А.Амаржаргал: Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргах боломж бүрдсэн

Улс төр

Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар Батлан даалтын газрын дарга А.Амаржаргалтай ярилцлаа.

 -Зээлийн батлан даалтын сан гэж юу болох ямар үйлчилгээ, дэмжлэг үзүүлдэг зэрэг үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг уншигчдад  хүргэхгүй юу?

-Зээлийн батлан даалтын сан нь Монгол Улсын их хурлаас 2012 онд баталсан Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилготой 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгө хүрэлцдэггүй асуудал нэлээд тулгардаг. Барьцаа хөрөнгийн дутагдалтай асуудлыг шийдэх, бизнес эрхлэгчид хүссэн санхүүжилтээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Зээлийн батлан даалтын сангаас шаардлагатай барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэгт батлан даалт гаргадаг.

-Сан байгуулагдсанаас хойш хичнээн ААН, байгууллагууд батлан даалттай зээлд хамрагдсан бэ?

-Зээлийн батлан даалтын сан нь нийтдээ 1076 иргэн, аж ахуйн нэгжид 298 тэрбум төгрөгийн зээлд 145,5 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан. Үүнээс 2021 онд 241 аж ахуйн нэгжид 67,8 тэрбум төгрөгийн зээлд 33,6 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна.

-Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг олгоход танай сан чухал үүрэг оролцоотой байсан. 2021 онд гаргасан батлан даалтын хэдэн хувийг Ажлын байрыг дэмжих зээлийн батлан даалт эзэлсэн бэ?

-Ажлын байр дэмжих зээлд  208 аж ахуйн нэгжийн 57.2 тэрбум төгрөгийн зээлд 28.4 тэрбум төгрөгийн батлан даалт гарсан. Энэ нь 2021 онд гаргасан нийт батлан даалтын 86 хувийг эзэлж байна. Үүнээс Улаанбаатар хотод 68 хувь, орон нутагт 32 хувь нь тус тус олгосон.

-ЖДҮ эрхлэгчид батлан даалттай зээлд хамрагдахын тулд заавал арилжааны банкаар дамжуулдаг. Тэгвэл 2021 онд аль банк хамгийн их батлан даалттай зээл гаргасан бэ?

-Батлан даалтын мэдээнээс харахад 2021 онд  Төрийн банк хамгийн их буюу 74 аж ахуйн нэгжийн 21.2 тэрбум төгрөгийн зээлд 10.6 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан.

-Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалттай зээлийг тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-Эх үүсвэртэй батлан даалт нь ердийн батлан даалтаас онцлогтой байдаг. Гаргасан батлан даалтын хэмжээгээр эх үүсвэрийг гаргадаг учраас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хүү багатай, урт хугацаатай зээл авах боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зээлийн дарамтыг бууруулж байна. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Го­ломт банк гэсэн зургаан  банк­тай хамтран ажиллаж байна.

-Хөдөө орон нутгийн иргэдэд батлан даалттай зээлийн хүртээмж хэр байгаа вэ?

-Орон нутагт гаргах батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажилладаг арилжааны банкууд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй уулзалт хийх, сургалт, мэдээлэл өгөх гэх мэт байдлаар  хоорондоо уялдаатай ажилладаг.

-Энэ онд хэдэн төгрөгийн батлан даалттай зээл гаргахаар зорин ажиллаж байна вэ?

-Сангийн хувьд 2022 онд эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн. Ипотекийн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргах ажлын бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Мөн Эх үүсвэртэй батлан даалтын хэмжээ нэмэгдэж, хүү буурснаар аж ахуйн нэгжүүдэд зээл авах таатай боломж бүрдэж байна. 2022 онд нийт  48.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргахаар төлөвлөж байна.

-Батлан даалттай зээлдэгч­дийг үйл ажиллагааны салбараар нь ангилбал ямар салбарынхан хамгийн их хувийг эзэлдэг вэ? 2022 онд аль нэг салбарт илүү төвлөрч ажиллана гэсэн юм байгаа юу?

-Нийт гаргасан батлан даалтыг салбараар нь авч үзвэл Үйлдвэрлэлийн салбарт 381, Худалдааны салбарт 377 аж ахуйн нэгжид батлан даалт гаргасан байдаг. 2022 онд Үйлдвэрлэлийн салбарыг дэмжих бодлогыг түлхүү баримталж ажиллана.

-Эдийн засгийн байдал сайнгүй байгаа ийм үед танай харилцагчдын эргэн төлөлт хэр байна вэ? Батлан даалттай зээл авсан зээлдэгчид зээлээ төлж чадахгүйд хүрсэн тохиолдол хэр их гарсан бэ? Зээлийг нь төлүүлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Ковид-19 цар тахал, хөл хориотой холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогсох, иргэд, ажилчдын цалин орлого тасалдаж, улмаар зээлийн үүргээ хугацаандаа төлөх боломжгүйд хүрч, энэ байдал цаашид тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна. Өмнөх онуудтай харьцуулахад зээлийн эргэн төлөлтийн үзүүлэлтүүд, ялангуяа чанаргүй зээлийн хувь хэмжээ харьцангуй тогтвортой байсан. Гэтэл шинээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэх хандлагатай болсон. Үүнтэй холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран зээлийн эргэн төлөлтийн доголдол үүссэн зээлдэгчдийн зээлийн ангиллыг түр хугацаагаар ангилахгүй байх, эргэн төлөлтийг хойшлуулсан. Цар тахалтай холбоотойгоор 62 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

-Хууль эрх зүйн хувьд та бүхэн ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх ёстой гэж харж байгаа вэ?

-Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд 2021 оны 11-р сарын 12-ны өдөр  нэмэлт өөрчлөлт орсноор ипотекийн зээлд батлан даалт гаргах боломж бүрдсэн. Батлан даалтын хүсэлтийг банкаар дамжуулахгүйгээр шууд хүлээн авдаг болох, аж ахуйн нэгж төдийгүй иргэний зээлд батлан даалт гаргадаг болох зэргээр Сангийн батлан даалтын үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд уян хатан нөхцөлтэй явуулах боломжтой байх өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай.

-Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа нийгэм, эдийн засагт ямар эерэг үр нөлөө үзүүлдэг вэ?

-Санхүүгийн хувьд асуудалгүйгээр төслөө хэрэгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргана. Өрсөлдөх чадвар сайжирч орлого нэмэгдэнэ. Улмаар тогвтортой ажлын байр нэмэгдэнэ. Ажилчдын цалин орлого өснө. Улсад төлөх татвар нэмэгдэнэ гэх мэт эерэг нөлөөг үзүүлж байна.

-Цаашид Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа ямар байх ёстой гэж та бүхэн томьёолж байна вэ?

-Зээлийн батлан даалтын сан үүсгэн байгуулагдаад арав гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд банк санхүү, бизнесийн байгууллагуудад тодорхой хэмжээнд танигдаж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үүргээ гүйцэтгэж байна. Цаашдаа хүн бүр мэддэг, сонирхдог, банк санхүүгийн байгууллагууд хамтран ажиллахын тулд өрсөлддөг ЖДҮҮЭ-ийг дэмжих санхүүгийн үндсэн механизм байх ёстой гэж харж байна.

#МонголынМэдээСонин #АлбаныХүнийҮг

2022 оны нэгдүгээр сарын 14. Баасан. №009 (5581)