СЕХ: Хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигч УИХ-ын гишүүн боллоо

Улс төр

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос мэдээлэл хийж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:  УИХ-ын найм дахь удаагийн сонгууль нь Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд болсон гэж СЕХ үзлээ. Хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор сонгуулийг зохион байгууллаа.

Улаанбаатар хотын есөн дүүрэг, 20 аймаг, 337 суманд, 2070 хэсгийн хороонд мэдээлэл технологийн 27 баг, 37500 төрийн албан хаагч ажиллалаа. Шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцан ажиллалаа.

УИХ-ын 2020 оны сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 102 бие даагч, нийт 604 нэр дэвшигч бүртгүүлж, сурталчилгааг хийн, дуусгалаа. Сонгууль амаргүй нөхцөлд болсон ч амжилттай хийлээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад 95.34 хувь нь саналаа өгсөн.

Монгол Улсын хэмжээнд 2.366900 иргэн саналаа өгөх ёстойгоос 1.478950 сонгогч буюу 73.65 хувь нь саналаа өглөө.

СЕХ нь хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүний үнэмлэх гардуулах шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүний үнэмлэхийг ирэх даваа гаригийн 10.00 цагт гардуулна.