Арвайхээр хотын агаарын бохирдол 80 хувь буурна

Улс төр

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Арван аймгийн төвийн дулааны станц барих” төслийн барилга угсралтын нээлтийн ажиллагаа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, орон нутгийн удирдлага, ард иргэд, БНСУ-ын гүйцэтгэгч болон зөвлөх компанийн төлөөллүүд оролцлоо.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ёслолын арга хэмжээг нээж “Арвайхээр хотноо баригдах шинэ дулааны станц ашиглалтад орсноор хамгийн ихээр тулгамдаж буй агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурч, халаалтын найдвартай байдал дээшилж, аж ахуй нэгжүүд шинээр дулааны шугамд холбогдох техникийн боломж бүрдэнэ. Мөн орон нутгийн үйлдвэрлэл нэмэгдэхийн сацуу эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Түүнчлэн шинээр 100 гаруй ажлын байр бий болох зэрэг олон давуу талтай” гэлээ.
Өвөрхангай аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд төсөл 26 сар үргэлжилж, 2024 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400 - 80 мм-ийн голчтой 9.1 км урт дулаан дамжуулах шугам сүлжээ мөн 1.1-4.5 Гкал/цагийн хүчин чадалтай 11 дулаан дамжуулах төв бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болно.
Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент (85-90) хувь өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.