Элтон Жон Британийн чартын шилдэг аравт 60 жилийн турш орсон анхны хөгжимчин болов

Дэлхийн мэдээ

Их Британийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Сэр Элтон Жон /жинхэнэ нэр нь Режиналд Кеннет Дуайт/ нэгэн жарны турш дуу нь Их Британийн чартын шилдэг аравт шалгарч байсан анхны хөгжмийн зохиолч болжээ.

“Official Charts” компанийн мэдээлснээр, 74 настай Элтон Жоны Косово гаралтай Их Британийн дуучин Дуа Липатай хамтран дуулсан “Cold Heart” дуу ийн дээд амжилт тогтооход нэмэр болжээ. Энэ оны наймдугаар сарын 13-нд гаргасан эл сингл өдгөө Британийн чартын хоёрт бичигдэж байгаа бөгөөд чартыг тэргүүлж буй Эд Шираны “Shivers” дууг ардаа орхин, тэргүүлэх боломж их байна.

Ийнхүү Элтон Жон тавин жилийн турш Их Британийн шилдэг дуучны жагсаалтын эхний аравт бүтээл нь орж байсан Элвис Пресли, Шер, Клифф Ричард, Майкл Жексон болон Дэвид Боуи нарыг амжилтыг эвджээ.

Элтон Жоны бүтээлүүд нийт 33 удаа Их Британийн чартын шилдэг аравт шалгарч байжээ. Хамгийн анх түүний “Your Song” дуу 1971 онд шилдэг дууны жагсаалт долоод бичигдэж байсан бол үүнээс хойш 30 жилийн дараа буюу 2002 онд дөрөвт жагссан байна. Энэхүү үзүүлэлтээс харвал Элтон Жоны карьерын хамгийн амжилттай он жилүүд 1970-аад оны үед тохиожээ. Тухайн үед шилдэг арван дууны жагсаалтад өнөө хэр үе үе дуулагддаг “Rocket Man”, “Don’t Go Breaking My Heart”, “Are You Ready for Love” зэрэг түүний арван дуу орж байв.

Харин түүний долоон сингл Их Британийн чартыг тэргүүлж байсан удаатай. Хамгийн алдартай бүтээл нь 1997 онд Диана гүнж автомашины ослоор эмгэнэлтэйгээр амиа алдсаны дараа гаргаж байсан Candle In The Wind 1997 / Something About The Way You Look Tonight тооцогдож байна. Энэ цомог 4.94 сая хувь борлогдож, Их Британийн дууны салбарын түүхэн дэх хамгийн борлуулалттай сингл болжээ.