Д.Амгалан: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжээд хөгждөг байсан бол хөгжих хугацаа хангалттай байлаа

Улс төр

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард улсын хэмжээнд ыөмнөх оны мөн үеийнхээс 8.9, өмнөх оны эцсийнхээс 8.9, өмнөх сарынхаас 0.4 хувиар нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв болон цаг үе, өнөөгийн эдийн засгийн асуудлаар эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.

 

-Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ. Эрх баригчдын зүгээс бол тайвшруулах тариа гэг­чээр байдлыг их л эергээр ярьж, хэлж байна?

-Манай улсын эдийн засаг сүүлийн 10 жил 10-12 тэрбум ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй буюу энэ хэмжээний эргэлттэй явж байгаа. Импортын 60 гаруй хувийг урд хөршөөсөө оруулж ирдэг. Өнгөрсөн жилийн хувьд эдийн засгийн нэлээд амаргүй үеийг давсан. Урьд өмнө байгаагүй үзэгдэл сүүлийн 11 жилд гарсан өөрчлөлт бол ДНБ-ний агшилт. Мөн эдийн засаг 5.3 хувиар агшсан. Энэ байдал нь эдийн засагт хүндээр туссан. Өнгөрсөн жил цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон нь эдийн засагт хүнд нөхцөл бүрдүүллээ. Хөл хориотой зэрэгцэн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа зогссон учраас эдийн засгийн агшилтад нөлөөлсөн. Энэ оны хувьд өнгөрсөн онтой харьцуулахад 4.5 хувийн өсөлттэй байхаар төсөөлж байгаа.

-Саяхан үүссэн шатахууны хомсдолыг санаатай зохион байгуулж, зориуд шатахууны үнэ өсгөх гэж байна гэсэн хандлага, хардлага үүсээд байна.   Гэхдээ саяын шатахууны хомсдолоос нэлээд хохирол амсах шиг боллоо. Алдагдал  хохирлоо нөхөх ч гэдэг юм уу гадаад зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнээс шалтгаалаад шатахууны гэх суурь үнэ өсвөл иргэдийн амьдрал улам хүндэрнэ дээ?

-Бидний цаашдаа зайлшгүй анхаарах асуудал бол суурь үнийн асуудал. Хэдийгээр шатахуун, эрчим хүчний үнэ суурь үнэд орж байгаа ч гэсэн Засгийн газраас дулаан, эрчим хүчний төлбөрийг 100 хувь хариуцсан. Гэтэл нөгөө талаас дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөж байгаа нь бидэнд шууд нөлөөлж байгаа юм. Үүнийг бид өөрсдөөсөө хамааралгүй гээд орхиж болохгүй. Үүний өсөлт бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг. Инфляцийг өдөөдөг хүчин зүйл учраас Засгийн газраас арга хэмжээ авах хэрэгтэй байдаг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нефть 77,3 ам.доллар байгаа нь жилийн өсөлтөөрөө 45 хувь байгаа юм. Шатахууны үнэ ковидын үед 18-19 ам.доллар болсон. Үүнээс хойш өссөөр өнөөдрийн 77,3 ам.долларын түвшинд хүрснийг харахад манайд ч мөн адил өсөх нь ойлгомжтой. Бид хэдийгээр Сингапурын биржийн ханшаар ОХУ-аас шатахуун авч байгаа ч өөрсдийнхөө зүгээс тодорхой арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай нь сая харагдлаа. Бид ОХУ-ын нефтийн үйлдвэрээс 100 орчим хувийн хамааралтай байна. Энэ үйлдвэр засварт ороход л манай зах зээлд шатахууны хомстол үүсэж үүнийгээ дагаад бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болсон. Тиймээс аль болох шатахууныхаа эх үүсвэрийг олон газраас авах шаардлагатай. Хоёрдугаарт, нөөцлөх хэрэгтэй нь харагдлаа. Мөн бид дундын дансанд мөнгөө байршуулаад үнээ хатуу тогтоож гэрээ хийх шаардлага ч харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нөөцөө мөнгө хэлбэрээр байршуулах боломжтой. Энэ мэт арга хэмжээг авахгүй бол шатахуунаас үүдэлтэй инфляцид идэгдэж байна.

-Импортоос үүдэлтэй инфляцийн өсөлт зөвхөн шатахуунаар дуусахгүй байх. Тийм үү?

-Дээр дурдсан хүчин зүйлс инфляцийг өдөөж байгаа хамгийн том хүчин зүйл. Түүний араас орж буй асуудал нь импортын бараа бүтээгдэхүүний асуудал. Импортын бараа бүтээгдэхүүний хомстлоос үүдэлтэйгээр инфляци өсөж байна. Бид бараагаа татаж авч чадахгүй байгаагаас болж тээврийн үнэ 10 дахин өссөн. Нэг машиныг 3-4 сая төгрөгөөр оруулдаг байсан бол өнөөдөр 30 гаруй сая төгрөгөөр оруулж байна. Энэ болгон бараа, бүтээгдэхүүний үнэд шингэж байгаа. Мөн бараа бүтээгдэхүүн түгжигдэж, хомстсон учраас энэ нь үнэ нэмэгдэх шалтгаан болж байна.

Тэр тусмаа барилгын материалын эд сезоны үеэр барилгын материалаа татаж авч чадаагүй учраас барилгын материал хомстож, барилгын салбарын үйл ажиллагаанд гацалт үүсэж, үнэ өссөн. Мөн өвлийн хөл хорионы үеэр хил дээр ачаалал үүсэж бараа бүтээгдэхүүний түгжрэл үүссэнтэй холбоотой өндөг, нарийн ногооны үнэ өссөн. Энэ үнэ эргээд буухгүй. Энэ мэт ковидтой холбоотой инфляци өсөх хэд хэдэн шалтгаан бий.

-Эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй бас нэг зүйл бол гадаад өр. Та эдийн засагч хүний хувьд энэ их өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой гэж хардаг вэ

-Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 32.4 тэрбум ам.доллар байна. Өнгөрсөн жил 29.7 тэрбум байсан. Өрийн хэмжээ жилээс жилд өсөөд байгаа нь тэр хэрээрээ валютын урсгал гадагшилна гэсэн үг. Бидэнд хуримтлал үүсгэн эдийн засаг өөрөө өөрийгөө авч явах боломж улам хаагдаж байгаа юм. Олсон бага хэмжээний хуримтлалаа гадаад өрөнд зарцуулсаар эдийн засаг хөгжихгүй байгаа юм. Бид өрийг зээлээр хаадаг. Бондыг бондоор төлдөг. Ингэж явсаар байгаа учраас энэ өрийн хэмжээ ихсээд байгаа юм. Төгрөгийн ханш тааруу байгаа энэ үед төгрөгөөр орлого олж байгаа хэрнээ эргээд төлөхдөө валютаар төлж байгаа нь бид эргээд л инфляцид идэгдэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл бидний цалин, орлого өдөр ирэх тусам үнэ цэнээ алдаад байгаа юм. Үүнийг шийдвэрлэх нэг боломж нь ажлын байрыг бий болгох. Өөрийнхөө дотоод санхүүжилтээр эдийн засгаа авч яв аг улс болохын тулд бид бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Орлгого олдог ажил хийх хэрэгтэй.

-Иргэд ажил хийх хэрэгтэй гэлээ. Үүнтэй уялдуулан халамжийн бодлогын талаар Та ямар санал, бодолтой явдаг вэ?

-Нийт төсвийн 10 төгрөг тутмын нэгийг халамжид зарцуулж болохгүй. Нийт хүн амын 80 хувь нь ямар нэгэн байдлаар халамж авч байна. Ингэснээрээ бид тодорхой хэмжээгээр халамжаас хараат болж байгаа юм. Халамжаас хараат байгаа учраас өнөөдөр тулгамдаад байгаа 32.4 тэрбум ам.долларын гадаад өр болон бусад эдийн засгийн асуудлуудаас бид өөрсдийгөө хамгаалж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна. Байдал улам л хүндрэх төлөвт орж байна. Иймээс 2022 оны төсөв аль болох халамжаас татгалзаж, бүтээн байгуулалтад чиглэгдсэн байх хэрэгтэй. Төсвөөс байнга халамж өгөөд байх боломж байхгүй. Татвар төлөгчид ашигтай ажиллаж байж татвараар бүрдсэн орлогыг тэнд зарцуулж байгаа шүү дээ. Тиймээс анхдагч харилцаа буюу ААН, орлого олдог хэсгийнхээ үйл ажиллагааг дэмжихгүй бол орлогын эх үүсвэр байхгүй болно. Бид төсвөө халамжид биш үйлдвэрлэл, экспортод зарцуулбал эдийн засгийн зөв хөгжил эхэлнэ. Бид жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжье гээд өчнөөн жил боллоо. Өнөөдөр халамжийн бодлогыг түлхүү барьснаас болж дундаж давхарга бараг үгүй боллоо. Улс орон дундаж давхаргыг олшруулж байж хөгжил ирдэг. Дундаж давхарга бий болсноор хуримтлал үүсдэг. Ингэснээрээ эдийн засгаа тэлдэг. Халамжийн бодлогоос үүдэн Монголд ажил хийх хүн олдохгүй байна. Дундаж давхаргаас доош амьдралтай хүмүүс халамжаар өнөө маргаашаа аргацааж амьдарч байна. Хүмүүс ажил хийх эрмэлзэлгүй болчихсон байна. Суурь эдийн засгаа бүрдүүлээгүй цагт мянга макро эдийн засаг, мөнгөний бодлого ярих боломжгүй болж байгаа юм. Дэлхийд дунджаас доогуур орлоготой 49 орны тоонд манай улс орж байна. Нийт хүн амын 70 гаруй хувь дундаж давхаргаас доош орлоготой байна. Өөрөөр хэлбэл, 500 мянган төгрөг хүртэлх орлоготой хүмүүс 30.2 хувийг, 500-900 мянган төгрөгийн орлоготой хүмүүс 40.8 хувийг эзэлж байна. Манай улсын дундаж сарын цалингийн хэмжээ 1.3 сая. Дундаж давхаргын орлоготой хүмүүс ердөө 24 хувийг эзэлж байгаа юм. Энэ дүр зургаас баялаг бүтээх ирээдүй харагдахгүй байгаа юм.

Бид жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжээд хөгждөг байсан бол хөгжих хугацаа хангалттай байсан. Зах зээлийн онцлогоос шалтгаалан энэ нь манайд боломжгүй болох нь харагдаж байна. Импортоос хэтэрхий хамааралтай учраас дотоодод үйлдвэрлэл явуулахад импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний үнэд цохигдоод боломж хомс болж байгаа юм. Бидэнд байгаа гарц нь томоохон баялаг бүтээгч нараа дэмжих шаардлагатай байгаа юм. Тэднийгээ түшээд ирэхээр энэ том байгууллагууд дундаж давхаргаа бий болгоно. Том үйлдвэрүүдээ дагаад ЖДҮ-үүд зах зээлийнхээ жамаар аяндаа бий болно. Дундаж давхарга бий болсноор тухайн айл өрх анхан шатны хэ­рэг­цээ­ний­хээ асуудлыг ший­дээд цаанаа тодорхой хэм­жээ­ний ху­римтлалтай болно. Хуримт­лал­тай болсон айл өрх, ААН, улс орон томрох боломж бүрддэг.

-Тэгэхээр аль салбараа илүү түшиглэх шаардлагатай гэж, Таны бодлоор?

-Бид өөрсдийнхөө хэрэг­цээ­тэй зүйлсээ эрэмбэлэх хэ­рэгтэй. Орлого олж чадах нөөц бололцоогоо тооцоолох ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөхөд дагаад өсдөг, буурахаар нь дагаад эдийн засаг унадаг байж болохгүй. БНХАУ-тай таарамжгүй харилцаа үүсгээд урд хилээ хэд хоног хаахад л бид хүнд байдалд орно. Австрали БНХАУ-тай харилцаа таарамжгүй боллоо. Энэ бол бидний боломж гэж бид зүгээр л яриад суусан. Энэ зах зээлийг бид эзлэх ёстой байтал ОХУ хэдийн манайхаас илүү нийлүүлэгч болоод ороод ирсэн. Уул уурхайн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгох, ядаж хагас боловсруулаад гаргах хэрэгтэй. Ингэж байж валютын эргэлт гадагшаа биш дотогшоо урсгалтай болно.

Үүний дараагаар бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүндээ ан­хаа­рал хандуулах хэрэгтэй. Мах, сүү, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах хэрэгтэй. Ядаж махаа дулааны аргаар боловсруулаад гаргах хэрэгтэй.

-Дотоодын эдийн засаг тааруу байгаа энэ үед гадны орныг зорих залуус олширч байна. Энэ талаар та эдийн засагч хүний хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Энэ бол манай төр засгийн буруу. Залуусаа дэмжих бодлого алга. Өнөөдөр Монгол залуус эх орондоо амьдрах ганц боломжоо нам дагах гэж хардаг болсон. Нэг нам дагаад нэг нөхрийн цүнхийг барьж явдаг. Сонгуульд нь оролцдог. Ингэж байж амьдрал нь баталгааждаг. Залуу хүн өөрийнхөө оюун ухаанд бус хэн нэгнээс хараат болоод байгаа юм. Манай улс хоёр хөршөөсөө хараат байдагтай яг адил намаас хараат байна. Төрийн тогтолцоо нь өөрөө тийм байгаа юм. Манай улс гадаад худалдааны хуульгүй орон. Энэ бол хамгийн аюултай зүйл. Дэлхийд гадаад худалдааны хуульгүй 10 гаруйхан орон байдаг. Тэдний нэг нь бид. Үеийн үед гадаад худалдааны хуулийн төсөл ороод УИХ-д ирээд уначихдаг. Эх орондоо эдийн засгийн асуудалгүй амьдрах ганц гаргалгаа бий. Энэ жижиг зах зээлийг харах шаардлагагүй. Бүх зүйл онлайн болсон учраас дэлхийн хэмжээнд ажил хийх хэрэгтэй. Ялангуяа хөрөнгийн зах зээл дээр ажиллах боломж байна. Хувьцааны индекс, өсөлт бууралтыг хараад ойлгодог байх хэрэгтэй. Тэндээс амьдралаа залгуулдаг байх хэрэгтэй. Манайх шиг жижиг зах зээлтэй оронд хүн бүр бизнес хийх гэж оролдоод байх нь маш их эрсдэлтэй. Хэн нэгэн залуу бизнес эрхлэх гээд л гараад ирэхэд гадны том импортлогчид цохигдоод дампуурдаг. Эрсдэлтэй бизнес хийж унаж байснаас ашигтай менежментэд хөрөнгө оруулалт хийх боломж бий.

-Хэрэглээний хүнс, бараа­ны үнийн өсөлтөд ямар нэгэн хуулийн зохицуулалт байх шаардлагатай. Одоо бол манайд ямар ч зохицуулалт байхгүй учраас дур дураараа л нэмж байна шүү дээ.

-Худалдааны хууль байхгүй учраас энэ асуудал үүсээд байгаа юм. 1990 оноос өмнө монополийн эсрэг хууль манайд байсан юм. Зах зээлд шилжихдээ шударга өрсөлдөөн гэж яриад энэ хуулиа үгүй хийчихсэн. Худалдааны хуулийг зохицуулах газар нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. Бид найман нэрийн бараа гэж ярьдаг. Үүн дээр нэмээд шатахууныг оруулан энэ есөн төрлийн бараанд төрөөс зайлшгүй стратегийн бодлого гаргах ёстой. Үгүй бол хэн нэгэн гаднаас орж ирээд том зах зээлийг эзлээд үнээр цохиж нөгөө газраа унагаад ганцаараа монополь болоод үлддэг. Ганцаараа болсон үедээ дуртай үнээ тавьдаг. Ченжүүд яг энэ системээр ажиллаж байна. Хэсэг цөөн нөхөд хуваагаад авчихдаг. Тэд нар энд ирээд хүссэн үнээрээ зардаг. Гэтэл жирийн нэгэн малчин ирээд махаа зарах гэтэл маш хүндрэлтэй. Эрүүл ахуйгаас эхлээд элдэв хангайн юм яриад байдаг. Гэтэл нөгөө ченж нар түүнээс дор нөхцөлд чөлөөтэй зараад болоод байдаг. Эрх зүйн орчин байхгүй учраас ийм зүйл болоод байгаа юм. Ерөн­хий­лөгч У.Хүрэлсүх Ерөн­хий сайд байхдаа “Зах зээ­лийн эдийн засаг гэж байх­гүй, төрийн зохицуулалт байх хэрэгтэй” гэж ярьсан. Ярьж байгаа хэлбэр нь буруу бай­сан. Үүнийг хуулиар л зохи­цуу­лах шаардлагатай. Төрийн зүгээс иргэдийн ам­жир­гаанд нөлөөлөх тэр хэсэгт заавал зохицуулалт хийх ёстой. Хуульгүйгээр зохицуулна гэвэл субъектив асуудал болчихно.

 

-Ярилцсанд баярлалаа.

#МонголынМэдээСонин #Дэлхий

2021 оны аравдугаар сарын 14. Пүрэв. №129 (5534)