Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан олон асуудлаа шийдвэрлэнэ

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өчигдөр /2021.12.01/ боллоо. Тус форумд Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцсон юм.

Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө Улсын Их Хурал, Засгийн газар, НИТХ-тай хамтран олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхийг зорин ажиллалаа. Өнөөдрийн арга хэмжээгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог та бүгдийн оролцоо, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна” хэмээв.

Нийслэлийн хүн ам сүүлийн 30 жилийн хугацаанд гурав дахин өсөж, өнөөдрийн байдлаар 1.5 саяд хүрээд байгаа. Энэхүү өсөлттэй уялдан хөдөлмөрийн насны нийт хүн амын 64.2 хувь, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69.2 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр Монгол Улсын хүн ам, эдийн засгийн талаас илүү хувь нь төвлөрсөн ч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өнгөрсөн хугацаанд анхаараагүй, хойш тавьсаар ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчидтай хамтарч шийдвэрлэх ажлууд Улаанбаатар хотод олон бий бөгөөд энэ ч зорилгын үүднээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 27 жил шинэчлэгдээгүй байсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсан. Энэ хуулийн хүрээнд Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэж байгаа. Ирэх 2022 оноос эхлэн хэрэгжих энэхүү хуулиар нийслэл хотын эрх зүйн чадамж дээшлэх, нийслэл нь хуульд заасны дагуу үнэт цаас гаргах, нийслэлийн хэмжээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах, Улаанбаатар хотын дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах замаар нийслэл хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн.

Энэ үеэр Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, одоо хэрэгжиж байгаа олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцох юм. Мөн авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хөдөлгөөнийг сайжруулах зэрэг асуудлаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.

Ингээд форумд оролцсон Нийслэлийн удирдах албан тушаалтнууд болоод сайд нарын зөвлөхүүдийн санал сэтгэгдлийг хүргэе.

Д.Батмөнх: Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх нь бидний гол зорилго

/Нийслэлийн Засаг даргын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх/

 -Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Энэ хууль батлагдсанаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг гадаадын хөрөнгө оруулагчид төсвийн бус салбарт хамтарч ажиллах боломж бий боллоо. Улаанбаатар хотод оршин сууж буй 1.6 сая иргэний дийлэнх нь худалдаа, үйлчилгээний салбараас орлого олдог. Энэ салбар цар тахлаас шалтгаалан үүд хаалгаа барьсан нь эдийн засгийг нэн хүндрүүлсэн. Тиймээс цар тахлын дараах эдийн засгийг сэргээх нь бидний гол зорилго юм. Улсын төсвийн 70 орчим хувийг албан татвар бүрдүүлдэг. Мөн Улаанбаатар хотод 170 мянга орчим өрх гэр хороололд амьдарч байна. Дэд бүтцийг нь шийдсэн, өөрийн орлогод нийцсэн орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн дулааны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь чухал юм гэлээ.

Э.Бат-Амгалан: Бид Улаанбаатар хотын бүхий л асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлнэ

/УИХ-ын гишүүн бөгөөд УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга/

-“Нийслэл хотод тулгамдаж байгаа олон асуудал байгаа. УИХ эдгээр асуудалд цэг тавихаар нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллахаар санал нэгдэж, УИХ-д анх удаа улс төрийн нам, эвсэл үл хамааран, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд эвлэлдэж, 26 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороог байгуулсан. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын төлөвлөлт, замын түгжрэл, экологийн аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилготой” хэмээн ярилаа.

Д.Ирмүүн: Хамгийн ухаалаг зөв аргаар хөрөнгө оруулалт татах нь чухал

/ Ерөнхий сайдын зөвлөх/

-Өнөөдрийн форум нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байна. Яагаад гэвэл Улаанбаатар хотод шинэ эрх зүйн зохицуулалттай болсноор эдийн засгийн эх үүсвэрийг сайжруулах асуудлууд яригдлаа. Хамгийн гол асуудал нь Улаанбаатар хотын эдийн засгийг яаж чадвахжуулж, нэмэгдүүлэх үү гэдэг чиглэлээр зөв яриаг өрнүүлж чадаж байна. Нийслэл хотод манай улсын хүн амын тэн хагас нь амьдардаг түүгээрээ ч ДНБ-ий 70 гаруй хувь, санхүүгийн үйл ажиллагааны 84 хувь нь байдаг. Энэ бол маш том зах зээл, тэгэхээр энэ зах зээл хэрхэн хамгийн ухаалаг зөв аргаар хөрөнгө оруулалт татах вэ гэдэг асуудлыг олон байгууллагууд ярьж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ гэдгийг илтгэж байна. Нийслэлийн бие даасан эдийн засгийн асуудлыг Ерөнхий сайд маш сайн дэмжиж байгаа. Хамгийн гол нь нийслэлд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн чанар чансаа, хөрөнгө оруулалт татах чадавхи, зээлжих зэрэглэл нь ямар  байгааг харж ярих ёстой.   

Л.Болормаа: Сангийн яам ямагт уялдаатай хамтран ажилладаг

/ Сангийн сайдын Эдийн засгийн зөвлөх /

-Улаанбаатар хотын өөрийнх нь эдийн засгийн статус, боломжууд тэр болгоныг нээж өгсөн энэ хууль гарсантайгаар уг форумыг зохион байгуулж байгаа учраас маш том ач холбогдолтой. Монголчууд шинэ зүйлийг санаачлаад хэрэгжүүлж байгаа юм биш. Дэлхий даяар улс дотроо хотуудын статустай байдаг. Яагаад гэхээр хотууд нь хүн ам, эдийн засаг гээд бүх зүйлээрээ маш чухал ач холбогдолтой байдаг учраас тэр. Тэгэхээр  уяан хатан байдлыг нь бий болгож санхүүгийн бөгөөд эдийн засгийн яам бодлогоо бас өөрөө мэдээд явах боломж,  тэр бодлогыг нь нээж өгдөг. Гэхдээ энэ нь Сангийн яамтайгаа заавал уялдаатай байдаг.  Нийтээрээ Монгол Улс гэж харж байгаа учраас шүү дээ. Энэ боломжуудыг Сангийн яам, Засгийн газар, УИХ-аас  нээж өгсөн нь дэвшилттэй зүйл болсон. Хууль батлагдсаны  дараа хэрэгжүүлэлт гэж бий. Тиймээс хэрэгжүүлэхэд анхаарч зөв хийснийг жишээ болгон авч явснаар хууль хэрэгжих боломж бүр илүү болж ирнэ. Сангийн яамны хувьд мэдээж хамтын ажиллагаатай байна. Учир нь улсын төсвийг хэлэлцэн батлуулна, Монгол Улс  өөрийн гэсэн тавьсан зорилт, мега төслүүд, нийт том эдийн засаг нь хоорондоо маш нарийн уялдаатай явдаг.

Ж.Сандагсүрэн: Нийслэлийн эрх зүйн байдлын хууль шинэчлэгдсэн нь нийслэлийн эдийн засаг бие даах боломжийг олгосон

/Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /

-Бид нийслэлийг бие даалгах, томоохон төсөл хэрэгжүүлэхдээ  гаднаас санхүүжилт авна гэж ярьдаг. Тэрхүү санхүүжилтийг авахын тулд хувь хүн, байгууллага алин ч бай ойлгомжтой санхүүтэй хамгийн зөв зүйлд мөнгөө зарцуулдаг гэдэг итгэл үнэмшлийг хөрөнгө оруулагчдад төрүүлэх ёстой. Тэгэхийн тулд бид ирэх жил нийслэлийн санхүүгийн нөхцөл байдал, байгаа хөрөнгөнд нь  үнэлгээ хийлгэнэ. Хоёрдугаарт бид өөрсдөө дотоод зах зээлээ яаж өргөсөх вэ гэдэг дээр өөрөөр хэлбэл дэмжинэ гэсэн үг шүү дээ. Энэ хүрээнд бид ажиллах нь чухал байгаа юм. Тэгэхдээ зөвхөн дангаараа биш хамтын ажиллагаа хэлбэрээр. Жишээлбэл бидэнд одоо ийм хэмжээний хөрөнгө байна. Үүнд  зөвхөн тэр энэ гэхгүйгээр хамтарч оролцоочээ . Гэхдээ гол нь  тэр бизнес нь  одоо явагдаж байгаа бизнесүүдтэй өрсөлдөхгүй байх ёстой. Хот  өөрөө орж ирээд тэр бизнесүүдээ өрсөлдөж унагаад байж болохгүй. Ийм байдлаар зах зээлээ тэлнэ мөн өнөөдрийн форум нь хөрөнгө санхүү босгох ажлын урьдчилсан нөхцөл болж байна гэсэн үг. Олон улсын санхүүгийн байгууллагын суурин төлөөлөгч хэлж байна урд өмнө хамтрах гэхээр бие даасан байдал тааруу байсан одоо харахад байдал өөр болжээ гэлээ энэ маань цар хүрээ өөр болсныг илтгэж байна гэж харж байна.

#МонголынМэдээСонин #ОнцлохҮйлЯвдал

2021 оны арванхоёрдугаар сарын 02. Пүрэв. №153 (5558)