Б.Бямбадорж: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цоо шинэ загварт гаргана

Улс төр

С.Гарьд

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой уулзаж цаг үеийн асуудал хийгээд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явц, өөрчлөлт, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн нь талаар ярилцлаа.

Ярилцлагынхаа өмнө онцлон хэлэхэд,  тэд анагаах ухааны хөгжилд суурилсан олон томоохон өөрчлөлтүүдийг хий­хээр зорьж байгаа аж.

-Нийслэлийн эрүүл мэн­дийн газарт сүүлийн үед хийгдэж буй шинэчлэл, өөрч­лөлтүүдийн талаарх асууд­лаар яриагаа эхэлье гэж бодож байна. Танай бай­гуул­лагын бүтэц үйл ажил­лагаанд нилээдгүй өөрч­лөл­түүд ороод байгаа шүү дээ. Энэ талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй мэ­дээлэл өгнө үү.

 

-Манай салбарт хоёр, гурван эрхзүйн орчин нэлээд өөрчлөгдөж байгаа. Нэгдүгээрт нь, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд Улсын их хурлаар батлагдаад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Мөн 2021 онд бүх эрүүл мэндийн байгууллагууд нэг худалдан авалтын тогтолцоонд орж гүйцэтгэлээр санхүүждэг болс­ныг энд сануулах нь зүйтэй. Хамгийн гол нь энэ хоёр зүйл байгаа. Түүний дараа гурав дахь нь бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ч нийгмийн эрүүл мэндийн бодлогыг нэн тэргүүнд тавьсан. Энд иргэддээ хүрсэн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв зан үйлийг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэх талын асуудлыг хөндөж тавьсан байгаа юм. Эдгээрээс шууд хамаараад Нийслэлийн эрүүл мэндийн газар стратеги төлөвлөгөөгөө шинэчиллээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газар өмнө нь зөвхөн харьяа 29 байгууллагынхаа толгой компанийн зарчмаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагыг л үйл ажиллагаагааг явуулахад нь дэмжин туслах, арга зүйгээр хангах ажлыг түлхүү явуулахын зэрэгцээ төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэгч агентлаг маягтай ажиллаж байсан. Тэгэхээр одоо манай шинэ стратегиэр Нийслэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ платформ гэдэг шинэ зорилт, концепцийг дэвшүүлэн тавьж байгаа. Ингэснээр нэгдүгээрт нь, энэ хориннэгдүгээр зуунд бүх зүйл цахим шилжилтэнд орж байна. Өөрөөр хэлбэл, харилцаа холбоо, зохион байгуулалтын шийдэл, технологийн шинэчлэл гээд бүх зүйлийг мэдээллийн технологийн ололт дээр тулгуурлан хийж байна. Мөн дээрээс нь хүн төвтэй үйлчилгээг бий болгох, иргэндээ хүрсэн тусламж үйлчилгээний  шинэ загварыг бид дэвшүүлэн тавьсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинээр, бүр цоо шинэ загвараар бий болгох зорилтыг тавьж байгаа юм. Энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн шинэ хуулиар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэд хэдэн нааштай талууд тусгагдсан байна. Тухайлбал, нэгдүгээрт нь нэг иргэний санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр санхүүжилтийн нилээн том шинэчлэл хийгдэж байна. Тэр өрхийн эрүүл мэндийн төв бол хамгийн нэгдүгээрт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түлхүү буюу 70-80 хувиар илүү хэрэгжүүлдэг газар. Иргэдийг эрүүл аж төрөхөд сургах, эрүүл мэндийн боловсрол олгох, зөв зан үйлд сургах, дадуулах, буруу дадлаас нь сэргийлэх, хэрвээ өвчилсөн бол тэр өвдсөн хүмүүсийн амьдралын чанарыг баталгаатай байлгах үүднээс зөв хяналтыг тогтоох шаардлагатай. Тэгэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газраас эхлүүлсэн Цахим шилжилт хөтөлбөрийнхөө хүрээнд зөв хяналтыг тогтоох, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг энэ бүх ажиллагаан дээр мэдээллийн технологийн олол­тыг нэвтрүүлэх гэж байгаа юм.

Ингэснээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас авахуулаад өрхийн эмнэлгүүд, тосгоны эмнэлгүүд, дээрээс нь дүүргийн эрүүл мэндийн төвүүд, хэвтүүлэн эмчилдэг эмнэлгүүд гээд бүгдээрээ хоорондоо мэдээллээ солилцдог байх, давхардсан үйл ажиллагаа явуулахгүй байх, шинжилгээ оношилгооныхоо материалуудыг хоорондоо солилцох гээд олон давуу чанарууд байна. Түүнээс гадна цаг товлох, дээрээс нь телемедициний үйлчилгээг ашиглаад телемедициний төхөөрөмжөөр архаг суурь өвчтэй хүмүүс эмчдээ зайнаас хянуулах боломжтой болно. Ингэснээрээ жилдээ 8, 9 удаа эмнэлэгт хэвтдэг хүн 2-3 удаа хэвтэн эмчлүүлэх, үүнийг дагаад эдийн засгийн хэмнэлттэй байх, нөгөө талаар өвчний хяналт сайжрах, архаг суурь өвчтэй хүмүүсийн амьдралын чанар сайжрах гээд  олон талын ололтууд бий болно.

Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар шинэ платформынхоо хүрээнд Хүн төвтэй үйлчилгээг сайжруулъя, Иргэндээ хүрсэн тусламж үйлчилгээг сайжруулъя гэсэн зорилт тавьж байгаа. Тэгснээрээ нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг өмчлөлийн хэлбэрээс үл хамааран хувийн болон төрийн хэвшлийн бүх эрүүл мэндийн байгууллагуудтай нийслэлийн иргэнд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тус­ламж үйлчилгээний хүр­тээм­жийг нь сайжруулах, чанарыг нь нэ­мэг­дүүлэх зорилт тавигдаж бай­гаа. Тэгэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газар бол зөвхөн 29 харьяа байгууллагаараа биш нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх эрүүл мэн­дийн байгууллагуудын үйл ажил­ла­гаан дээр уялдуулсан зохион бай­гуу­лал­тын менежмент арга зүй­гээр хангасан ийм аж­лыг хийх болж байгаа юм. Ин­гэс­нээ­рээ иргэн Дулмаад хүрэх эм­нэл­гийн болон нийгмийн эрүүл мэн­­дийн тусламж үйлчилгээ жигд хүртээмжтэй байх, хэнийг ч ор­хигдуулахгүй байх, нэг ир­гэ­нийг ч орхигдуулахгүй байх зар­чим биелэх бололцоо нээгдэж байгаа.

Дараагийн дугаарт бол нэгэнт эмнэлгийн тусламж үйлчилгээ авлаа гэхэд тэр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүд маань тоног төхөөрөмжөөрөө хангагдах, хүний нөөцийнхөө чадварыг сайжруулах, аль болох өөрийнхөө бүс нутаг, тойргынхоо хүн амдаа яаж эмнэлгийн тусламжийг нь чирэгдэлгүйгээр хүргэх вэ гэдэг асуудлыг тавиад байгаа юм. Ингэснээрээ тухайлбал дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр зарим нарийн мэргэжлийн кабинет байдаггүй, тухайлбал дуран хийж байтал дурангийн эмч нь чөлөө авчих юм бол тэр дурангийн кабинет хаагдчихдаг гээд асуудлууд байдаг. Тэгэхээр бид гүйцэтгэлийн санхүүжилтэнд орсноороо тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд эрэлт ихтэй кабинетүүдээ олноор нь ажиллуулах, зарим кабинетүүдээ цоожилчихдог бол тийм биш, өдөр тутмын үйл ажиллагааг нь хангах ийм менежментэд өөрийн эрхгүй орохоос өөр аргагүй болж байгаа юм. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг зөвхөн төрийн өмчийн байгууллагуудаар төсөөлдөг байдал арилж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн тойргийн, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн энэ үйл ажиллагаанаас хуваалцах боломж бүрдэж байна.

 Дараагийн дугаарт нь Найрсаг үйлчилгээ гэдэг асуудал байна. Эрүүл мэндийн байгууллага бол үйлчилгээний байгууллага. Үйлчилгээний байгууллага ирсэн үйлчлүүлэгчээ таатай байлгахын тулд үйлчилгээний соёлыг суралцах зайлшгүй шаардлагатай. Тэртээ тэргүй шинэ зууны технологи нэвтрүүлээд ирэх, дээрээс нь гүйцэтгэлийн санхүүжилт яваад ирэхээр хэн хамгийн сайн технологитой байна, хэн хамгийн шилдэг сайн мэргэжилтэнтэй байна вэ? Тэрийг дагаж л хүмүүс ирнэ. Энэ хоёрын дараагаар бол мэдээж орчин, үйлчилгээний соёл хоёрыг сайжруулж чадсан бол тэнд хүмүүс илүү их үйлчлүүлэх боломж нээгддэг. Нөгөө талаар тухайлсан нэг тойргийн иргэд хаа байсан нөгөө дүүрэг рүү яваад байдаггүй. Бараг л тэр тойрогтоо байж байгаад тэр бүс нутагтаа байгаа эрүүл мэндийн байгууллагад л ихэнх нь үзүүлж үйлчлүүлэх эрмэлзэлтэй байдаг. Гэтэл энэ Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийн нэг шалтгаан нь эмнэлэг эмнэлгүүд рүү явсан, нэг эмчээс нөгөө эмч рүү явсан иргэдийн хөдөлгөөн юм шүү дээ. Тэгэхээр бид тухайн бүс нутгийн иргэдэд нь хүрсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтраад үзүүлэх бололцоог хангах, чанарыг түвшинг нь үнэлэх, тэгснээрээ төрийн бус байгууллагуудтай хам­тарч ажиллах, төрийн бус байгууллагууд өөрсдөө эргээд эмч нарынхаа харилцаа, хандлага, лиценз, ур чадварыг нь нэмэгдүүлэх тал дээр анхаардаг оролцоог нь хангах, чанарын түвшингээ бас тодорхойлдог боломж нээгдэж байгаа юм.

-Бодлогын хувьд бол маш том том ажлуудыг зорьчихсон байна гэж ойлголоо. Үүнтэй уялдуулан ямар ямар зорилт тавьж байгаа вэ?

- Найрсаг үйлчилгээ гэдэг дээр бид бас арай нэг өөр шигтшээ гэх юм уу шийдлийг хийж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын яг угтах үйлчилгээнээс эх­лээд хүнтэй хам­гийн түрүүлж нүүр тулж уулз­даг аж­лын бай­рууд бай­на. Цаг бүрт­гэл, яарал­­тай тус­лам­жийн хү­лээн авах гэх зэрэг өвчтөн ороод ирэхээр хам­гийн тү­рүүнд угтаж аваад уулздаг тэр ажлын байрууд дээр ажилладаг хүмүүсээ хөгжүүлээд тусад нь нийтийн байранд орон сууцаар хангаад, тэнд нь байгууллагаас нь хөнгөлттэй нөхцөл бүрдүүлж байлгаад нийгмийн стресснээс хол гэртээ ч, ажил дээрээ ч үйлчилгээний стандартаар харилцдаг тийм нөхцлийг бүрдүүлэх нэг арга зам байна. Тэгэхгүй бол ажил дээрээ сурсан нэг юмаа гэртээ очоод мартчихдаг, тэгээд буцаж ажил дээрээ ирэхээрээ гэрийнхээ асуудлуудаас үүдсэн стрессээ гаргаад байдаг асуудал байна. Хошуучлагчид байя гэж байгаа юм. Хошуучлагч гэдэг бол хоёрдугаар байр биш шүү. Анхдагч, манлайлагч хоёртой зуузай холбоод шинийг санаачилсан хошуулчагдчид байя гэсэн зорилготой л байдаг. Нийслэлийн эрүүл мэндийн салбарт шинэчлэл гарах юм бол тэр нь эргээд хойтон жил нь үндэсний хэмжээнд, улс орны хэмжээнд нэвтрээд сайн жишиг болоод явчихдаг, сайн үлгэр дууриал болж чаддаг ийм онцлогтой. Нийслэл асуудлаа шийдэж чадвал улсын хэмжээнд асуудал шийдэгдэх гарц болно гэсэн үг. Түүний дараа нь нийслэлийнхээ иргэдийн дундаж наслалтыг 90 болгоё гэсэн том амбицтай явж байгаа. Өөрөөр хэлбэл, 2000 оноос хойш төрсөн иргэдийн дундаж наслалтыг 90 болгох бололцоо байна. Бид зохион байгуулалтаа хийгээд иргэдтэйгээ хамтарч ажиллаж чадах юм бол ийм боломж харагдаж байна. Ингэхийн тулд эхний алхам нь бол эрүүл мэндийг дэмжих төвийг Монгол улсын Улаанбаатар хотын хэмжээнд сүлжээ маягаар байгуулах юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл бид нар жил болгон автомашинаа оношилгоонд оруулаад болоод байдаг хэрнээ иргэн өөрийнхөө эрүүл мэндийн үнэлгээг хийлгэж чадахгүй яваад байна. Тэгэхээр бид одоо жишээ нь энэ зуунд жил болгон урьдчилан сэргийлэх үзлэгийг дуран, компьютер, MRI шинжилгээг оролцуулаад шинжлүүлж байж л үр дүнд хүрнэ. Түүнээс биш энэ технологи орохгүйгээр хүн 90 насална гэж байхгүй. Тэгэхээр энэ цаг үед бол өвчнийг оношилдог энэ оношилгооны аппарат төхөөрөмжүүд өөрсдөө эргээд урьдчилан сэргийлэх анагаах ухаанд ашиглагддаг болчихсон.

-Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эмнэлгүүддээ брэндингийн ажил хийж байгаа гэж дуулсан. Та тэр талаар юу хэлэх бол?

-Алсын хараа, эрхэм зорилго, уриа гэдэг чинь бүгдээрээ яг энэ дээр зангидагдах ёстой зүйл л дээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын даргаас авахуулаад ажилтан нь хүртэл бүгдээрээ яг энэ нийслэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стратегийг л хүлээн зөвшөөрч энэ уриа алсын харааг жанжин шугам болгож ажиллах ёстой. Энэнд танай байгууллага яаж оролцох юм гэдэг л асуудлыг л тавьж байгаа. Тэрнээс биш энэ бол зүгээр нэг уриа лоозон биш.

-Тэгэхээр энэ нь хувийн эмнэлгүүдэд ч гэсэн хамаатай гэсэн үг үү?

-Хамаарна. Яг ижил бодлого гэдэг чинь тэр байхгүй юу. Тэр том бодлого стратегийг хэрэг­жүүлэхэд тухайн эрүүл мэндийн байгууллага яаж оролцох юм, тэр зах зээл дээр хэдэн хувийн оролцоог нь хангах вэ гэдэг нь тухайн байгууллагын өөрийнх нь менежментийн асуудал. Бид нар бол түүнийг арга зүйгээр хангаад, хамгийн гол нь хүн төвтэй, иргэнд хүрсэн тусламж үйлчилгээг л хүргэе гэж байгаа юм.

-Цахим шилжилтийн аж­лын хүрээнд иргэд E-Mongolia плат­формыг ашиглаад эм­нэ­лэгт үйлчлүүлэх цагаа гар ут­саараа дамжуулан авах бо­ломж­той болсон шүү дээ. Энэ ажил ер нь хэр үр дүнтэй бай­на. Ажлын үйл явц хэр байна вэ?

-Цахим системээр дамжуулан иргэд эмнэлгийн цаг авах боломж аль хэдийн бүрдсэн хэдий ч одоо бидэнд тулгараад байгаа ганц асуудал нь иргэдээ хөгжүүлэх асуудал байна. Учир нь иргэд энэ өөрчлөлтүүдийг хэрэглээндээ нэвтрүүлж чадахгүй байна. Энэ үйл явц асар удаашралтай байгаа. Тэгэхээр бид ч гэсэн хаана хаанаа анхаарч иргэдээ хөгжүүлэх тал дээр ажиллаж эхэлсэн. Түүнээс гадна энэ телемедицин гэж ярьж байна тийм үү? Өвчтөн гэртээ сууж байгаад даралтаа үзэхэд тэр мэдээлэл нь эмчийнх нь компьютер дээр шууд гараад ирдэг, эсвэл 10 хоногийн дундаж даралтынх нь мэдээллийг эмч нь байнга харж хянаж байгаа учраас өвчтөн заавал эмнэлэг дээр очоод байхгүй эмч нь зөвөлгөөгөө тогтмол өгөөд харилцаад явах боломжтой. Ингэхээр эмнэлгийн ачаалал, иргэдэд учрах чирэгдэл хүртэл багасах давуу талтай. Тэгэхээр манайд энэ технологиуд нь байна. Хамгийн гол нь манай эмч нар, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд үүнийг мэдрэх хэрэгтэй. Мэдрэх гэдэг нь энэ технологийг ашигласнаар ямар давуу талууд гарч байна гэдгийг бодитоор ойлгохыг хэлээд байгаа юм. Хоёрдугаарт нь иргэд маань цахим боловсролоо сайжруулах хэрэгтэй. Иргэд бүгд ухаалаг утастай мөртлөө түүнийхээ хэргийг нарийн сайн гаргаж амьдралынхаа чухал хэрэглээтэй холбох чадвар дутмаг байна. Тийм тийм асуудлуудаас болоод бид энэ ажлаа системтэй нэвтрүүлэх стратегийг боловсруулсан. Жишээ нь энэ шилжилтээ ухаалаг утсыг хамгийн сайн хэрэглэх боломжтой сегментүүд ихтэй дүүргээсээ эхэлье гэдэг ч юм уу. Одоогоор бид судалгааныхаа үр дүнд Баянгол дүүргийг хамгийн эхний загвар дүүрэг болгож энэ ажлаа нэвтрүүлэх, улмаар үйл ажиллагааны арга хэрэгслээ улам нарийн болгож бусад дүүргүүддээ аль болох хурдан нэвтрүүлэх ажлуудыг төлөвлөөд байгаа.

Бид энэ ажлынхаа эхлэл болгож Ковидын үеийн тусламж үйлчилгээнд ашиглахаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр тулгуурлаад Хан-Уул дүүргийн зарим хороодууд дээр теле­меди­ци­ний­хээ үйлчилгээг заг­вар бол­гоод явж байна. Энэ өөрөө ши­нэ зүйл учраас иргэдийн хэрэг­лээнд шууд нэвтрүүлэхэд зайлш­гүй хугацаа шаардагддаг ажил юм.

-Та түрүүнд яриандаа анхны загвар бүсээр Баянгол дүүргийг сонгож цахим шил­жилтийг нэвтрүүлэх талаар дурдсан шүү дээ. Энэ ажил яг хэзээнээс эхлэх бол?

-Улсын болоод нийслэлийн төсөвт бидний энэ ажилд зориулсан 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагд­сан. Тийм учраас он гараад төсвийн хуулийг хэрэгжүүлээд эхлэхтэй зэрэгцээд бид нар худалдан авалтаа зарлах, бэлтгэл ажлаа хийх зэргээр төлөв­лө­гөөний дагуу энэ ажлууд эрэм­бэ дараатай хийгдээд явах юм.

-Өмчлөлийн хэлбэрээс үл хамааран эрүүл мэндийн байгууллагуудыг бүсчлэн ангилж нэг зорилгын дор нэгтгэж хамтран ажиллана гэсэн шүү дээ. Тэр ер нь хэр боломжтой юм бэ? Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үүнийг яаж хүлээж авч байна?

-Тухайлбал сая Ковидын тусламж үйлчилгээний үед Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэд эмнэлгийн тусламж авахад асар чирэгдэлтэй байлаа. Яагаад гэвэл тэнд хүн ам их байна. Түүнээсээ шалтгаалаад эмнэлэг хүрэлцэхгүй байна. Бусад дүүргүүд харьцангуй боломжтой, хүртээмж нь арай дээр байсан. Гэтэл Чингэлтэй дүүрэг дээр ажиллуулъя ч гэсэн хувийн эмнэлэг байхгүй. Ганцхан 200 орчим ортой Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг л байсан. Тэр нь хаанаа ч хүрэхгүй. Тэгээд Чингэлтэй дүүргийн иргэн хүн ердөө тэр бүс нутагт амьдарснаасаа болоод л эмнэлгийн тусламж авч чадахгүй байсан. Хүртээмж нь хүрэлцэхгүй. Баянзүрх дүүргийн иргэн байснаараа бас иргэд эмнэлэгийн хүрэлцээгүй байдалд орсон. Энийг иргэд ч мэдэрлээ, тухайн орон нутаг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд ч мэдэрлээ. Тэгэхээр тухайн бүс нутгийн, тухайн тойрогт байгаа иргэдийн эмнэлгийн тусламжийн хүртээмжийг яаж сайжруулах вэ гэдэг асуудлыг шийдэх ёстой. Тэгэхийн тулд бид нар хамтарч ажиллах ёстой. Тийм учраас тэр бүс нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний ийм ийм хэрэгцээ байна гэдгээ бид нар зарлаад тухайн байгууллагуудад санал болгоно. Энэ чинь өөрөө тусгай зөвшөөрөл байхгүй юу. Энэ сүлжээнд  хамтарч ажиллаад өнөөдөр тавьж байгаа стандарт, чанарын түвшинд хүрч байвал тэд нар үйл ажиллагаа явуулж болно. Тэгэхээр энэ сүлжээнд багтсан байгуулагууд бол яг энэ дүрмээрээ ажиллана. Энэ сүлжээний биш хувийн эмнэлгүүд байж болно. Тухайлбал гоо сайхны, эсвэл сэргээн засах чиглэлийн ч юм уу ийм эмнэлгүүд бол цэвэр өөрийнхөө менежментээр л явна. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэгт иргэдийн хамгийн наад захын хэрэгцээг тодорхойлоод тэрийг хийх захиалгыг л тухайн эрүүл мэндийн байгууллагуудад өгч байна шүү дээ. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээг төрийн байгууллага байна уу, хувийн эмнэлэг байна уу гэдгээс үл хамааран захиалгаа бид өгч байгаа юм. Тэр захиалгыг л төрийн, хувийн эсвэл бүр олон нийтийн өмчлөлтэй эмнэлэг байна уу хамаагүй бид нартай гэрээлээд ажиллах боломжийг л нээж өгсөн. Тэгэхээр энэ чинь бас жижигхэн өрсөлдөөн явагдана гэсэн үг. Тэрийгээ дагаад чанаржина гэсэн үг.

-“Ковид-19” цар тахлын энэ цаг үед иргэд олон нийт төдийгүй бүх шатны төрийн байгууллагууд бүгд хэзээ ч тулгарч байгаагүй шинэ нөхцөл байдалтай нүүр туллаа шүү дээ. Тэгэхээр тэр нөхцөл байдал, өөрчлөлтүүд та бүхний нийгмийн эрүүл мэндийн судалгаа шинжилгээний ажилд хэрхэн нөлөөлсөн болоод цаашдын ажил төлөвлөлт, өмнө хийж байсан ажлуудын үр дүнг хэрхэн гаргаж тавьсан бэ? Жишээлэхэд, иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад жижиг асуудлууд гарсаар байсан гэх зэргийг бид бүгдээрээ харсан. “Ковид-19” цар тахал та бүхэнд ямар сургамж өгөв?

-Маш зөв асуулт байна. Энийг “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж нэрлэдэг” юм. Тэгэхээр бид яг энэ ковид хүртэл бол нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед Улаанбаатар хотын тусламж үйлчилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр суурилсан байдлаар үзүүлэх загвартай байсан. Энийг өөрчилье гээд сүүлийн 10 гаруй жил манайд олон улсын хөтөлбөр, олон улсын зөвлөхүүдийн зөндөө зөвлөмжүүд гарсан байдаг. Тэгээд энийг хэрэгжүүлэхгүй явчихсан. Өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард Эрүүл мэндийн сайдын тушаал гараад дүүрэг тус бүр дээр хариу арга хэмжээний түр нэгжүүдийг байгуулсан. Тэр бол яг албан ёсоор биш, түр зуурын нэгж байгаа юм. Тэгээд тэнд үйл ажиллагаа явуулж байгаа машин техникийг нь төрийн өмчийн байгууллагуудаас түр ашиглуулах, манай эрүүл мэндийн төвийн ажилчид тэнд дайчлагдан ажиллах байдлаар өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна.

#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим

2022 оны нэгдүгээр сарын 14. Баасан. №009 (5581)