Хүний амь хохирсон хэрэгт холбогдсон Говь-Алтай аймгийн Засаг дарга асан болон бусад албан тушаалтнуудыг цагаатгав

Эрэн сурвалжлах

Говь-Алтай аймгийн Хүүхэд залуучууд, гэр бүл, хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа амь насаа алдсан хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр боллоо.

 

2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна хэмээн тухайн үед цагдаагийн байгууллагаас мэдээж байв.

Хэрэг гарсны дараа ажлын байрандаа архидан согтуурсан аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Улмаар Засаг дарга асан В.Рэнцэндорж, аймгийн Хүүхэд залуучууд, гэр бүл, хөгжлийн газрын ажилтан Б.Лхагважаргал, тус газрын жолооч Э.Мэндсайхан нарын яллагдагчаар татсан юм.

Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал долоон удаа хойшилсны эцэст өчигдөр болж, шийдвэр гаргалаа.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, талийгаачийн ээж Г.Ундрамын нэхэмжилсэн 325 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүх бүрэлдэхүүн тэднийг цагаатгах шийдвэр гаргасан үндэслэлээ доорх байдлаар тайлбарласан юм.

Прокурорын байгууллагаас шүүгдэгчдэд Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд заасан бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэдэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Уг зүйл ангид бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй, бусдын туслалцаа асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учирсан нөхцөлд тусламж үзүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай тусгажээ. Харин дээрх хэргийн тухайд уг үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзсэн байна.

Шүүхийн шийдвэрийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч шударга шийдвэр гаргалаа хэмээн байр сууриа илэрхийлсэн бол хохирогчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учир шийдвэр албажсаны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана гэлээ.