АН-ЫН БҮЛЭГ ГУРВАН ГИШҮҮНЭЭ ХАСАХАА МЭДЭГДСЭН БОЛ Ц.ТУВААН ТУС НАМЫН ГИШҮҮН ХЭВЭЭР БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Улс төр

Өнгөрөгч долоо  хоногт УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын бүлгийн дарга болох гэж байна гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс зарим гишүүнээ хасаж буйгаа мэдэгдлээ. Харин хасагдсан гэх гишүүн нь энэ асуудлыг фэйсбүүкээс мэдсэн бөгөөд намын гишүүн хэвээр байгаагаа хариу мэдэгдэв.

Талуудын байр суурийг хүргэе.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Ардчилсан намын зүгээс УИХ дахь АН-ын бүлэгт албан бичиг ирүүллээ. Уг албан бичигт УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл удаа дараа гарган, намын эсрэг ажилласан тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийтгэл ногдуулсан байна. Иймд цаашид Ц.Туваан болон бие даан нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарын гишүүд АН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж байна” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан энэ асуудалд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Би чуулганы хуралдаанд оролцож байгаад фэйсбүүкээс мэдээлэл авлаа. Гайхаад байж байна. Ер нь одоо хэддэх удаагаа ч хөөгдчихөв. Би энэ намдаа байгаа.

Бүлгийн даргыг өөрчлөх асуудал яригдаж эхэлмэгц ийм алхам хийж байна гэж харж байна. Намын бүлэг бүрдээд нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрөгч долоо хоногт болсон бүлгийн хурлаар УИХ дахь АН-ын намын бүлгийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын талаар хөндсөн. Гэвч нөхөн сонгуулийн дүн нэмэлт санал хураалтаар шийдэгдэх болсон тул энэ асуудлыг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулаад байсан юм.

Би АН-аас сонгогдсон гишүүн. Намдаа байгаа. Намаас хөөлөө гэдэг шийдвэрийг би 3-4 удаа сонсож байна” гэдэг хариулт өглөө.