“Бөмбөлгөөр явуулах” буюу С зөвшөөрөл бол авлига цэцэглүүлсэн арга болжээ

Улс төр

Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг тойрсон авлигын пирамидын талаар “Авлигын том сэдэл болж байгаа нь нотлогдсон С зөвшөөрлийн ард авлигын сүлжээ цэцэглэж байдаг нь нууц биш буй за.

Авто тээврийн үндэсний төвөөс олгодог энэ зөвшөөрлийн эргэн тойронд өнгө зүсийг нь өөрчилж, нүүрээ далдалсан авлигын олон төрөл зүйлийг хэдийнэ дүрэм журам гэх зохицуулалтаараа бий болгосон байдаг.

АТҮТ авлигажсан байгуллага гэдгийг хэдэн жилийн  өмнөөс ярьж ирсэн. Байсхийж байгаад тус төвийн дарга нар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригддаг, зураг бичлэгтэйгээ зурайтал гардаг боловч тэгсхийж байгаад замхардаг. Хэн ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Сайндаа авлигынхаа мөнгөний зарим хэсгээр торгуулаад нийтийн албанд ажиллах эрхээ хэсэгхэн хугацаагаар хасуулаад өнгөрдөг байх.

Өмнөх дарга нар нь  авлига авсан ч иймэрхүү маягаар ивээгдээд өнгөрдөг болохоор дараагийнх нь  ирээд амьдрал ахуйгаа  авлигаар дээшлүүлэх бэлээхэн боломжоос татгалзана гэдэг худлаа. Тэгэхээр АТҮТ-ийн дарга нарыг солиод ч, хурал ном хуруулаад ч авлига арилахгүй байх ийм бэлэн өгөгдөл тэнд байгаа гэсэн үг.

Цар тахлын нөхцөл байдлыг далимдуулан авлигын сүлжээгээ тэлсэн нэг хэлбэр нь тээврийн машинуудыг “бөмбөлгөөр явуулах” журам юм байна.   Өнгөрөгч наймдугаар сараас нүүрс тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа энэ “Бөмбөлөг тээвэр”  хийх саналыг анхлан гаргагч нь Хятадын тал. Цар тахлын халдвар хамгаалалттай холбоотойгоор гарсан журам юм. Товчхондоо  жолооч нарыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, тусгаарлалтад байлгаж вакуумжуулан нэг бөмбөлөгт хамруулан ажил үйлчилгээгээ явуулах зорилго бүхий зохион байгуулалтын нэг хэлбэр юм байна.  

 Бөмбөлөг тээвэр хэрэгжээд удаагүй, ердөө хоёр  сарын л хугацаа өнгөрч байна. Гайхалтай нь  харин түүнийг тойрсон мөнгөний сүлжээг хэдийнэ бий болгож амжижээ. Муу юмандаа үнэхээр шуурхай аж.

Нэгэнт бөмбөлөг олон байгаа учир тэр хэрээр хил нэвтрэх урт дараалал үүсч таарна. Нөгөө талаасаа ээлжээ хүлээж хэд хоногоор дэл сул байх болно. Гэвч энэ асуудлыг мөнгөөр хялбархан шийдчихэж болно. Нүүрс тээвэрт хяналт тавьж буй төрийн албан хаагчдад компанийн эзэд мөнгө атгуулаад л өөрийн  бөмбөлгөө бусад компанийн бөмбөлгийн урдуур оруулдаг, дараалал дайрдаг,  жолооч нараа нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлөг рүү шилжүүлэн богино хугацаанд нүүрсний олон тээвэр хийдэг болсон гэнэ. Үүний улмаас нүүрс тээврийн  жолооч нарын дунд тэгш бус байдал үүсчээ. Жишээ нь, дээр өгүүлсэн Дорж  овсгоотой мөнгөтэй захирлынхаа буянаар нэг сард 5-6 удаа тээвэр хийчихсэн байхад өөр нэг жолооч Бат ганц ч удаа тээвэр хийж чадаагүй байх жишээтэй.

Ингэж бөмбөлгөө дарааллын урдуур оруулах,  жолоочоо нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлгийн хооронд сэлгэж явуулах ханш 20.000 юаньд хүрчихээд байгаа гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна.  Хэрэв үүнийг төгрөгт шилжүүлбэл 9,0 сая орчим болно.  Ийм маягаар Гашуунсухайт боомтод авлига цэцэглэж, нүүрс тээвэрт зөвхөн мөнгөөр ярьдаг, мөнгөөр шийдэгддэг, мөнгөөр ажил явдаг  ийм л жишиг тогтчихоод байгаа юм.

#МонголынМэдээСонин #Дугаарын60мөр

2021 оны аравдугаар сарын 14. Пүрэв. №129 (5534)