Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсад айлчилж байна

Улс төр
Японы иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибататай уулзав
Япон улсад хийж буй албан айлчлал тус улсын иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компанийн удирдлагуудын уулзалтаар эхэллээ. Өнөөдрөөс 40 гаруй жилийн тэртээ “ANA Holdings” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата Монгол Улсад анх зочилж байсан дурсамжит түүхээ хуваалцаж, хоёр талын уулзалт нөхөрсгөөр эхэлсэн юм. Ковид-19 цар тахлын улмаас Япон улсын иргэний агаарын тээврийн нислэгийн урсгал, давтамж 20 орчим хувиар буурсан, зарим чиглэлийн нислэгийг түр хугацаанд зогсоогоод байна.
 
Түүнчлэн цар тахлын эрчим намжиж, нөхцөл байдал сайжрахыг хүлээж байна гэж “ANA Holdings” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата уулзалтын эхэнд ярив. Монгол, Япон хоёр улсын иргэний агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал, аялал жуулчлал, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломж, цаг агаар, газар зүйн онцлог, хамтын ажиллагаа зэрэг өргөн сэдвээр талууд санал солилцож, цаашид иргэний агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, Японоос Монгол Улсыг зорих жуулчдын тоо, урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр орны олон жилийн найрамдалт харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгааг онцлон тэмдэглэсэн юм.
 
Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлээд буй.
Уг зорилтын хүрээнд агаарын тээврийн чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр голлон анхаарч ажиллаж байна гэдгийг онцлоод, удахгүй болох Монгол төрийн их наадмаар манай оронд хүрэлцэн ирж Монголчуудын өв соёл, ёс, зан заншилтай танилцахыг урилаа.
 
 Япон улсын иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компани Монгол Улс руу шууд нислэг үйлдэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хичээл зүтгэл гаргаж, хамтран ажиллахаа тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата уулзалтын төгсгөлд илэрхийллээ.
 
Уулзалтад, Монгол Улсаас Япон Улсад суух элчин сайд Д.Батжаргал, БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Монголын аялал жуулчлалын холбооны дарга Д.Гантөмөр болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Засгийн газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам ANA.Japan