Шинэ жилээ тэмдэглэх хамгийн гол бэлтгэл нь гоё даашинз, хослол биш вакцины бүрэн тун

Улс төр

Шинэ жилийн уур амьсгал ороод эхэлж. Томоохон зах, худалдааны төвүүд гацуур засч мод, чимэглэлийн багц худалдаа бэлдээд тавьчихсан байна. Арга ч үгүй биз оны сүүлийн сар гарчихлаа. Үндсэндээ дөрвөн долоо хоногийн дараа хүн төрөлхтөн  шинэ онтойгоо золгох нь. Өнгөрсөн оны өдийд Монгол Улсад “Ковид-19” цар тахлын халдвар дотоодод гарч анх удаа хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн байлаа.  Ингээд  хөл хорионд  шинэ оноо гэр гэртээ тэмдэглэж гар утас, комьпютерийн дэлгэцээ улайстал бие биедээ мэндчилгээ дэвшүүлсэн. Зарим нь цар тахалгүй үеийн цагийн сайхныг дурсч шинэ жилийн хуучин зургаа тавьж байв. Тэгвэл өнөө жил хатуу хөл хорионы дэглэм суларч шинэ жилээ хамт олноороо тэмдэглэх боломжтой болсон. Энэ нь Монгол Улс иргэдээ вакцинжуулж цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүн гэж хэлж болно. Ёстой нөгөө ажилд авах зар дээр гардаг шиг “вакцины бүрэн тунд хамрагдсан бол давуу тал болно” хэмээж буй. 

Гэвч коронавирусийн омикрон гэх  хувилбар дэлхийн 18  улсад тархаж  шинэ нөхцөл байдал үүсгээд байна. ДЭМБ-аас энэ шинэ хувилбарыг анхаарч  аюултай төвшинд авч үзэхийг уриалсан. Хамгийн гол нь вакцины бүрэн тунд хамрагдсан бол коронавирусийн ямар ч хувилбараас хамгаална гэдгийг эрдэмтэд батлан мэдэгдсэн билээ.

Африкийн улс орнууд болон Израиль, Бельги улсуудад  бүртгэгдсэн бол бусад орнуудад зөөвөрлөгдсөн байдлаар бүртгэгдсэн. Иймд  ковидын эсрэг авсан арга хэмжээгээ сулруулж байсан улс орнууд халдвар бүртгэгдсэн улсаас гадаадын иргэн авахгүй, мөн өөрсдийн орны иргэдийг 10-14 хоног тусгаарлаж, хоёр удаа ПСР шинжилгээ авах арга хэмжээнд шилжсэн. Үүнтэй зэрэгцээд дархлаа сэргээх  тун буюу  гуравдугаар тунг  эрчимжүүлж байна. Тухайлбал,  Их Британи 40 наснаас дээш иргэдэд бүүстэр тун хийж байсан бол 18-аас дээш насны иргэдээ хамруулах  шийдвэр гаргалаа. Мөн тун хоорондын зайг гурван сарын хугацаатай болгов. Энэ мэтчилэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж,  дархлаажуулах  арга хэмжээ авч  эхлэв. Өөрөөр хэлбэл  улс орнууд хатуу хөл хорио тогтоохоос  илүүтэй урдчилан сэргийлэх вакцинд иргэдээ яаралтай хамруулах нь хамгийн оновчтой зөв  алхам хэмээн үзэж  байгаа юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Омикрон хувилбар дэлхийд бүртгэгдсэнтэй холбогдуулан хилийн боомтуудад нэмэлт тандалтын баг гаргаж, шинжилгээ авч байна. Өнгөрсөн сарын 28-наас хойш 10 шугамаар түргэвчилсэн болон ПСР шинжилгээ авч байгаа. Арваннэгдүгээр сарын 28-наас хойш 1040 хүн гадаадаас ирж, хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Нэг иргэнээс дельта хувилбар илэрч, нөгөө нь үгүйсгэгдсэн. Манай улс 18-40 насны иргэдэд бүүстэр тун хийж байна. Энэ хүрээнд  74 их, дээд сургууль дээр вакцинжуулалтын цэг ажиллуулж эхэлсэн. Долоо хоногт 80 мянган хүн бүүстэр тунд хамрагдаж байгаа. Өчигдөр  /2021.11.30/ 18 мянган хүн вакцинд хамрагдсан. Омикрон хувилбар эмчилгээний хувьд адилхан. Илэрч буй шинж тэмдэг хөнгөн талаар ДЭМБ-аас мэдээлэл гарч байгаа. Толгой өвдөх, үнэрлэх амтлах мэдрэмж  алдагдахгүй, хүндрэхгүй байна хэмээн өчигдөр /2021.12.01/ мэдээллээ.

Тэгэхээр вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд шинэ жилээ санаа амар тэмдэглэж болох нь.  Харин Засгийн газраас төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр бас хувийн зардлаар шинэ жил тэмдэглэхийг хориглоод байгаа. Мөн зорилтот бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан билээ.  Тэгэхээр  коронавирсийн  тархалтын онцгой нөхцөл байдал дэлхий дахинд үүсэхгүй л бол хатуу хөл хорио тогтоох арга хэмжээг Засгийн газраас авахгүй нь. Иймд бидний хувьд шинэ жилээ тэмдэглэх  бэлтгэлээ хангах хамгийн эхний ажил бол гоё даашинз, хослолоос илүүтэй вакцинаа хийлгэх асуудал болоод байна. Вакцины бүрэн тунгаа хийлгэчхээд хамт олноороо шинэ жилээ тэмдэглэнэ гээд явж байвал бас л гоё доо.

#МонголынМэдээСонин #Дугаарын60мөр

2021 оны арванхоёрдугаар сарын 02. Пүрэв. №153 (5558)