БУУХ ЭЗЭНГҮЙ, БУЦАХ ХАЯГГҮЙ КОЙН...

Улс төр

Сүүлийн хоёр  жилд цар тахал, хатуу хөл хорионы улмаас унасан эдийн засгаа  сэргээх гэж Засгийн газраас арван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний хоёр их наяд төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэй зээл болгон гаргаж иргэн, аж ахуйн нэгжид олгосон.  Уг зээлээс авч чадаагүй жижиг дунд үйлдвэрлэгчид гомдолтой үлдсэн байдаг. Тэгвэл яг ийм хэмжээний буюу хоёр их наяд гаруй төгрөг сүүлийн хоёр гурван сард койн буюу цахим мөнгө гэсэн зах зээлд орчхоод байна.

Эндээс үзэхэд хөрөнгийн зах зээлээ самбаатай хөдөлгөөд явбал дотоодын үйлдвэрлэлд санхүүжилт  босгоход тийм ч хэцүү зүйл биш нь харагдана.  Хамгийн гол нь хөрөнгийн зах зээлд оруулсан мөнгө Буух эзэнтэй, буцах хаягтай учраас эрсдэл төдийлөн гарахгүй. Харин койн...

Хүмүүс орон сууц, автомашинаа зарах, хадгаламж, цалингийн  хэдэн төгрөгөө хуу хамаад койн руу хошуурах болов.  Өөрөөр хэлбэл гэнэт баяжих хүсэлд автаж ах дүү, хамаатан садан, танил найз нөхдөө койнд мөнгө хийхийг зөвлөсөн давлагаа нийгэмд үүсчихлээ. Цар тахалтай жишиж ярьвал тархалтын оргил үедээ явж байна. Одоогоор дэлхийн улс орнуудад койныг зохицуулсан хууль эрх зүйн орчин төдийлөн гараагүй. Зарим улс бүр хориглоод байгаа. Харин манайд борооны дараах мөөг шиг дэлгэрч эхлэв.

Яг л арав гаруй жилийн өмнөх Хадгаламж зээлийн хоршоодын “марафон” шиг зүйл болж хувирлаа. Бараг л өдөр бүр шинэ шинэ койн гарч алтны уурхайд хөрөнгө оруулж буй мэт хүмүүс хошуурах болов. Үүний цаана койнууд дампуурч иргэд үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай бужигнах нь цаг хугацааны асуудал болсон гэхэд хилсдэхгүй. Эцэст нь эд хөрөнгө, мөнгө төгрөгөө алдсан хохирогчид төр лүү дайрч төлж өг хэмээн жагсч цуглах дүр зураг харагдаж байна. Төр зохицуулаагүй учраас татвар төлөгчдийн мөнгөөр төлж өгөх ёстой гэсэн эх захгүй хэрүүл, маргаан хөвөрч мэдэх нь. Ийм учраас  УИХ-аар ирэх онд баримтлах Төрийн мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн үеэр төрийн зарим түшээд койны асуудлыг хөндөж эхлэв. тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Санхүүгийн зохицуулах хорооноос койнд 600 мянган иргэн хоёр  их наяд төгрөг оруулсан талаар мэдээлэл өглөө. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулж байгаагаар хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдоос бараг 10 дахин их хүн, оролцож байгаа мөнгө нь мөн 10 дахин их хөрөнгө энэ чиглэлд эргэлдэж байна. Энэ зах зээл  дэлбэрвэл дарьтай торх биш цөмийн бөмбөг болох нь тодорхой дүр зураг ажиглагдаж эхэллээ.

Төрийг төлөөлсөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа иргэдэд анхааруулга гаргаж байгаа нь сайшаалтай.  Крипто валютыг зохицуулсан хууль эрх зүйн орчин манай улсад байхгүй. УИХ-ын гишүүний хувьд дээрх газруудаас гаргаж буй анхааруулга, зөвлөмжийг дэмжиж буйгаа илэрхийлье.   Ийм учраас иргэн та өөрөө эрсдэлээ үүрнэ. Яагаад гэвэл УИХ-аас энэ чиглэлээр хууль гаргаагүй, төр бүртгэж зөвшөөрөл олгоогүй. Иргэн та араа өөрөө даана гэдгийг шуудхан хэлмээр байна. Үнэгүй бяслаг  зөвхөн  хавханд байдаг шүү” хэмээв.

Харин койны зах зээлийг зохицуулах, хяналт тавих  хуулийн төслийг УИХ-аар одоо ярилцаж эхлээд байна. УИХ-ын гишүүн Н.Учрал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа аж.

Тэрбээр “Энэхүү хууль бол товчхондоо Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид буюу зөвхөн койн, токены арилжааг зохион байгуулж байгаа биржүүдийг бүртгэлжүүлэх, зохих үйл ажиллагаанд хяналт  тавих зорилготой. Харин койн, токен гаргаж буй хуулийн этгээдүүдийг Мэргэжлийн холбоодын санал зөвлөмжийг үндэслэн тухайн бирж нь хяналтаа тавьж, шалгаж ажиллана.

Дэлхий нийтэд виртуал хөрөнгө буюу койн токены зах зээл эрчимтэй хөгжиж, санхүүгийн харилцаа идэвхтэй явагдаж байгаагийн нэгэн адилаар Монгол Улсад ч  таван  бирж дээр  хоёр их наяд төгрөгийн арилжаа хийсэн байна. Энэ бол бага дүн биш. Харин энэхүү арилжаанд оролцож буй иргэн бүр ашиг олж байгаа юу гэвэл үгүй. Тиймээс Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс иргэддээ анхааруулга хүргэж байгаа.  Виртуал хөрөнгийн арилжаа бол технологид суурилсан чөлөөт зах зээлийн л арилжаа. Тиймээс бусад зах зээлийн харилцаанд үйлчилдэг гол зарчим болох эрсдлээ өөрөө даадаг зарчим үүнд ч мөн үйлчилнэ. Таны 10 төгрөгөөр худалдан авсан койн маргааш гэхэд 5 төгрөг болоод буурах магадлалтай. Өөрөөр хэлбэл   зах зээлийн журмаараа үнэ тогтдог учраас савлагаа ихтэй, эрсдэл өндөртэй арилжаа юм.  Иймд  иргэд  энэ төрлийн арилжаанд оролцохдоо эрсдлээ даах хэмжээний хөрөнгө зарцуулах, тухайн харилцаанаас үүдэн гарч болох аливаа эрсдэлийг зөвөөр тооцоолж, хэт их эрсдэл үүрэхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв ямар нэг эрсдэл, хохирол үүссэн тохиолдолд хууль эрх зүйн орчин, зах зээлийн харилцааны хувьд ч төр аливаа хохирол, эрсдлийг хариуцах боломжгүй гэдгийг мэдэгдэж байна” хэмээжээ.

Тэгвэл одоогоос арав гаруй жилийн өмнө  иргэд зөвхөн Хадгаламж зээлийн хоршооны өндөр хүү, олох ашгаа хараад хамаг хөрөнгө мөнгөө  оруулж тавиад туучихсан гашуун түүх бий. Хадгаламж зээлийн хоршоонд 30 гаруй мянган иргэн 120 орчим тэрбум төгрөг оруулаад хохирч үлдсэн тооцоо байдаг. Тухайн үед хамаг хөрөнгө, мөнгөө алдсан иргэд гэнэт дампуурснаа сонссон иргэд гэнэтийн цочролд орж амь насаа алдсан тохиолдол ч цөөнгүй гарсан гэхэд хилсдэхгүй. Ингээд УИХ-аар Хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг барагдуулах  чиглэлээр нэг удаагийн үйлчлэлтэй хууль баталж 50 хувийг нь төр даасан. Учир нь УИХ-аас 1995 онд баталсан  Хоршооны тухай хуульд 2002 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байсан юм. Тэгэхдээ Хадгаламж зээлийн хоршооны талаар нэг бүлэг заалт  уг хуульд шинээр оруулжээ. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа төрд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан  Хадгаламж зээлийн хоршоод пирамид тогтолцооны луйвар хийх боломжийг  хангалттай хааж өгөөгүй байж. Иймд төр буруугаа хүлээж хохирогчдын эрсдэлийг тэнцүү хувааж үүрсэн явдал болсон байна.   Харин энэ удаа бол шал өөр. Койныг зохицуулсан хууль эрх зүйн орчин одоогоор алга. Төр койн гаргагчдыг  бүртгэн авч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл албан ёсоор олгоогүй. Ийм учраас төр койнд хөрөнгө мөнгө оруулсан иргэдийн хохирол, эрсдэлийг  хуваалцах ямар ч боломжгүй юм.  

Өөрөөр хэлбэл иргэд өнөөдөр эрсдэл тооцох ухаан, сөхөөгүй сул мөнгө олох, богино хугацаанд амар хялбар аргаар баяжихыг л хүсч сайн дураараа эд хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө дэнчин тавьж байна.  

Өнөөдөр Монголд бие даасан долоон койн арилжаанд оржээ. Цаашдаа 10 гаруй койн мэндлэх гэж буй мэдээлэл бий. Тэгвэл бидний хошуураад байгаа койны талаар зарим эдийн засагч, санхүүчид юу гэж хэлснийг сонирхоё.

Эдийн засагч, санхүүч Д.Ангар:

-Койн бол үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад төлбөр тооцоог түргэн, хялбар гүйцэтгэхэд чиглэсэн зорилготой гарч ирсэн гэж хэлж болно. Жишээ нь Америкт  чек бичээд төлбөр тооцоо хийхэд арав хонодог. Тэрийг койноор хийвэл нэг секунд л шаардагдана. Харин Монголд нүүрснээс өөр ямар ч эдийн засаг алга. Монгол Улсын эдийн засгийг нэг үгээр хэлбэл нүүрсээ зараад олсон мөнгөө хувааж иддэг,  бодит үйлдвэрлэл байхгүй. Монголын банк, санхүүгийн зах зээлийн төлбөр тооцоо нь дэлхийн дунджаас илүү хөгжсөн. Хүн бүр банкны аппликейшн гар утсандаа суулгасан. Таксинд суусан төлбөрөө  хүртэл  мобайл банкаар шилжүүлж болдог. Тэгэхээр койн Монголд юуг шийдвэрлэх гээд байгаа нь тодорхойгүй. Үйлдвэрлэл  хөгжөөгүй, төлбөр тооцооны систем   хангалттай сайн хөгжсөн Монголын хувьд койн, крипто зах зээлийн ямарч орон зай байхгүй. Монголын койнууд цаашдаа дийлэнх нь хэцүүднэ. Domino Effect буюу нэг  муу төсөл нь бусдыгаа нураах байдлаар явна гэж харж байна. Бүгд 100 хувь  амжилттай явна гэж байхгүй шүү дээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн:

-Койн нь санхүүгийн уламж­лалт тогтолцоонд хамаарсан асуу­дал биш. Тийм учраас Монгол­банк, Санхүүгийн зо­хи­цуу­лах хорооноос албан ёс­ны мэдэгдлүүд гарга­сан.  Ту­хайл­бал, манай бай­гуул­ла­гаас 2021 он гарснаас хойш 14 удаагийн мэдэгдэл гаргалаа. Койн, криптовалют, виртуал хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалт Монголд байхгүй. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос эдгээр арилжааны платформын үйл ажиллагааг хянаж, шалгах ямар ч боломжгүй. Иймд хохирсон иргэдийн санал гомдлыг ч хүлээн авахгүй. Монгол Улсын хувьд тодорхой хэмжээнд зөвшөөрөх орон зай байгаа гэж үзээд хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцэж байна. Мөнгө угаах гэмт хэрэг виртуалаар дамжин маш хүчтэй явдаг. Тийм учраас терроризмыг санхүүжүүлж байна уу, авлига татварын мөнгөө үүгээр дамжуулж байна уу гэдгийг зайлшгүй хянах ёстой. Ард иргэд хөрөнгө мөнгөө алдлаа гэхэд хэнээс оруулсан мөнгөө олж авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Богино хугацаанд ямар ч хяналтгүйгээр олон нийтээс хөрөнгө татах нь маш өндөр эрсдэлтэй. Дэлхий дээр 20 мянган койн гарсан ч өдийг хүртэл тогтвортой үлдсэн нь тун цөөн. Койн авах хүсэлтэй иргэд байгаа бол алдсан ч харамсахгүй хөрөнгөөр орохыг бид  зөвлөхөөс хэтрэхгүй юм.  

Энэ бүгд нь койн гэж хошуураад хамаг эд хөрөнгө, мөнгөө алдсан хүмүүсийн “арми” Монголд үүсэх вий гэсэн аюул ойрхон байгааг илтгэнэ.  Иймд койн гэдэг бол санхүүгийн гэмт хэргийн шинжтэй асуудал болон хувирч мэдэх аж. Тодруулбал хуурамч төсөл, койнууд гаргах эсвэл зохиомол үнийн хэлбэлзэл бий болгох замаар мэдлэг, мэдээлэлгүй иргэдийг их хэмжээгээр хохироох асуудал гарахыг хэн ч үгүйсгэхгүй байгаад бүх учир байна.  Иймд хэн нэгнийг өөрийн эд хөрөнгө, мөнгө төгрөгөө юунд хэрхэн зарцуулах ёстой гэдгийг зааж сургах гэсэнгүй. Хамгийн гол нь эрсдэлээ тооцож байж шийдвэр гаргаасай гэдгийг л өгүүлэхийг оролдов.

#МонголынМэдээСонин #СондгойӨнцөг

2021 оны арваннэгдүгээр сарын 09. Мягмар. №141 (5546)