О.Амгаланбаатар: Алтайчууд хадгаламждаа мөнгөтэй ч эрхлэх бизнес алга

Нийгэм, Эдийн засаг

Говь-Алтай аймгийн хувьд ХАА-н салбар түүний дотроос газар тариалан сул, МАА давуу хөгжсөн, жилийн дөрвөн улирын ялгаа ихтэй эрс тэс уур амьсгалтай, Монгол орны 33 говийн 13 говь  нь байдаг, аймгийн төв нь хамгийн өндөрт оршдог  онцлогтой аймаг юм. Хөгжлийн бодлого төлөвлөлт,  түүний удирдлагын тухай хууль батлагдаж , хэрэгжиж эхэлснээс хойш Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг  аймгийн ИХТ-аар  хэлэлцүүлэн батлуулж хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний  төлөвлөгөөнд тусгагдсан  бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.  Үүнд: боловсролын чанарыг сайжруулах  хөтөлбөр төсөл, газар тариалан, жимс жимсгэний төсөл , аялал жуулчлалыг хөгжүүлэх  хөтөлбөр төсөл, сумдын шинэчлэл хөдөөгийн хөгжил  төсөл арга хэмжээг үйл ажиллагааны бодлогын тэргүүлэх чиглэлийн зорилт  болгон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж орон нутгийн төсвийн бодлогыг эдгээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхүү чиглүүлэн ажиллаж байна. Аймгийн цаашдын хөгжил, төсөл хөтөлбөрийн талаар Засаг дарга О.Амгаланбаатартай ярилцлаа.

-Аймгаа хөгжүүлэх төсөл хөтөлбөр, үндсэн чиглэлээс яривал?

-Бид нэлээд олон мэдээлэл болон социализмын үед хийгдсэн тооцоо судалгааг үргэлжлүүлэн янз бүрээр судалж үзэхэд манай аймгийн хөгжлийн гарц дээр хэд хэдэн хувилбар  харагдаж байна. Улс даяараа хөгжлийн садаа болж буй зүйлүүдийг арилгая гэж ярьж байгаа. Гэтэл  манай улс  шинэ  нийгэмд  шилжсэнээс хойш 30 жил, түүний  дотроос сүүлийн 20-иод жилийн хугацаанд хөгжлийн гацаа гэдэг зүйлийг арилгах нь битгий хэл, тэр гацаа руугаа улам их явж хөгжлийн гацаа гэдэг зүйлийг  улам ихээр бий  болгосон байна. 2020 оны сонгуулиар манай аймагт сүүлийн 30 жилд Ардчилсан нам анх удаагаа үнэмлэхүй олонхи болсон.  АН бүх суманд ялалт байгуулсан шалтгаан нь  аймгийн хөгжил 21 аймгийнхаа хамгийн сүүлд явж байгаад тэсвэр алдсан юм шиг байгаа юм.   Эдийн засгийн чадавхиар, хүний хөгжлөөр, боловсролын чанараар, дэд бүтцээр ер нь хөгжил гэж хэлдэг бүх л үзүүлэлтээр хамгийн сүүлд  явж буй.  Яагаад гэдэг үзүүлэлт дээр өнөөдрийг хүртэл хариулж чадаагүй л байгаа. УИХ ч бай, аймгийн ИХ-д нэр дэвшсэн ч бай мөрийн хөтөлбөр гэж баахан амлалт өгчихөөд сонгогддог. Харин сонгогдсоныхоо дараа мөрийн хөтөлбөрүүдээс хэрэгжсэн нь дөнгөж 20 хувьтай л  гардаг. Эргээд хариуцлага тооцож, үнэлгээ өгдөг эргэх холбоо гэж  огт байсангүй. Энэ нь өнөөдрийн хөгжлийн байдалтай уялдаж байгаа юм. Тиймээс аймгийн хөгжлийг  дөрвөн зүйл дээр багцалж,  түүндээ гол анхаарал,  чиглэлээ хандуулахаар ажиллаж байна.

-“Боловсролын чанарыг сайжруулах төсөл”-ийг онцолж яривал?

- Хамгийн эхэнд хүнээ хөгжүүлэх ёстой.  Манайх боловсролын чанарын үзүүлэлтээр 21 аймгаас 20-д яваа.  Оюун ухааны чадавхийн хувьд сайн байдаг ч түүнийгээ хөгжүүлж, задалж чадахгүй юм. Иймээс боловсролын асуудлаа нэгдүгээр зорилго болгож байна. Энэ нь бүх насныханд хамаатай. Мөн сүүлийн 30 жилд баялаг бүтээдэг ажлын байр дорвитой нэмэгдсэнгүй. Ганц гялтайх нь Тайширын УЦС. Ховд аймгийн бүх сум засмал замаар холбогдсон байхад эсрэгээрээ манай аймаг  нэг ч сум холбогдоогүй. Энэ ч утгаараа хамгийн их шилжилт хөдөлгөөнтэй буюу нүүлттэй   аймаг болж хувирсан. 1996 онд 86 мянган хүнтэй байсан бол өнөөдөр 56 мянга болж буурсан байх жишээний. Иргэдийн  олонхи нь Улаанбаатар,  Дархан, Эрдэнэт хот гэгчлэн суурин газар руу  нүүсэн. Үүний ард нөгөө л боловсрол, ажлын байр, эрүүл мэндийн асуудал яригддаг.Тиймээс л энэ салбарыг_  чухалчилж үзээд хамгийн эхний асуудал болгож байгаа хэрэг.

-“Газар тариалан, жимс жимсгэний төсөл хөтөлбөр” дараагийн  асуудал гэж  ойлголоо?

-  Уг нь манайх судалгаагаар газар тариалан түүнээс гарч байгаа жимс жимсгэнэ болон үр тариандаа тулгуурлаад аж үйлдвэр хөгжих  боломжтой аймаг гэж  тогтоогдсон. Манай аймагт  анхны хүнсний  аж үйлдвэр 1964 онд архины завод нэртэйгээр Бигэр суманд байгуулагдаж дарс, чацарганы тос, оргилуун дарс үйлдвэрлэдэг байсан. Гэтэл 60 жилийн дараа түүнээсээ ухарсан.  “Газар тариалан, жимс жимсгэнэ хөтөлбөр”-ийг хийхийн тулд 53 услалтын системийг хийх шаардлагатай байгаа. Социализмын үед 17 услалтын систем хийж 5.5 мянган га-г усжуулж газар тариалан үсрэнгүй идэвхтэй хөгжиж байсны үр дүнд газар тариалангийн сум, нэгдлээс гурван дарга  “Хөдөлмөрийн баатар” болсон байдаг юм. Ер нь юунд хөрөнгө оруулалт хийх  вэ, хамгийн нэн шаардлагатай зүйл юу вэ гэдгээ огт анхаарч байгаагүй юм билээ. Улсын төсөвт оруулсан хөрөнгө оруулалтууд нь “бай”-гаа олоогүй. 2016-2020 оны хөрөнгө оруулалтыг тооцоход урьд нь хэзээ ч  байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт орсон, барагцаалбал 400 орчим тэрбум төгрөг. Гэтэл нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл байхгүй гээд бод доо.  Харин бидний хувьд ирэх жилүүдийн улс, аймгийн төсөвт хамгийн эхний ээлжинд хийх хөрөнгө оруулалт бол газар тариаланд хийгдэх услалтын систем дээр хийх ёстой, нэг ч байрны засвар, нэг ч машин хэрэггүй, сумдад  ЗДТГ-ын байр хэрэггүй,  услалтын систем, ажлын байранд хөрөнгө оруулалтаа хийе гэж төлөвлөсөн. Ингэснээрээ аймгийн ард иргэдийн хувьд орлоготой болох,  баруун бүст аж үйлдвэрлэл нэмэгдэх, цаашлаад монгол улсын жимс жимсгэний хэрэгцээг хангах том зорилт тавиад байж байна.

-“ Сумын шинэчлэл, хөдөөгийн хөгжил” хөтөлбөрийн үр дүнг яаж харж байна вэ?

 “-Сумын шинэчлэл, хөдөөгийн хөгжил”  нь  маш ач холбогдолтой хөтөлбөр юм. Улаанбаатарын  тулгамдаж буй асуудал бол замын түгжрэл, утаа.  Үүний цаад шалтгаан нь хөдөө, орон нутагт ажлын байр, тав тухтай амьдрах орчин бүрдэхгүй байгаатай л холбоотой. Манай аймгаас  их, дээд сургууль төгссөн хүүхдүүдийн 90 хувь нь хот газраа үлдэж байна. Энэ хөтөлбөрөө ИХ-аараа батлуулаад аймгийнхаа хөдөөгийн 17 сумын иргэдийн ая тухтай амьдрах инженерийн дэд бүтэц тавьж, хэрэглээний цэвэр бохир устай, халаалттай  болгохоор ажиллаж байна. Үүнтэй уялдан  сум бүрт 120 айлын орон сууц барих  хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хот, хөдөөгийн ялгаа багасч, иргэд нутагтаа амьдрах нөхцөл боломж ихэснэ гэж харж  байгаа. Энэ хүрээнд бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурван сумын  инженерийн дэд бүтцийг нь  шийдсэн. Энэ жилдээ хоёр суманд 120 айлын орон сууцыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Хэмжээний хувьд 40 орчим ам. метр  гэж тооцоолж байгаа. Говь-алтай аймаг нэг л үзүүлэлтээр улсад хамгийн сайн, тэр нь “Иргэдийн банкин дахь хадгаламж” юм. Энэ нь иргэдийн хувьд хуримтлал үүсгэж байгаа сайн хэрэг боловч нөгөө талд буюу эдийн засаг талаас нь авч үзвэл мөнгийг нь эргэлдүүлэх бизнес байхгүй байна  гэсэн муу үзүүлэлт шүү дээ. Ам. доллар өсч байгаа энэ үед  мөнгө эргэлдэхгүй байна гэдэг нь ханшны уналтад өртөж хамгийн үр өгөөжгүй хөрөнгө оруулалт болж хувирдаг.  Тиймээс иргэддээ зөв хөрөнгө оруулалт хийж орон сууцанд оруулах бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Иргэд эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах нь  сүүлийн жилүүдэд ихэсч байна. Хөгжлийн дөрөв дэх хөтөлбөр болох “Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр” төсөл их сонирхолтой санагдлаа?

-Тийм ээ, эх орноо тойрсон аялал жуулчлал их хөгжиж байна. Аялал жуулчлалын тухайд  Алтайчууд сүүлийн 30 жилийн хугацаанд  мөн л дорвитой шинэчлэлт өөрчлөлт хийсэнгүй. Энд нэг ч ая тухтай,  дорвитой гэж хэлэхээр  жуулчны бааз алга. 1960 онд нэгдэл дундын амралт байсан “Хүнхэрийн амралт” нь үндсэндээ “дэлбэрчихсэн” нэг хоногийн ч ая тух бүрдүүлж чадахгүй болсон байсан. Бид Монгол Улс даяар нээлттэй дуудлага худалдаа зарлаж,  энэ амралтыг бараг тэрбум төгрөгөөр хувьчилсан. Ганц аятайхан жуулчны бааз бий болгохоор санаачилга гарган ажилласан. Өнгөрсөн онд аймгийнхаа аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар нь хийлгэж ИХ-аар батлуулж хүлээн авсан. Энэ хөтөлбөр батлагдсанаар яг юунд тулгуурлаж, яаж хөгжих вэ, ямар жуулчин татах вэ гэдэг үндсэн зорилтуудаа тодорхойлж чадсан. Манай аймагт үнэ цэнтэй аялал хийх боломж нь байгаа. Жишээлэхэд  саяхан Улаанбаатар хотод Мазаалай хамгаалах зөвлөгөөн болсон. Гэтэл тэр мазаалай гэдэг амьтнаа нүдээр харсан хүн нь ердөө 20, 30-аад л  байсан. Гэтэл мазаалай арваад жилийн өмнө 20 гаруй байсан бол өнөөдөр 50 гарсан байгаа ч яаж ийм болсныг нь тодорхойлж чадаагүй л байна. Мөн ирвэс байна, малчдын гэр дээр нь гарч хэвтчихээд буухгүй, гэрийнхээ дотроос хутгаар хатгаж хөөж явуулж байгаа нь иргэд, малчдын хувьд амьдралд нь эрсдэл үүсч  байна.  Гэтэл тэр ирвэсийг үзэх сонирхолтой иргэд хэдэн арваараа байдаг. Бололцоотой цэгүүд нь зөвхөн манай аймагт л бий. Мөн бөхөн гэж амьтны өлгий нутаг.  “Ирвэс, бөхөн үзүүлэх  аялал” гэдгийг  нэг ч удаа хийж байгаагүй.  Монголын их  элс гэх мэтчлэн зорилтот үнэ цэнэтэй аяллыг манай аймагт хөгжүүлэх боломж бололцоо бүрэн байна. Тиймээс  аялал жуулчлалын хөтөлбөрийг гаргасан. Сүүлд нь хэлэхэд  дээрх хөгжлийн төсөл хөтөлбөрүүддээ эхний мөнгөө зарцуулж,   хөгжүүлье гэсэн зорилт тавин  ажиллаж байна.

 

Д.Гаадамба: Анх 2014-2016 онд манай баг төр барьж байх үедээ  төлөвлөлтийг нь хийж, дэд бүтцийх нь хөрөнгө оруулалтыг шийдсэн

Аймгийн төвд анх удаа очиж буй хэн бүхний нүдэнд тусч буй барилга байгууламж нь яах аргагүй “Солонго” хороолол юм. Энэ хорооллын төлөвлөлтийн  тухай цөөхөн хэдэн зүйлийг  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга  Д.Гаадамбаас тодрууллаа.

-Говь-Алтай  аймгийн төвд тодорч харагдаж буй “Солонго” хорооллын бүтээн байгуулалт хэзээ эхлээд, ямар үе шатандаа явж байна вэ?

-Анх 2014-2016 онд манай баг төр барьж байх үедээ  төлөвлөлтийг нь хийж, дэд бүтцийх нь хөрөнгө оруулалтыг шийдсэн байсан боловч 2016-2020 онд энэ ажил дөрвөн жил зогссон. Харин өнгөрсөн жилээс нэлээн урагштай явж байгаа. Хэдийгээр цар тахалтай байсан ч 100 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон. Энэ жил 250 айлын сууц баригдахаар гэрээ байгуулагдан ажил нь эхлээд явж байна.

-Цаашид хэрхэн үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Нийт 3500 айлын орон сууц үе шаттайгаар  баригдана. Мөн сингл болон таун хаус ч баригдана. Улсын төсвөөр Алтай хотод баригдах 10 км замын тодорхой хэсэг нь энэ хороолол тойрсон шинэ төлөвлөлт дээр баригдана. Хорооллын доод хэсгээр дахин төлөвлөлт хийгдэж байгаа, энэ төлөвлөлтийн дагуу төрийн байгууллагууд ихэнх нь шинээр баригдана. Алтай хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу зураг төсөв гарч амины орон сууц болон хаус хорооллыг  нэмж төлөвлөөд байна.