Омикрон, хямралыг тоож тооцоолж байгаа хүн байна уу

Улс төр

Дэлхий даяар тархаж, өнөө ч намжихгүй харин ч шинэ шинэ хувилбар нь тархаж, халдвар авагсдын тоо нэмэгдсээр байгаа коронавирусын цар тахал, ОХУ-ын зүгээс  Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны улмаас өрнөдийн орнуудаас оросын эсрэг тавьсан хоригоос болоод дэлхий дахинаа нүүрлэж байгаа эдийн засгийн хямралын үед манай эрх баригчид ямар бодлого, төлөвлөгөөтэй байна вэ.

Хятадад коронавирусын цар тахлын шинэ дэгдэлт гарч нийслэл Бээжин, Шанхай хотуудад хатуу хөл хорио тогтоогоод, энэ нь хэзээ дуусахыг таашгүй байна. Хил урьдын адил хаалттай хэвээр.

Орос, Украины цэргийн мөргөлдөөний өнгөн дээр манай эрх баригчид, олон нийт “Мөнхийн хөрш” Оросоо л дэмжиж “муусайн Украинчуудыг алаад бай, газартай нь тэгшлээд өг” гээд, туг далбааг нь барьж жагсаад байгаа ч  дэлхийн бараг улс орнуудын эдийн засгийн хоригт орж Умард Солонгос, Вэнесуэль, Сири гээд хэдхэн дарангуйлагч орноос өөр ханьгүй ганцаардчихаад байгаа ОХУ биднийг нэг их харж үзээд элдэв зүйлээр хангаад байх нь юу л бол. Энэ нь чухамдаа хэн хэнийг буруутгахдаа ч биш бодит байдал нь л энэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь тэрбум мод тарих тухай л ярьж, Ерөнхий сайд нь “Шинэ сэргэлтийн бодлого” гэж яриад байгаа ч яг юу хийгээд байгаа нь тодорхойгүй, бензин шатахууны үнэ сардаа хоёр ч удаа нэмэгдэж, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Ёндон нь шатахууны үнэ цаашид ч нэмэгдэнэ гэж мэдэгдсээр л....

Ядаж байхад Ерөнхийлөгчийн тэрбум модыг тарья гэхэд нийслэл хотод нь зай талбай байхгүй, тэртээ цагт Нийслэлийн засаг дарга байсан нам нэгт М.Энхболд нь  мод тарих байтугай явган хүн явах аргагүйгээр талбай бүрийг нь зараад барилга бариулчихсан. Дээр нь  зуны эхэн сар гарчихаад байхад дулаарч өгөлгүй цас хялмаалж, хүйтрээд бүр бүтэшгүй.

Зам тээврийн сайд Л.Халтар нь хятадаас орж ирэх ачааг чингэлэгтэй болгоно гэсэн нь ёстой нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг бараа бүтээгдхүүний үнэ тэнгэрт хадаж, дээр нь баахан жолоочийг ажилгүй болгон ард түмний амжиргааг бүр нураагаад орхисон.

Аргаа барсан иргэд ёстой л “амь амиа бодоорой” гэдгээр одоо өөрсдөө зах зээл хайн Туркийн хотуудыг хөгжүүлэхээр хуйлран тэндээс бараа зөөж эхэлсэн нь мөн л өндөр үнэтэй хэвээр.

 Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Bloomberg агентлаг гээд эдийн засгийн судалгаа тооцооны том том байгууллагууд цар тахлын дараах, украины хямралаас үүдэн дэлхий даяар эдийн засгийн том хямрал нүүрлэнэ, ядуурал, өлсгөлөн газар авна, энэ нь 2023 онд ч үргэлжилнэ  гэж тооцоо судалгаатай мэдээлээд байхад манайд энэ талаар дуугарч байгаа хүн байхгүй. Харин ч УИХ-ын дарга нь “манай улс дэлхийн тэргүүлэх хөгжилтэй 10 орны тоонд багтлаа” гээд, бусад нь дуу дуугаа авалцаад “амьдрал сайхан байна, монгол хөгжлөөрөө тэргүүлж байна” гээд л сууцгааж байна.

Эрх баригчид, төр Засгийн газарт тэрбум мод тарих, “шинэ сэргэлтийн хэтийн бодлогоосоо” илүүтэй хямралын үед хэрхэн ажиллах бодлого төлөвлөгөө л хэрэгтэй баймаар. Ард иргэд чинь үнийн дарамтад сөгдөж, талхаа таллан, гурил, будааг грамлан авч, ажлаа зогсоож байгаа жижиг үйлдвэрлэл өдрөөс өдөрт нэмэгдэн ажилгүйдэл газар авсаар л.....