ЖИЛИЙН ӨМНӨ БЯСАЛГАЛЫН ТӨВӨӨС СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙН ЦОГЦОС ОЛДЛОО

Эрэн сурвалжлах

Одоогоос жил гаруйн өмнө буюу өнгөрөгч 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр Налайх дүүрэг байрлах “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс 25 настай эмэгтэй О сураггүй алга болсон тухай мэдээллийг өмнө нь хүргэж байсан.

Дээрх эмэгтэйг онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагаас хоёр сар гаруйн хугацаанд эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр ажиллагааг зогсоосон байдаг.

Тэгвэл өнгөрсөн шөнө дээрх эмэгтэйн цогцос Налайх дүүргээс олдсон байна.

Тодруулбал, “Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Ээлтэй гэх газарт цогцос байж болзошгүй байна” гэх дуудлага дүүргийн цагдаагийн газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу албаныхан хэргийн газарт очиход жилийн өмнө сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж байсан 25 настай О-ийн цогцос болох нь тогтоогдсон байна.

Одоогоор  цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлж, үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ба талийгаач нас бараад удсан гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.