СУМ АЛДАЖ, 10 НАСТАЙ ХҮҮГИЙН АМИЙГ ХОХИРООСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Эрэн сурвалжлах

Архангай аймагт сум алдаж, 10 настай хүүхдийн амийг хохироосон байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр 22:55 цагийн орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэрт "10 настай эрэгтэй хүүхэд буудуулж нас барсан” гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газар очиж шалгахад амь хохирогч 10 настай хүүг түүний төрөл садангийн 38 настай эрэгтэй нь сум алдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Уг хэргийг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Галт зэвсгийн тухай хуулийн Гуравдугаар бүлэгт "Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, бүртгүүлэх, хадгалах, хязгаарлах" талаар заасан байдаг.

Хэрвээ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Харин хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр тус тус зохицуулжээ.