Нэг гараараа сөнөөж, нөгөө гараараа ургуулах нь зөв үү

Улс төр

М.ДАВААДУЛАМ

Манай улсын хувьд өдөр бүр л ямар нэгэн дуулиан шуугиан гарч бүх нийтээрээ хоёр тал болон хэрэлдэж, уралцан, сайндаж, муудацгаах юм даа. Саяхан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцсон  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна” хэмээсэн нь бас нэг шуугиан дуулианы сэдэв болсон.

Ер нь модны төрлөөс хамаараад нэг га талбайд 2,500-3,500 ширхэг мод тарьдаг юм байна. Нэг тэрбум мод тарихад 290-400 мянган га буюу 29-40 мянган км хавтгай талбай шаардлагатай гэсэн үг. Манай газар нутгийн нийт  хэмжээ 1.5 сая км хавтгай дөрвөлжин гэхээр  тэрбум модны тухайд  асуудалгүйсанж, уг нь.  Хүний хүчээр  үрсэлгээг  хөрсөнд суулгах шиг амархан зүйл үгүй ч хамгийн чухал  нь  арчилж тордох явдал.  Үндэсний  хэмжээнд өрнөж буй Тэрбум мод тарих  хөдөлгөөнд ёстой л үндэстнээрээ хөдөлж байх шиг байна. 

Социалист уралдаан зарласан юм шиг л аймаг, сумаара, аж ахуйн нэгж байгууллагаараа хүрз, хувингаа бариад л мод тарьж болох бүхий л газарт оволзох болж. Амбиц хөөсөн нөхдүүд хүрзний иш, күртикээрээ ижилсэн сүрийг үзүүлэх нь барилцахаасаа таахалзана гэдэг шиг.   Ерөнхийлөгч мод тарих асуудлыг хөндсөн нь сайн хэрэг.   Үр нь үлддэг хорвоод нүгэлээ наминчилж, мод тарихад буруудах юун.  Гэвч нүглийн нүдийг гурилаар хуурна гээч болж байна. Нэг хэсэг нь мод тарина гэж давхиад л нөгөө нь байгаа жаахан нөөцөө  үндэстэй юутай хээтэй нь ухаж авчираад Улаанбаатарт булж орхих юм. Үндэс нь гэмтсэн, арчилгаа тордлого байхгүй  хөгшин мод ургах  бус унжийж ноолроод хог болж хувирна. Нөгөөтэйгүүр, бүүр нөгөө хэсэг нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг,   амьд хүчил төрөгч гэгдэг хушин ойг будаа болгож байна. Аймаг, сумын Засаг ноёдууд самар түүх зөвшөөрөл өгснөөс болж онгон байгаль самарчдын гарт сүйрэх болсон. Хаврын хаварт хөвч ойн гүнд  түймэр гарч онгон байгаль хэдэн зуун га талбайгаараа хуйхлагдах болсон.  Самарчид хуш модны самрыг түүхдээ том модны тайрдсанд хөл хийн түүгээрээ модны бөөрөнд яг нэг цэгт олон удаа хүчтэй цохиж доргиодог.  Үүнийгээ мунадах гэж нэрлэдэг юм байна. Ингэж нүдүүлсэн мод эргээд сэргэдэггүй гэх.

Ургаа модоо хайрлаж хамгаалж чадахгүй байж  таримал модоо арчилж ургуулна гэдэг юу л бол доо.  Ингэхэд  ууланд яваа хүмүүсийн дунд хэрэг төвөгт орох, янз бүрийн халдварт өвчин тараах, биеэ үнэлэх гэх мэт муу муухай зүйлүүд гарч байгаа нь нууц биш.  Журамдаа бол 30 хувийг нь түүж аваад 70 хувийг байгальд үлдээх ёстой. Хамгийн гол нь түүхдээ хуу хамаад, самар үлдээхгүй түүдэг. Энэ нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг ойлгохгүй байгаа нь даанч харамсалтай. Ном журмынх нь дагуу  зөвшөөрөл аваад байгаль эхийнхээ хишгийг хүртээд амьдралаа дээшлүүлээд яваа хүмүүсийг буруутгах аргагүй.  Төрд суугаа эрх мэдэлтнүүдийн хувьд нэг гараараа модоо хайрлая, хамгаалья, ургуулъя, үржүүлье  гэх боловч нөгөө гараараа ой модыг зүй бусаар ашиглаж байгаа  иргэд, аж ахуйн нэгжүүдэд самар түүх  зөвшөөрөл олгож байгааг юу гэж ойлгох вэ.  Эндээс харахад л төрийн ажлын уялдаа холбоо ямар байгаа нь  илт байна шүү дээ.

#МонголынМэдээСонин #Дугаарын60мөр

2021 оны аравдугаар сарын 15. Баасан. №130 (5535)