ОДОО НУС ЦЭРЭЭ ХАЯХАА БОЛЬЧИХВОЛ....

Нийгэм, Эдийн засаг

Гудамжаар алхаж явахад явган хүний зам дээр энд тэндгүй ногоон нус, хаясан шүлс таарч сэтгэл эвгүйцүүлэн тойрохоос аргагүй болох. Гудамжин дахь сандал суудал, тамхины цэг, автобусны буудал орчимд бүүр их. 

Ялангуяа коронавирусийн цар тахал дэлхий дахиныг хамарч хэн хүнгүй эрүүл мэнддээ анхааран гудамжинд хүнтэй ойрхон зөрөхөөсөө хүртэл болгоомжилж байгаа өнөө үед таны өмнө хүн шүлсээ хаях юм уу, нусаа хүрхийтэл нийгээд байвал ямар вэ. Энэ аймшигт өвчнийг дэлхий дахины эмч мэргэжилтэн, эрдэмтэн мэргэд амьсгалын замаар, агаар дуслаар  халдварладаг гээд хүн төрөлхтөн бараг хоёр жил амны хаалтаас салаагүй явж байгаа. Зүгээр л амьсгалаар, агаараар халдварладаг энэ гайт өвчний вирус агуулсан нус цэр бүр ч аюултай нь хэнд ч мэдээж. 

Үгүй юмаа гэхэд та өнө эртний болон өнөө маргаашийн сайн сайхан зүйл бодоод тааваараа алхаж явтал яг улаан зам дээр чинь ногоон нус, цэр хөлдчихсөн байвал ямар санагдах вэ. Танд өөрт чинь таагүй сэтгэл төрөн сэжиглэн зам хазайн тойрч гарч байгаа бол, таны хаясан шүлс, нийсэн нус өөр нэгэнд бас л тийм эвгүй сэтгэл төрүүлж байгаа. Төр засаг, нийслэлийн удирдагчид “Хотын соёл” гээд л хөрөнгө мөнгө зарж дутуу дулимаг ч болов юм хийх гэж энд тэнд самбар босгож, уриа лоозон хадаж мөнгө тоншиж байхад бид өөрсдөө  хотжиж, хувийн ариун цэвэр, соёлд суралцах цаг болсон биш үү. 

Монголчууд хот балгад байгуулсан нь нэг их олон зуун жил биш ч гэлээ өнөөдөр ямар ч байсан суурьшиж эхэлсэн. Хотжиж, олны дунд биеэ зөв авч яван, өөрийгөө болон, өрөөл бусдыг хүндэтгэдэг соёлд суралцах цаг хэдийнээ болчихож. Алийн болгон их Д.Нацагдоржийн “Хуучин хүү” шиг “Тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд...” гэрт орж байх юм бэ. Өнөөдөр альч аймгийн төв, нийслэлийн гудамжаар явагсад барууны аль ч хотын иргэдээс дутахааргүй гоё ганган хувцастай, үнэтэй гар утас барьсан, дэлхийн бүхий л орны тансаг машин хөлөглөсөн харагддаг.

Гэтэл энэ л ганган хүмүүсийн дунд чинь өнөө л  гудамжинд морь хардаг, нусаа нийж, цэрээ хаядаг нэгэн, бүр хэд хэдэн хүн алхаж яваа хэрэг шүү дээ. 

Соёлтой байна гэдэг бол гоё ганган хувцас өмсч, үнэртэй ус  сэнгэнүүлэхдээ биш олны дунд өөрийгөө болон бусдыг хүндэтгэж, зогсоолд машинаа зөв байрлуулахаас эхлээд л  нус цэрээ хаядаггүй зөв төлөвшилтэй байхаас л эхэлнэ.

Монголчууд муу зуршлыг орхихдоо бас ч гэж муугүй. Нэгэн үе оршуулгын цагаалга дээр тулгахгүйгээр архи ууцгаадаг байснаа больчихож. Хамгийн сүүлд гэхэд л гудамжинд тамхи татан утаа савсуулан явдгаа бараг больж байна. Олон нийтийн сүлжээгээр  нэг давалгаалахад л бие биендээ шаардлага тавиад нэг л мэдэхэд энэ муу зуршлаа мартаж орхидог сайн талтай. 

Одоо гудамжинд нусаа нийж, цэрээ хаяхаа больчихвол.....

#МонголынМэдээСонин #Дугаарын60мөр

2021 оны арваннэгдүгээр сарын 19. Баасан. №147 (5552)