. Харин “Ковид-19” цар тахлын үед бүсийн чанартай уралдаан завсарласан. Гэвч орон нутагтаа цахимаар зохион байгуулсан. Ер нь Боржигиний өв соёлыг тээгчид жилээс жилд цөөрч байгаа. Иймд бид Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтарч өв соёл тээгч ахмадуудаа Боржигин чуулга, ерөнхий боловсролын сургуульд зааж зөвлүүлэх түгээн дэлгэрүүлэхээр ажиллуулдаг.

-Музей түүхэн дурсгал, өв соёлоо түгээн сурталчлах том арга хэлбэрийн нэг. Тэгэхээр музейн сан хөмрөгөө бүрдүүлэх, нэмэгдүүлэх, төрөлжүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Энэ бүхнийг яаж зохион байгуулж байна вэ?

-Өв соёлын түүхэн эд өлгийн зүйл харьцангуй ховор байна. Гэхдээ хувь хүнд байгаа эд өлгийн зүйл тодорхой хэмжээгээр худалдан авч Боржигин өв соёлын музейн сан хөмрөгийг  баяжуулж байгаа. Харин их үнэтэй болсон байна. Орон нутгаас багахан хэмжээний мөнгө гаргаж цөөн тооны эд өлгийн зүйл авдаг. Харин түүхэн дурсгалт газруудаа улс болон орон нутгийн хамгаалалтад авсан. Ийм байдлаар зохион байгуулж байгаа.

-Говьсүмбэр аймаг аялал жуулчлалаа хөгжүүлэх, Боржигин өв соёлоо сурталчилж эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах юм бол. Та бүхний зохион байгуулсан “Монгол сакура буйлс цэцэглэх хавар” арга хэмжээг үүнд чиглэсэн гэж ойлголоо?

-Бид энэ арга хэмжээг зохион байгуулснаар гадаад,  дотоодын жуулчин, аялагч хүлээж авах их олон асуудлыг шийднэ гэж харж байгаа. Өнөөдөр бид өв соёлоо сурталчлан таниулах, аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн гаргах,  аяллын маршрут бэлтгэх, зочин хүлээж авах жуулчны бааз, хөтөч, хоол унд гээд олон асуудал нь тус тусдаа яваад байгаа юм. Үүнийг   нэг цогц болгон шийдэхийн төлөө ажиллаж байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд нэгдэх нь чухал. Ингэж байж бид Боржигин өв соёл, түүхээ бусдын хүртээл болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм. Хамгийн гол нь дээр дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдийн орлого нэмэгдэнэ. Цаашлаад аймаг, орон нутгийн хөгжил дэвшилд чухал нөлөөтэй бааз суурийн нэг болох юм. Гэтэл өнөөдөр зочид буудал, хоол, бэлэг дурсгалын үйлдвэрлэл, ердийн хөсөг унуулая гэсэн иргэд нэгдэж байгаа юм. Энэ боломжийг нь аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.  Говьсүмбэр аймаг 2016 онд Чойрын богд уулаар аялах урт, дунд,  богино зайн  маршрут гаргасан. Гэвч энэ аяллын маршрутаар явахад түр буудаллах цэг, жуулчны бааз, амралтын газар бараг  алга. Иймд аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгж, иргэдтэй уулзалт зохион байгуулж байгаа юм. Эхний ээлжид одоо ганц үйл ажиллагаа явуулж байгаа  “Боржигин голомт” жуулчны баазаас Чойрын богд уул, Цагаан дарь эх бурхан, Жанжин сахиус гэсэн богино маршрут зохион байгуулаад байна.  Цаашид энэ маршрутаа өргөжүүлэх, орон нутгийн малчдаа түшиглэж гэр бааз байгуулах арга хэмжээ авна. Мөн гадаадын жуулчдад монгол ахуй амьдралыг таниулах чиглэл барьж ажиллах төлөвлөгөө бий.

-Дорноговь аймаг Хамрын хийдээ богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан. Өнөөдөр тус аймагт галт тэрэг, авто замаар аялагч жуулчид олноороо очих болсон. Та бүхэн энэ хэмжээнд хүрэхийн тулд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарах төлөв байна вэ?

-Аймаг орон нутгаас хөрөнгө мөнгө зарахаас илүүтэйгээр аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдээ дэмжин ажиллаж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах зорилго тавиад байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого” бол эдийн засгаа сэргээх юм. Эдийн засгаа сэргээх нь дан ганц  уул уурхайд түшиглэх асуудал биш юм. Монголд гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгаа сэргээх бүрэн бололцоо бий.    Бидний судалгаагаар Дорноговь аймагт хаврын улиралд сакура цэцэглэхийг үзэхийн тулд Хамрын хийдэд   30 гаруй мянган аялагч очдог юм билээ.  Тэд  Говьсүмбэр аймгаар дамжин өнгөрдөг. Тэгвэл тэднийг бид урин дуудаж түүх, соёлын дурсгал, өв уламжлалаа үзүүлэхийг  зорьж байна. Манай Чойрын богд уул Монголын түүхэнд алдартай. Хамгийн ойрын жишээ гэхэд “Гарьд магнай” МУСК дээр жингийн цуваа явдаг замаар орж ирж хоноод өглөө нь “Ээ Чойрын богд минь” гэж уулга алддаг шүү дээ. Боржигин түмэн болон монголчууд Чойрын богд ууланд сүсэглэн залбирч ажил, амьдрал ахуйгаа даатгадаг. Мөн Монгол сакура гэж нэрлэдэг буйлс энэ уулыг тойроод ургадаг. Бүр хэд хэдэн төгөл бий. Үүнийг бид хаврын аялал жуулчлалын брэнд болгохоор төлөвлөөд байгаа.  

-Тэгэхээр хөрөнгө оруулагч нарыг хэрхэн дэмжин ажиллах юм бэ?

-Аялал, жуулчлалаар яваа хүмүүс тохь тухтай байр, амт чанартай хоол, найрсаг үйлчилгээ зэргийг хүсдэг шүү дээ. Гэтэл манай аймагт аялагч, жуулчдыг тав тухтай хүлээж авах нөхцөл бололцоо  байхгүйтэй адил. Иймд аймаг орон нутгийн засаг захиргааны зүгээс  гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийх  санал тавьж байгаа. Бид  аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч нарт аль болох дэд бүтцэт ойр газар олгож бүхий л талаар дэмжин ажиллахад бэлэн байна.  

-Та Чойрын богд ууланд монголчууд үеийн үед ажил, амьдарлаа даатгаж ирсэн тухай дурдсан. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?

-Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд ууланд түүхэн дурсгалт олон газар бий. Зүүн жанжин Чойр  гэж 1778 онд байгуулагдсан, 1500 орчим ламтай хийд  байсан. Дайн байлдааны хөл, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед сүйдэж туурь л үлдсэн. Шашин номын том төв байсан учраас энергитэй газар гэж үздэг. Чойрын богд ууланд Дагвасүндэл гэж хадан дээр сийлсэн бурхан бий. Үүнийг гурван бурхны нийлбэр гэж ярьдаг. Эр хүний бурхан юм. Эрчүүд энэ бурханд сүслэн залбирч ажил, амьдрал, сүлд хийморио  даатгадаг.  Чойрын богд уулын баруун урд талд Цагаан дарь эх бурхан байгаа. Энэ бурхан бүхий л хүмүүсийг энэрэн нигүүсгэдэг.  Зүүн жанжин Чойрын лам нар нэг жил хижиг өвчин тусаад олон хүн хорвоог орхисон гэдэг. Тэгээд номтой том ламаас асуухад “Хийдийнхээ гол дуганы өөдөөс харуулж Цагаан дарь эх бурхан бүтээ. Тэгвэл энэ өвчин дарагдана” гэж хэлсэн домог яриа бий. Тэгээд энэ бурхныг боржин хадан дээр сийлж бүтээсэн байдаг.

-Тэгвэл аялал жуулчлалаас гадна аймаг орон нутгийнхаа эдийн засгийг сэргээх талаар та бүхэн ямар бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?

-Говьсүмбэр аймаг Улаанбаатар хоттой ойр  учраас өргөн хэрэглээн бараа, бүтээгдэхүүн гээд бүхий л зүйлээ богино хугацаанд татан авдаг. Эдийн засгаа сэргээх чиглэлээр яг одоо аж ахуйн нэгж, иргэдийг хүлэмжийн аж ахуй эрхлэхийг дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн оноос эхлээд төмс, хүнсний ногоо тариалагчдаа дэмжиж ирлээ. Тухайлбал, өнгөрсөн онд газар тариалан эрхлэгчдээ  үрээр үнэгүй хангаж өгсөн. Энэ жил аймгийн ИТХ-аар батлуулж хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээ дэмжин хүлэмж олгож байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар ангийн ажилтан албан хаагчдаар хүлэмжийн аж ахуй эрхлүүлж нарийн ногоогоор хангахаар төлөвлөсөн. Одоогоор эхний хүлэмжээ бариад  явж байгаа.

-Улс орон даяар хэмнэлтийн горимд шилжсэн. Гэсэн хэдий ч байгаа мөнгөө юунд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн бэ?

-Энэ онд Говьсүмбэр аймагт томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа. Тухайлбал, Польшийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 10 аймагт цэвэрлэх байгууламж,  Солонгосын Эксим банкны хөрөнгө оруулалтаар дулааны станц барих ажил эхэлсэн.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шивээ-Говь сумыг босоо тэнхлэгийн авто замтай холбох ажил хийнэ. Энэ зам 6.9 км. Аймгийн төв буюу Сүмбэр суманд гурван км авто зам барина. Шивээ-Говь суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн. Том төсөл хөтөлбөр нь ийм байна. Аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар зам талбай, гэрэлтүүлэг хийнэ.  Ерөнхий боловсролын сургуулийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.

-Улс даяар мод тарих хөдөлгөөн өрнөж байна. Мод тарих нэг хэрэг. Түүнийгээ арчилж тордож ургуулах чухал асуудал бий. Энэ талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Говьсүмбэр аймаг Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж 2030 хүртэлх хугацаанд таван мод тарих гэрээ байгуулсан. Энэ онд бид 20 мод тарьж ургуулах зорилт тавьсан. Дээр ярьсан хүлэмжийн зарим нь модны суулгац бэлтгэх, үрсэлгээ хийх зориулалттай. Өнгөрсөн жилүүдэд  бид босоо тэнхлэгийн авто зам дагуу мод тарьж тодорхой хэмжээний дадлага туршлага хуримтлуулсан. Бид жилд долоон мянга орчим мод тарьж ургуулдаг.  Энэ жил бид мод тарихаас гадна аймаг, сумын нийтийн эзэмшлийн талбайд тарьсан модоо тордох, нөхөн сэргээх ажил хийж байна. Аймаг,  суманд ойн зурвас бий болгох, шар шороон шуурга, элсний нүүдлээс хамгаалах газраа төлөвлөөд байгаа юм.