ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОРЫН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Улс төр

      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Итали улсад 2021 оны 10 дугаар сарын 7-наас 9-ний өдөр ажиллалаа.

 

Төлөөлөгчид ажлын айлчлалынхаа хүрээнд ИМАГРО компанийн удирдлагатай уулзаж, Италийн арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн төв бүс нутаг болох Санта Крочед ажиллаж Италпрожетти компанийн удирдлагатай уулзав. Улмаар Милан хотноо үйл ажиллагаагаа эрхэлж буй Монгол Улсын Өргөмжит Консулын газрын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцсон юм.

Ажлын айлчлалын үеэр “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК, ИМАГРО компани хооронд Дарханы арьс ширний цогцолборын техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээнд гарын үсэг зурав. 

Монгол Улсын Засгийн газраас жилдээ 10 гаруй сая арьс, шир боловсруулах хүчин чадал бүхий цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийд тэргүүлэгч байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг Дарханы арьс ширний цогцолборт авч ашиглах талаар ярилцаж, хамтын ажиллагааг эхлүүлэв.