ГОВИЙН БҮСЭД МОД ҮРЖҮҮЛЭГ-АГРО ЭКОЛОГИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭЛЭЭ

Улс төр

  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих болно” гэдгийг мэдэгдсэн бөгөөд уг үндэсний хөдөлгөөнийг монголын нийт ард түмэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүр идэвхтэй дэмжин, олон арван бүтээлч үйл ажиллагааг өрнүүлсээр байна

          Энэхүү үндэсний хөдөлгөөнийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй дэмжихийн зэрэгцээ манлайлах үүрэгтэй оролцон, мод тарих, ургуулах, арчлан хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгэж байгаа юм

             Уг ажлын хүрээнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлага, нийт бие бүрэлдэхүүн 2030 он гэхэд нийт 27 сая мод тарьж, ургуулан ногоон орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр зорьж байна

            Эдгээр зорилтын дагуу БХЯ, ЗХЖШ-аас 2022 онд Улаанбаатар хот, хангайн болон говийн бүсэд байрлах Зэвсэгт хүчний 9 ангийн байршилд долоон мод үржүүлгийн газар, хоёр мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төвийг байгуулах зорилтыг тавьж, бодит ажил хэрэг болгож байна

        Үүний нэг нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг-Агроэкологийн сургалтын төв бөгөөд уг төвийн нээлтийн ёслолын ажиллагааг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 05 дугаар сарын 13-ны өдрийн морин цагт зохион байгууллаа

          Уг сургалтын төвийн нээлтийн ёслолд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд, Дорноговь аймгийн иргэд, төрийн байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо

          Энэхүү Мод үржүүлэг-Агроэкологийн сургалтын төвд 2022-2023 онд 16 нэр төрлийн 2,212, 354 ширхэг мод, бут сөөгийг тарих бөгөөд 2025 оноос жилд 1,944,476 ширхэг тарьц, суулгацыг нийлүүлж, 2030 он хүртэл 9,722,380 ширхэг мод тарьц, суулгацыг шилжүүлэхээр төлөвлөжээ

        Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байнгын байрлалд ногоон байгууламжийг төгөлдөржүүлэх, баяжуулах зорилгоор "Эко хотхон"-ы нээлтийн ажиллагааг зохион байгуулж, уг ёслолд дээрх хүндэт зочид болон тус ангийн нийт бие бүрэлдэхүүн оролцсон.

       Тус анги 2009 оноос хойш ангийнхаа байрлалд 2 га талбайд төмс, хүнсний ногоог тариалж, дотоодын хэрэгцээгээ хангаж ирсний зэрэгцээ ангийн гадна, дотно орчинд олон арван модыг тарьж, ургуулсаар ирсэн.

         Энэ өдөр шинээр нээлтээ хийсэн "Эко хотхон"-ы бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Сэрүүн дунбарай” ХХК-тай гэрээ байгуулж, хамтран ажилласнаар нарс, хар мод тус бүр 20, голт бор, өрөл тус бүр 50, улиас 300, буйлс болон шар хуайс 1000, хайлаас 2400 ширхгийг тарьж ургуулах ба нийт 4151 кв.м талбайг зүлэгжүүлэх ажээ.

        Ийнхүү говийн бүсэд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг-Агроэкологийн сургалтын төвийг шинээр байгуулж буй нь энэ бөгөөд олон мянган тарьц, суулгацыг бэлтгэн, цаашид мод, бутнуудыг тариалах, ургуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ тус ангийн байнгын байрлалд ногоон байгууламжийг төгөлдөржүүлж байгаа нь бодит байдалд биеллээ олж эхлэв

            Говийн бүсэд эхлүүлсэн энэ ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд тун удахгүй үр өгөөжөө өгөх нь дамжиггүй юм