АНГЕЛА МЕРКЕЛИЙН ЭРИН ӨНДӨРЛӨЖ, ГЕРМАН УЛСЫН ШИНЭ КАНЦЛЕР БОЛОХ ХҮН ТОДОРЛОО

Дэлхийн мэдээ

Бараг хоёр сарын өмнө Германы холбооны парламентын сонгуульд ялсан Социал Демократ нам өөр хоёр намтай эвсэж, засгийн газар байгуулахаар болсноо өчигдөр зарлалаа.

 

Байгаль орчныг хамгаалах үзэлтэй Ногоон нам, бизнесийг дэмжигч Чөлөөт Ардчилсан нам хоёр Социал Демократуудтай эвсэхээр болжээ.

Ингэснээр 16 жил үргэлжилсэн канцлер Ангела Меркелийн эрин өндөрлөж байна. 63 настай дэд канцлер Олаф Шольц арванхоёрдугаар сарын 6-9-ний хооронд болох Бундестагийн чуулганаар канцлерын албан тушаалд томилогдох юм.

Шинэ засгийн газрын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх явдал байх гэнэ.

Эвслийн гурван нам 2030 онд нүүрсийг хэрэглээнээс гаргах зорилт тавьсан нь өмнөх төлөвлөгөөг найман жилээр урагшлуулсан хэрэг юм.

Тэд бас Герман улсын газар нутгийн 2 хувийг салхины цахилгаан станцын зорилгоор ашиглах, устөрөгчийн гаралтай эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх зорилготой байна.

Улмаар 2030 онд Германы нийт эрчим хүчний 80 хувийг сэргээгдэх эх үүсвэртэй болгох, Германы гудамж замуудаар 15 сая цахилгаан автомашин зорчдог болгох төлөвлөгөө боловсруулжээ.

Бас каннабисийн хэрэглээг хуульчилж, зөвшөөрөгдсөн цэгүүдээр борлуулдаг болгох төлөвлөгөөтэй байна. Европын хамгийн том эдийн засагтай улсын хувьд Германы засгийн газрын шийдвэр нь тивийн бусад улс орнуудад хүчтэй нөлөөлөх юм.

Герман улсын гадаад бодлогын цөм нь Европын бүрэн бүтэн, бие даасан байдал байх бөгөөд Франц улстай найрсаг харилцаагаа хадгалж, АНУ-тай түншлэхийн ач холбогдлыг Шольц онцолжээ.

Шольцийн хувьд коронавирусийн цар тахлын хүчтэй давлагаанд Герман улс нэрвэгдээд буй хүнд цаг үед канцлер болж байгаагаараа онцлог юм.

Тэрбээр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ хүн амын вакцинжуулалтыг эрчимжүүлж, эрүүл мэндийн болон бусад онцгой салбарын ажилтнуудыг дархлаажуулалтад албадан хамруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC