Төслийн ерөнхий менежер Саяаки Сүзүки: Нүдээ л хөдөлгөж чаддаг, амьсгалын аппараттай хүүхэд энгийн сурагчидтай хамт суралцдаг

Улс төр

Тусгай хэрэгцээт 2500 гаруй хүүхэд бүх шатны боловсролын байгууллагад хамрагдаж чаддаггүй гэсэн тооцоо судалгаа бийн. Эдгээр иргэдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудлыг шийдэх арга замыг тодорхойлох БШУЯ, ЖАЙКА, ХНХЯ, тусгай сургууль, цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн  “Сурах эрх” зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.

“СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, УДИРДЛАГА, БАГШ, ЭЦЭГ ЭХ, ХАМТ СУРАЛЦАГЧДЫН ХАНДЛАГЫГ ЭЕРЭГ БОЛГОХ, МЭДЛЭГИЙГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ”

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан:
Өнөөдрийн байдлаар СӨБ-д тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 1629 хүүхдээс 1023 нь буюу 63 хувь, 6-17 насны 8873 хүүхдээс 6208 буюу 70  хувь нь сургуульд хамрагдаад байна. Их дээд сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 400, МСҮТ-д 717 оюутан тус тус суралцаж байна. Орчуулга, хос хэлний асуудлыг шийдэж өгөхгүйгээр мэргэжлийн, дээд, ерөнхий, сургуулийн өмнөх боловсролыг нь бүрэн олгох боломжгүй юм. Тиймээс эдгээр хүүхдүүдийн боловсролын асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байна. Дэлхийн улс орнууд өөр өөрийн туршлагатай бөгөөд 2-р дайны дараа Польш улсын хүн амын 40 гаруй хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй болсон ба бүх насны иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, боловсролын тогтолцоогоо сайн хөгжүүлж чадсан нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байдаг.

Нэгдүгээрт, бид боловсон хүчнийхээ асуудлыг шийдвэрлэх ёстой.  Манай яам, холбогдох байгууллагууд энэ чиглэлээр хүний нөөцөө бэлтгэх, сургах, чадавхыг бий болгох зайлшгүй шаардлага байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эцэг эх, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх болно.

Хоёрдугаарт сүүлийн үеийн шинэ технологид суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн, нийгмийн үйлчилгээний нэр томъёог шинэчлэх

Гуравдугаарт, барилга байгууламжийг хүртээмжтэй болгох асуудал байна. Мөн энгийн хүүхдүүдтэй, үе тэнгийнхэнтэй нь хамт сургах орчныг бүрдүүлэх шаардлагатай.

Дөрөвдүгээрт, сургалтын байгууллага, удирдлага, багш, эцэг эх, асран хамгаалагч, хамт суралцагчдын хандлагыг эерэг болгож өөрчлөх, тэдний мэдлэгийг нэмэх хэрэгтэй. Энэ бол хөгжлийн өөр хэрэгцээ. Хүн бүр өөр өөрийн арга барилаар сурдаг. Тиймээс тэднийг өөр арга барилаар сурах шаардлагатай гэж бид харах хэрэгтэй. Харин тэднийг нийгмээс тусгаарлаад байх ямар ч шаардлага байхгүй.


ЖАЙКА нь 2015 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгоо, хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох зорилгоор “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа аж.

“ХҮҮХДИЙГ ТУСАД НЬ ТУСГАЙЛАН СУРГАЖ БОЛОХГҮЙ, ХАРИН НИЙТЭД ДУНД НЬ СУРГАХЫГ ДЭЛХИЙ  НИЙТЭЭР ЧУХАЛЧЛАХ БОЛСОН”

Төслийн ерөнхий менежер Саяаки Сүзүки:
- Төслийн эрхэм зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдэд үзүүлэх хэрэгцээндээ нийцсэн хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг авдаг болоход оршино. Тодруулбал, үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх, боловсролын үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн суурийг бүрдүүлэх, багш нарыг чадавхжуулах сургалтад хамруулахад чиглэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх нь зөвхөн эцэг эх, багшийн ажил биш бөгөөд тухайн сургууль, цэцэрлэг, дүүрэг, хорооны бүх ажилтны үүрэг оролцоо, хувь нэмэр шаардлагатай. Тухайн хүүхдийг бүгд ойлгодог, сургалтын хэрэглэгдэхүүнийг нь ч бэлдэхдээ багаараа ажилладаг, боловсрол эзэмшихэд цэцэрлэг сургуулиараа хамтран ажилладаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Нэг үгээр дэмжлэгийн багийг бүрдүүлэх юм. Тэгж байж  эцэг эх, багш, сургууль, цэцэрлэгийн хамт олон, орон нутаг, нийгэм даяараа ойлгох учир бид үүнд илүүтэй анхаарч төслөө хэрэгжүүлж байна.

Японд тусгай хэрэгцээт боловсролын тогтолцоо олон жилийн түүхтэй. Харин тэгш хамруулан сургах тогтолцоо нь бидэнд төдийгүй дэлхий нийтэд шинэлэг зүйл болсон. Учир нь хүүхдийг тусад нь тусгайлан сургаж болохгүй, харин нийтэд дунд нь нийгэмшүүлж сургахыг чухалчлах болсон. Өмнө нь тусгайлан боловсрол олгох хэрэгтэй гэж үзэн олон тусгай сургууль байгуулан хүүхдүүдийг тусад нь сургаж байсан бол тэр хандлага өдгөө өөрчлөгдөж энгийн хүүхдүүдтэй хамтад нь сургах болсон. Жишээ нь Осака хотноо хөгжлийн хүнд бэрхшээлтэй буюу зөвхөн нүдээ л хөдөлгөж чаддаг, амьсгалын аппараттай хүүхэд энгийн сурагчидтай хамт суралцдаг ба энэ мэт сайн туршлагуудаа бид хуваалцаж байна. Япон Улс  одоо ч  суралцсаар, өмнөх туршлагаа ахиулахыг эрмэлзэж буй. Бид энэхүү төслийн хүрээнд өөрийн улсын туршлага, арга зүйгээ хуваалцаж байна.

- Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:
- Статистик судалгаагаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 18835 хүүхэд бий гэсэн тооцоо бий. Бид хүнд болон хавсарсан хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 1800 гаруй хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй гэсэн тоог сая судалж гаргалаа. 2018 онд тэгш хамран сургах журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад ердийн ЕБС-д суралцах хүүхдийн тоо тухайн жилдээ нэмэгдсэн ч өдгөө өссөн үзүүлэлтгүй байна.  Энэ нь тухайн сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн анхнаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдаагүй буюу стандартад нь нийцээгүйтэй холбоотой юм. Нөгөөтээгүүр барилгад дахин засвар хийх шаардлагатай, бэлтгэгдсэн багш цөөн, хүрэлцэхгүй байх, тэдний хэрэглэгдэхүүнийг хангаж чадахгүй байгаа нь эдийн засгийн асуудал болох ч тухайн нэгж байгууллагын удирдлага, бүх ажилтанд бүр цаашлаад нийгэмд нийгэмд "Энэ хүүхдэд хаана ч байсан сурах орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй" гэсэн ойлголт, хандлагыг бий болгох шаардлагатай.

Хоёрдугаарт, тэдний ээж аав юунд ч санаа зовохгүйгээр хүүхдийнхээ төлөө ажиллан амьдарч, цалин орлоготой байх боломжийг нь бүрдүүлж цаашаа нэг алхам явах юм. Тиймээс хүүхэдтэй ажилладаг ТББ, сургууль, цэцэрлэг, сургуулийн багш, эцэг эхэд ойлгуулж, цааргалдаггүй хандлагыг бий болгохын тулд аль аль нь хичээх хэрэгтэй гэсэн нь өнөөдрийн зөвлөгөөний гол үндсэн санаа юм.